УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй ярилцлаа
УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдааны дараа ярилцлаа.
-Хоёр намын бүлэг сая хуралдаж, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ. Ер нь нэгдсэн шийдэлд хүрч чадсан уу ?
- Үндсэн зарчим болох 28:48 гэдэг холимог систем гэдгээрээ л явж байна. Сонгуулийн хууль нь эцсийн эцэст нэг л хувилбар байна. Өөрөөр хэлбэл, аль ч намд ижилхэн нэг л дүрэм үйлчилнэ гэсэн үг. Тийм учраас би үүнийг нэг их айхтар Сонгуулийн хууль эцсийн дунд тэр намд илүү, дутуу гэж ярих нь юу л бол гэсэн ойлголттой л байна.-Холимог тогтолцоон дотроо хэрхэн шилжих талаар МАН-аас ямар шийд гаргасан бэ?
-Шилжих нь шилжье гэдгийг олонхиороо бүлэг дээр угаасаа дэмжиж байсан. Гэхдээ манай намаас босгыг нь арай хатуу байлгая гэдэг байр суурьтай байсан. АН-ынхан босгыг арай багасгаж 30 хувь болгох саналтай байгаа юм байна. Түүнийг нь манай нам "болохгүй ч зүйл байхгүй л юм байна" гэж ярилцлаа.-УИХ-аас Сонгуулийн хуулиа шинэчлэхээр ажиллаж байна. Гэхдээ энэ шинэчлэл нь Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах магадлалтай гэх юм?
-Энэ УИХ цуглаад эхлэн ярьсан зүйл нь Сонгуулийн хууль. Тухайн үед Сонгуулийн хуулиас үүдэн будлиан гарсан учраас хуулиа даруйхан авч үзье. Гэхдээ нам биш хүнийг илүү харж сонгох нь зүйтэй юм байна гэдэг шүүмжлэл АН-аас л үндсэндээ үүдэлтэй шүү дээ. Энэ яриа явсаар хоёр нам холимог байх нь зүйтэй гэдэг дээр ямар ч байсан санал нэгдсэн. Дан мажоритар байна гэдэг нь орчин үеийн дэлхий нийтийн ардчилсан үйл явц, сонгуулийн процессын үндсэн чиглэлээс арай хоцроод байна гэж үзсэн.Ер нь дэлхийн улс гүрнүүд пропорциональ тал руугаа яваад байна.
Зарим нь бүр 100 хувь пропорциональ болсон байна. Үүн шиг АН-ынхан болохоор бүрэн пропорциональ болсон ч болохгүй зүйл байхгүй гэж байсан. Манай намын зүгээс улс орны хөгжил гэдэг дөрвөн жил болоод бүхэлдээ шинэчлэгдэж чадахгүй, нийгэм гэдэг бол тийм амар эд биш. Тиймээс аажуухан хөдөлье. Эхлээд холимог систем гэдэг дээр тогтъё гэж тохирсон зарчим. Тэр зарчмаараа л явж байна.-Үндсэн хуулийг зөрчиж байгаа тухайд?
-Дээр хэлсэн зарчим нь Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хоёр нам тухайн үед яриад зөрчихгүй гэж үзсэн, Нэгэнт дэлхий нийтийн чиг хандлагад нийцэж байгаа учраас зөрчихгүй гэсэн ойлголтыг авсан байсан. Түүгээрээ л явж байна. Тухайн үед олон нийт, иргэний хөдөлгөөнүүд ч дэмжиж байсан.Харин 2008 оны сонгуулийн дараа.
л асуудлыг яагаад нэг мөр шийдчихсэнгүй, хойшлуулчихав гэдэг асуудал байсан юм. Тэр яриагаа л өнөөгийн УИХ бүрэн эрхийн хугацаандаа нэг тийш нь шийдчихье гэсэн үүднээс л явж байна. Сонгуулийн хууль энэ байдлаараа шийдэгдээд Цэц дээр очоод ямар нэг маргаан гарвал Цэц өөрийн байр сууриа түрүүчийн ярьсан зүйлийг иш үндэс болгож ямар нэг шийдэл хэлэх л байх. Гэхдээ үүнийг хэрхэхийг мэдэхгүй байна.-Тэгэхээр та Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэдэгтэй санал нэг байгаа юм байна?
