Манай орны хамгийн томоохон элсэн тарамцгийн нэг Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутаг Говь- Алтайн салбар нурууд болох Гурван сайханы нуруу, Нэмэгт зэрэг сүрлэг өндөр уулсын хоорондох уудам хөндийн төв ба урд хажууг дагаж салхины зонхилох урсгалын дагуу 180 км сунаж тогтдог.
Хонгорын элс нь нийтдээ 965 км2 талбайтай, хамгийн өргөн нь баруун хэсэгтээ 27 км, хамгийн нарийн төв хэсэгтээ 0.8 км хүрнэ. Элсны зүүн хэсгийн манхнууд нь ихээхэн өндөрсөж манхан уулууд болж сүндэрлэх ба Ханан элсний районд зүүн захаар нь эрс хажуу, хянга хурц ирмэг, цац суварган оргил бүхий пирамид, урт зоо, хэлхээ хэлбэрийн өндөр манхнууд үргэлжилнэ. Манхан пирамидуудын өндөр нь 150 м хүрэх бөгөөд хажуугийн налуу дээд хэсэгтээ 260- 300, доод хэсэгтээ 230- 250 байна. Ийм цац суварган манхан цувааны хамгийн өндөр нь Сэрүүн булагийн адагт орших 1528.0 тоот өндөрлөг бөгөөд 190 м харьцах өндөртэй, манай орны хамгийн өндөр манхан болно. Хонгорын элсний зарим манхнуудын элс зоо ирмэгээс доош 300- ын налуу хажууруугаа алгуур гулсан нурахдаа хүнгэнэн дуугарах мэт сонин чимээг гардаг. Ийм элсэн манхныг дуут манхан гэж нэрлэдэг.
Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.
1993 оноос гадаад дотоодод өргөнөөр сурталчлагдаж 1997 онд Японы Жайка төслөөс боловсруулсан “Монгол улсын аялал жуулчлалын мастер” төлөвлөгөөнд говийн аялал жуулчлалын хамгийн гол цэгийн нэгээр тэмдэглэгдсэн Хонгорын элсний орчинд эдүгээ 4 жуулчны бааз, орон нутгийн олон иргэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж монголын аялал жуулчлалын хамгийн гол маршрут, зорих газрын нэг болж жил ирэх тутам ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна.








| Зулганайн баянбүрд | Монголын говь-дэлхийн музей |
|---|



