Нутгийн жирийн айлын эзэн шүүгээнээсээ үлэг гүрвэлийн гурван ширхэг өндөг бидэнд үзүүлчихдэг энэ газарт нээх зүйл их бий. Монголын говь бол дэлхийн музей юм. Засмал зам, дуу чимээ, орон сууцны хороолол,сурталчилгаа аль нь ч энд байхгүй. Гагцхүү энд, тэндээ эрдэнэ нуусан элсэн далай л бий.
Английн "Telegraph"сонинд Монголын говь дэлхийн аялал жуулчлалын төв болж байгаа гэсэн нийтлэл гарсныг орчуулан хүргэе.Монгол хэлэнд зуд гэх үг бий. Өнгөрсөн оны өвөл 10 сая толгой малаа алдсан тус улсын зудтай хамгийн хамаатай бүс нутаг нь говь. Говь үргэлж зудтай байдаггүй. Тэр тусмаа зуны говийг та үзсэн бол ертөнцийн хамгийн сайхан газар энэ гэж бодно. Манай сэтгүүлийн баг Монголын хамгийн том аймаг Өмнөговьд ажилласан юм. Монголын говийг зөвхөн элсээр төсөөлж болохгүй.
Юугаар ч үнэлж баршгүй түүхийн үнэт өв үлэг гүрвэлийн яс одоо ч тэнд бий гэлцдэг. Ирвэс, хавтгай, хуланг та харж болно. Хамгийн гол нь ямар нэг төлбөр, хураамж төлөхгүйгээр байгаль дээр тэд хэрхэн амьдардгийг мэдэх боломжтой. Монголын говь дэлхийн аялал жуулчлалын төв болж байна.
Адал явдалт дурлагч, уйдамхай англи аялагчдад Монголын говь хамгийн тохиромжтой хямд бөгөөд сонирхолтой аялал.Тэнд Хонгорын элс хамгийн мартагдашгүй нь байсан. Бид аяллын турш Орос "Фургон" хөлөглөсөнд эхлээд ихэд гайхацгаасан. Гэвч Монгол нутгийн замд түүнээс өөр машин зохицохгүй юм шиг санагдсан шүү. Нутгийн айл хүрэх замд үхсэн тэмээг бүтээлгээр хучсан байхыг харсан. Тэд дэлхийд ховор тэмээг одоо ч хоол хүнсэндээ хэрэглэдэг аж. "Telegraph''-ын уншигч танд монголчуудын нүүдлийн соёл ч мөн сонирхолтой санагдана байх. Хөдөөх малчин, аймгийн төвийн хүмүүсийн амьдралын хэлбэр тэс өөр.
Монголын нийслэл Улаанбаатарын хүмүүс LV дэлгүүрээр хэсдэг гэж бодохоор бидний баримтат киноноос үздэг "балар эртний" амьдралын хэв маягаа гээжээ. Тэдний сууц болох гэр нь амархан барьж, буулгах нүүдэлчин амьдралтай нь зохицсон ба үнэт ноолуураар (эсгийтэй андуурсан бололтой) дээвэрлэсэн байдаг нь хачирхалтай. Үндэсний хувцас дээл нь морьтой явахад тун ч сүрлэг харагддаг бөгөөд сүүлийн үеийн малчид мотоцикль унах болжээ. Жамес Моретоны хэлж байснаар "Тэд одоо ч Чингис хааны хэмнэлээр амьдардаг. Гэхдээ таныг хаана ч явсан, хэн ч байсан тэд цайгаа барьсаар ирдэг" аж. Зөвхөн сүүтэй цай ч биш гүүний сүү (айраг), мах, цагаан идээгээ ч мартахгүй. Тэд их зочломтгой хүмүүс. Хэн ч бай тэнгэр хараад л цаг агаар шинжихэд суралцсан байдаг бөгөөд халуун, хуурай зун байвал өвөл нь өнөөх "зуд" болох магадлалтай гэж нутгийн эмэгтэй хэлж байсан. Өнгөрсөн жилийн зуднаар олон малчин малаа алдсан тул ихэнх нь хотдоо бөөгнөрсөн байна. Говийн хүмүүс болоод ч тэр үү тэд их гутранги үзэлтэй. Мал нь байхгүй л бол амьдралгүй гэж үздэг хүмүүс цөөнгүй бий.
Монголын говьд аялал жуулчлалын салбарын жижиг тоглогч цөөнгүй бөгөөд ихэнх нь орон нутгийн чанартай. Тиймээс тансаг зэрэглэлийн тасалбар хайж цагаа үрэх хэрэггүй. Азийн бусад орныг бодвол Монголын говьд бага зардлаар их зүйн үзэх боломжтой. Хэрвээ та сэтгэгдэл төрүүлж чадвал тэд танд морио үнэгүй унуулж, хоол хүнсээр хангаж, гэрийнхээ хойморт унтуулж мэднэ. Монголын говь вакуум орчинд он удаан жил байсан учраас энерги ихтэй гэж ярьдаг юм билээ. Бидэнтэй цуг явсан швед эмэгтэй Сара Маргүйсийн бие үнэхээр сэргэг болсныг харахад итгэхгүй байх үндэслэлгүй ч юм шиг. Биднийг очих үед Франц, Герман, Швейцарын шүхэрчид агаарын бөмбөлөгтэй аялал хийж таарсан. Монголын говьд Буддын шашны сүм хийд цөөнгүй бий. Бидэнд ярьсан түүхээр 17.000 орчим лам Монголын говьд сураггүй алга болсон бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх музейд тэдний 20-ийнх нь гавлын яс байдаг гэнэ.
Монголын говийн тухай 1920-иод онд нийтэлж байсан нэрт аялагч Рой Чэпмэн Эндрюсээс сэдэвлэн алдарт "ИндианЖонс" киноны санааг олсон гэдэг бид одоо л итгэж байна. Түүний байрлаж байсан Баянзаг суманд бид очсон. Эндрюс эндээс л үлэг гүрвэлийн өндөг олж байсан гэж бодохоор бидэнд ч бас тийм боломж ирнэ хэмээн ихэд найдаж байсан шүү. Мэдээж энэ бол наргиа.
Монголын говь одоо хэр нь нууцлаг хэвээр. Чэпмэний хэлж байсан шиг дэлхийн хамгийн сонирхолтой хэсэг энэ байх. Нутгийн жирийн айлын эзэн шүүгээнээсээ үлэг гүрвэлийн гурван ширхэг өндөг бидэнд үзүүлчихдэг энэ газарт нээх зүйл их бий. Монголын говь бол дэлхийн чимээ, орон сууцны хороолол, сурталчилгаа аль нь ч энд байхгүй. Гагцхүү энд, тэндээ эрдэнэ нуусан элсэн далай л энд бий.
Ж.Тэгшжаргал
| Хонгорын элс | Говь гурван сайхан |
|---|