-Уг нь миний ойлгож байгаагаар дэлхий нийтээрээ нэг тийш алхаж байгаа. Түүн рүү ойртох нь зүйтэй юм болов уу гэж үзэж байгаа, Үндсэн хуулиа зөрчих юм болов уу гэж ярихынхаа оронд Үндсэн хуультайгаа хамтатган зөв тийш нь шийдэж болдоггүй юм болов уу гэсэн миний хувийн бодол байна.-Энэ удаагийн Сонгуулийн хуулийн тогтолцооноос гадна нэлээд олон зүйл шинэчлэгдэж байгаа юм билээ...
-Ер нь гадны томоохон орны хуулиуд их нарийн байдаг юм билээ. Олон зуун жил ардчиллын замаар явж ирсэн орнуудын хууль бага багаар нэмэгдээд, нарийсаад цаашилбал код гэсэн хэлбэрт ордог. Манайх шиг ийм ерөнхий хууль нь тухайн орны ардчилсан шатны эхний үед л байдаг. Тийм учраас Сонгуулийн тухай хууль ингэж нарийсч байгаа нь сайн гэж бодож байгаа. Сайн дотроо миний харж байгаагаар бол сонгуулийн үеийн сурталчилгааны дүрэм, горим их хатуу болсон.Хэвлэл мэдээллийг өмнөх шигээ өргөн ашиглах боломж багатай.
Энэ талаасаа бол би сайн хууль хийж байгаа гэж үзэж байна. Ер нь аль аль сонгуульд оролцож байгаа төрийн захиргааны байгууллагуудын эрх, үүргийг улам нарийн болгож байгаа. Түүнчлэн сонгуульд оролцож байгаа хүмүүст тавьж буй шаардлага нь илүү дэлгэрэнгүй болсон гэх мэтчилэн. Тэгэхээр бидний сонгуулийн хуулиа шинэчилж байгаа өнөөдрийн чиг хандлага нь ерөнхийдөө зөв юм байна гэж бодож байна.-Олон нийтэд мэдээлэгдээгүй өөр шинэчлэгдсэн зүйл, заалт бий юу?
-Угаасаа мэдэгдэж байгаа, гэхдээ ерөнхий байдлаар бичигдсэн эрх үүргүүдийг тодруулсан заалтууд нэлээд олон бий. Процедурыг нь нарийн болгосон. Мөн хариуцлагыг нарийвчилсан. Энэ дүрэм журам, үйл явцыг зөрчих юм бол сонгогдогч байна уу, сонгогч байна уу эсвэл хэсгийн хорооны, төрийн байгууллагын гишүүн байна уу огт хамаагүй хариуцлага, торгууль хүлээнэ гэдгийг илүү тодотгож байгаа.-Сонгуулийн хуулийг анхнаасаа эрх баригч намууд өөрсдөдөө ашигтай байдлаар шийдэх гэсээр хугацаа алдсан. Тэгвэл нэлээд "шүүсийг нь шахсан" гэгдэж байгаа өнөөдрийн төсөл МАН-д хэр ашигтай болсон бол?
-Нам, намуудын эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэж хоёр огт өөр зүйл яриад байгаа гэж би огт бодохгүй байна. Магадгүй зарим нэг хүн дотроо энэ зүйл заалт надад хэр нийцэх бол гэж боддог л байх. Гэхдээ цаашид энэ хууль нийтийн дүрэм болоод л явчихна. Тэгэхээр хэн гуай нь ч бай тэр нийтийн дүрмээр л явна. Намуудын нийгэмд эзэлж байгаа байр суурь, нийгэм дэх намын талаарх ойлголт байнга өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр бидний өнөөдрийн цаг үеэ бодож хийсэн хууль нь тухайн үедээ аль нэг талынх мэт харагдах боловч жилийн дараа зүгээр л нийтлэг журам болоод л явчихна. Өнөөдөр баталж байгаа хуулиа тэрэнд ашигтай юм байна гэж харж байгаа нь өнөөдрийн л хэрэг. Тэр хууль гараад өөрийнхөө жамаар л явна. Аяндаа нийгэмд нийцээд ирэхээр бүгдэд нь нэг л шаардлага, хэмжүүр тавьсан тоглоомын дүрэм болно шүү дээ.-Холимог тогтолцоо дотроо шилжилт хийнэ гэж ярьж байгаа нь намын лидерүүдэд илүү ашигтай юм биш үү?
