Саяхан интернэтээр мэдээлэл хайж байтал «Нохой жилтэй, арслангийн ордныхон хоосон явдаггүй» гэсэн гарчигтай нэгэн ярилцлага нүдэнд туссан юм. Уншаад үзсэн чинь эр хүний хобби, цуглуулга, ан гөрөө гээд их сонирхолтой яриа байв. Энэхүү сонирхолтой ярилцлагын эзэн нь 10 мянган ам.доллараар буу худалдаж авахдаа хэзээ ч харамсахгүй, анд хорхойтой нэгэн ажээ. Тэр хүн буу, хутганы нэлээд арвин цуглуулгатай, бас ч үгүй шаггүй анчин гэнэ.

Бид түүнийг уншигчидтайгаа уулзуулахаар зорилоо. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир гэдгийг уншигчид гадарласан биз ээ. Булган аймгийнхныг төрд төлөөлөн суугаа залуухан түшээг бид «Өглөөний хүн»-ээр онцолж байгаадаа таатай байна. УИХ-ын чуулганы танхимд хууль батлалцаж, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг түүнд сонгогчид нь ам сайтай байдаг юм билээ. Өдөр бүр шахуу телевизээр гардаг, тойрог-тоо байнга ажилладаг түүнийг энэ удаа бид хувь хүн талаас нь танилцуулахыг хүссэн юм. Энэбишийн Мөнх-Очир 1970 оны наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1988 онд, Турк улсын Анкара хотын их сургуулийн Турк хэл судлалын төвийг 1993 онд, Зах зээл судлалын хүрээлэнг 1998 онд, «Санко» менежментийн коллежийг 1999 онд тус тус төгссөн. Орос, турк хэлтэй нэлээд боловсролтой улстөрч.
«Би ямар ч авьяасгүй хэрнээ урлагт хайртай хүн» хэмээн нэгэнтээ ярьсан тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа УДЭТ-т нэг лоож бүтэн жилээр нь гэрээ хийж авчхаад хүмүүсээ урьдаг байсан гэсэн шүү. Зөвхөн урлаг биш спортод ч гэсэн элэгтэй гэдгээ бидэнд Э.Мөнх-Очир гишүүн хуучилж амжсан. Гэхдээ тэрбээр «Өдий 40 насанд спортоор хичээллэх ч юу байх вэ, дэмжих л юм» хэмээж байв. Э.Мөнх-0чир ажилласан газар,салбар бүртээ шинийг заавал сэдэж, шинэ соргог зүйлд мэдрэмжтэй ханддаг. Хийж бүтээсэн ажлаа бодит үр дүнгээр заавал баталгаажуулдаг зантай. Энэ ч үүднээс түүнийг сонгосон сонгогчид, Булган нутгийнхан нь төрийн залуу түшээгээс ихийг хүлээж суугаа биз ээ. Тэрбээр Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний Олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, «Спорт бүхний төлөө» комиссын даргын сонгуульт ажилтай. Долдугаар ангиасаа урт бууны төрлөөр хичээллэсэн, буудлагын спорт сонирхдог.
Э.Мөнх-Очирын хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, «Алтан гадас» одон, Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль, МАСЗХ-ны «Алтан од» медаль, МАХН-ын Хүндэт тэмдгээр шагнажээ. Мөн Сангийн яам, Эрүүл мэндийн болон НХХЯ-ны Тэргүүний ажилтан, Боловсрол шинжлэх ухааны газрын Хүндэт тэмдэг, Үндэсний Олимпийн хорооны «Алтан Од» одонтой. Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Туул, Сэлбэ голын орчныг сэргээх, улстөрийг цэвэр болгох мөрөөдөлтэй гэнэ лээ.
Эх сурвалж:Өглөөний сонин
П.Буян-Эрдэнэ
| Эсгий гэрийн эсрэг уриалга | Эх оронч төрийн түшээ-2011 |
|---|



