1931 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Өмнөговь аймгийн байгуулалтын түр хороог байгуулав. 1931 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 10-ны дотор Өмнөговь аймгийн бүх сумдыг байгуулж дуусгав. Өмнөговь аймаг 27 сум, 408 хороо, 8492 өрх, 37,3 мянган малтай байгуулагдсан байна. 1931 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Анхдугаар их хурал хуралдаж цаг үеийн зорилтууд, хамтралын хөдөлгөөний тухай зэрэг асуудал хэлэлцэж аймгийн захиргааг байгуулав. Аймгийн захиргааны гишүүдэд 32 хүнийг сонгож сумын дарга нарыг баталжээ. Аймгийн захиргааны даргаар Ж.Самбуу, орлогч даргаар П.Дорж нарыг сонгосон байна. Аймгийн төвийг Дэлгэрхангай уулын хошууны хуучин төвөөс 10 гаруй гэр нүүлгэж, 1931 оны 9дүгээр сард Даланзадгадад буулгажээ.
Даланзадгадад аймгийн төв байгуулахад зохистой сайн газар хэмээн говийн сайн түшмэл Б.Дорж мээрэн мөн төвд ном сайтай Нэрэн гэлэн, Төв Ази монголыг судлагч оросын нэрт газарзүйч А.Д.Симуков нар зөвлөлдөн аймгийнхаа төвийг олж шав тавьсан билээ. Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар Сурахдамба, Эвлэлийн хорооны даргаар Дамдинсүрэн, Үйлдвэрчний эвлэлийн товчооны дарга Баянжаргал, шүүхийн дарга Намсрай, Дотоодыг хамгаалах хэлтсийн дарга Хас-Очир, Хамтралын зөвлөлийн дарга Лувсанжамц, Эд хэрэглэгчдийн хоршооны дарга Сэнгэдорж, Тээх буудлын дарга Дорждагва нар ажиллаж байжээ.Аймгийн онц бүгд хурлын (1931 оны 3 дугаар сарын 21-ны) шийдвэрийн дагуу орон нутгийн засаг захиргааны сонгуулийн хурлууд 1931 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 10-ны дотор хийгдэж бүх хошуудыг татан буулгаж 27 сум, 408 хороо захиргааг сонгон байгуулжээ. Т
өвийн холбогдох байгууллагуудаас худалдааны салбар 2 эсгий гэрийн 20 гаруй мянган төгрөгний бараа материалтайгаар Хацрын ар Аврах гэдгээс, Тээх буудал, аймгийн яамны том модон гэр, харилцаа холбоо, хүн эмнэлэг, банк, гуанз, цаг уурын анхны албаны барилгууд баригдаж ийнхүү Өмнөговь аймгийн төр, захиргааны удирдах болон үйлдвэрлэл үйлчилгээний төв байгууллагууд бүрэлдэж бий болжээ. Тодруулга: БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 6 дугаар сарын 4-ны зарлигаар Өмнөговь аймгийн төвийг “Даланзадгад хот” гэж нэрлэх болжээ.БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн зарлигаар Өмнөговь аймаг 1942 оны дайны хүнд жил мал өсгөх улсын төлөвлөгөө болон улсад нийлүүлэх мах, ноосны төлөвлөгөөг давуулан биелүүлсэний учир “Алтангадас” одонгоор шагнагджээ.









F