-Угаасаа олон удаа сонгогдсон хүмүүст ээлтэй хууль болох нь гэж яриад байгаа. Гэхдээ үүнийг буруутгаад байх бас хэцүү. Тухайлбал манай намд 4-5 удаа сонгогдсон хүн байна. Тэр хүнийг аль ч талаас нь харсан анхны удаа сонгогдож байгаа гишүүний дэргэд туршлага, мэдлэг, арга барил талаасаа хамаагүй илүү байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн парламент, УИХ-ын гишүүн гэдэг талаасаа явж байгаа хэлбэр л юм даа. Түүнээс бус дандаа шинэ хүн гарч ирээд байх нь тухайлбал, хэвлэл мэдээллийн талынханд сонирхолтой мэт харагдах боловч улс орны бодит хөгжилд тийм ч ач холбогдолтой биш.-Та ирэх сонгуульд Дундговь аймгаасаа нэр дэвших үү?
-Сонгуулийн зарчим ямар ч байсан өөрчлөгдөх нь. Манай нам чинь их дэгтэй. Тэгэхээр гишүүдээ хэнийг, хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээ намын Удирдах зөвлөл, бүгд хурал дотроо шийдвэрлэнэ. Түүгээр л болно доо.-Гэхдээ танай намын гишүүд аль хэдийнэ тойргоо хуваагаад сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихсэн юм биш үү?
-Нам шийднэ шүү дээ. Түүнээс бус би өнөөдөр тэндээс гарах ёстой гээд намтайгаа зөвшилцөхгүйгээр нэг газар очоод үйл ажиллагаа явуулаад байж болохгүй л дээ. Угаасаа шинэ хуульд ч нийцэхгүй. Тийм боломж ч байхгүй.-Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаан дахь сүүлчийн төсвөө баталлаа. Энэ төсөв ер нь хэр бодит төсөв болсон бэ?
-Сүүлийн хоёр гурван жил манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрс, зэсийн баяжмал бусад уул уурхайн бүтээгдэхүүний өртөг өндөр байгаа. Энэ үнэ дандаа ийм байхгүй. Гэхдээ ийм өндөр байх үед манайх шиг улс бол өнөө маргаашгүй тулчихсан асуудлаа шийдэх, дунд хугацааны хөгжлийн асуудлаа шийдэх гэсэн хоёр зүйл байгаа юм. Нийгэм бол өнөөдрөө анхаарах уу, эсвэл маргаашаа харах уу гэдэгт л маргаад байгаа. Энэ тал дээр аль аль тал нь их хатуу үгээр бодлоо илэрхийлээд байгааг харахаар бүх асуудал нь эн тэнцүү болсон юм байна гэж би дүгнэж байгаа. Тэр талаас нь харах юм бол ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлын хэмжээ ер нь ойролцоо гарсан.-Хөрөнгө оруулалт нь боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэгдсэнд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байна лээ?
-Тэр хөрөнгө оруулалт нь нийгмийн асуудалд явж байна уу, үйлдвэрлэлийн асуудалд явж байна уу гэдгийг эдийн засаг, үйлдвэржилтийн талыг илүү анхаардаг хүний хувьд арай дутуу юм болов уу гэж харж байгаа. Нийгмийн асуудлыг арай их анхаарчихав уу даа гэж бодоод байгаа юм. Сургууль, эмнэлэг гэдэг бол чухал. Гэхдээ үүнийг ойрын хоёр, гурван жил хүлээгээд түүний оронд үйлдвэржилт хийж, дэд бүтцээ сайжруулж чадвал тэр нь дунд болон урт хугацаандаа илүү олон ажлын байр бий болгож, түүнийг дагаад хүмүүсийн амьдрал сайжирна. Энэ нь тэтгэвэр тэтгэмж бус өөрийн хөдөлмөрөөр амьдарч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь илүү зөв юм.-Ирэх оны төсвийн ихэнх нь иргэдэд амласан амлалтад чиглэгдсэн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Улс төр талаасаа харвал 2008 оны намуудын амлалт гэж нэг юм байна. Тухайн үед намууд амласан нь үнэн. Гэхдээ ингэж амлахыг ард түмэн хүссэн, шаардсан. Өөрөөр хэлбэл. аль аль тал нь ийм хүсэл эрмэлзлэлтэй байсан. Тэгээд харилцан тохирсон бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Тийм учраас хамтарсан Засгийн газар үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа нь буруу биш.-Гэхдээ сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тул хэтэрхий их улайрчихсан юм биш үү?
-Сонгуулийн амлалт гэдэг бол зөвхөн мөнгө тараах асуудал биш. Түүнээс гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн асуудал байна. Түүнийг хэн ч үгүйсгэхгүй. Ер нь амлалт нь дандаа буруу зүйл байсан юм биш шүү дээ. Хүмүүсийн хүсэлт, хэрэгцээ шаардлагыг л харсан.-Өнгөрөгч хавар таны бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос бичиг ирүүлсэн гэсэн. Юунаас болсон юм бэ?
-Улсын Ерөнхий прокуророос миний эрхийг түдгэлзүүлнэ гэдэг асуудал угаасаа тавиагүй. Харин намайг "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа үйлдвэрийн тухайн үеийн ТУЗ-ийн дарга Н.Пүрэвдорж гуайг хуучин жийпээр шагнасан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн гэдэг асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгасан юм. Тухайн үед шалгаж байгаа нь үнэн, гэхдээ ямар асуудлаар вэ гэдгээ нийтэд мэдээлэх журам байхгүй учраас үнэн бодит мэдээлэл нийтийн дунд байгаагүй. Тиймээс хүн бүр өөр өөрийнхөөрөө. тайлбарлаж, таамаглалууд явж байсан л даа. Үүний нэг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай байсан юм.-Одоо энэ асуудал шийдэгдсэн үү?
-Хоёр долоо хоногийн өмнө албан ёсоор энэ асуудал эцэс болсон. Хэрэг үүсгэсэн асуудал нь үндэслэлгүй гэж үзэн намайг гэм буруугүй гэдгийг тогтоосон байна лээ.-Ер нь "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд яагаад ийм хэрэгт орооцолдоод байдаг юм бэ. Асар их мөнгө эргэлддэг учраас тэр үү?
-"Эрдэнэт" үйлдвэрт жилд 300-400 гэрээ байгуулагддаг. Би хувьдаа нилээд олон жил тус үйлдвэрийн даргаар ажилласан. Ерөөсөө том аж ахуйн газар гэдэг их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулдаг. Олон аж ахуй нэгжтэй харьцана. Гэхдээ энэ нь "Эрдэнэт" үйлдвэр нь бусад хөдөө аж ахуйн байгууллагаас ангид байгууллага гэж байгаа юм биш.Манай бизнесийн орчин өөрөө их онцлогтой, хүнд байсан.
1990-ээд оны үед зэсийн үнэ уначихсан байх үед бүр их хүнд байсан. Одоо бол харьцангуй гайгүй болсон л доо. Өнөөдөр манай байгууллагууд үүрэг хариуцлагаа төдийлөн сайн биелүүлдэггүй. Тэр нь бүх зүйл дээр харагдаж, мэдрэгдэж байдаг. Тэр утгаараа "Эрдэнэт" үйлдвэрийн өр авлагын асуудал ч их байдаг. Тэр асуудал болгоныг үйлдвэрийн удирдлагатай холбож ярих нь зохимжгүй юм л даа.
Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Х.Наранхүү: ”Жийп”-ээр хүн шагнасан гэдгээр шалгуулж байна |
|---|




