-УИХ хаврын чуулганыг хугацааг сунгаж хуралдсаар байна. УИХ-ын 39 дүгээр тогтоол, орон нутгийн сонгуулийн тухай хууль гээд шийдвэрлэгдээгүй олон асуудал байна гэж байгаа юм. Дорвитой шийдвэр гарч чадахгүй ажил удаашраад байгаа шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?
-Уг нь 1.5 сая төгрөгийг өгнө гэсэн шийдвэр гарчихсан. Намайг хэлж байх үед буруу шийдвэр гарч явсаар байгаад намрын чуулганаар ажил хэрэгч яриа болгохоор шийдсэн. Хаврын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллахаар очиход нь иргэд амласан амлалтыг нь нэхээд эхэлмэгц сандарч орж ирээд ярьж эхэлсэн. Цагаан сараас өмнө өгнө, өгөхгүй гээд маргаад байгаа юм. Манай УИХ их сонин нэг шийдвэр гаргачихаад түүнийгээ огт хэрэгжиж эхлээгүй байхад нь дахиад өөрчилнө.
Төрийн нэгдсэн бодлого гэдэг зүйл байхгүй юм.
Миний хувьд өмнө нь УИХ-д байгаагүй болохоор өөрийнхөө компаниар жишээ авч ярихад гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө л явдаг. Гэтэл бүхэл бүтэн улс байж гаргасан шийдвэрээ үргэлж өөрчилсөн яриа үүсгээд иргэдээрээ тоглоод эхлэх юм.Ажил хийдэггүй цайчихсан хэдэн нөхдүүд бол хамаа алга. Юуг ч бурж чаддаг хүмүүсээс болж УИХ, Засгийн газрын ажил урагшаа явдаггүй юм байна. Дөрвөн жил би ийм завхарсан газар суулаа. Намайг ямар ч санал дүгнэлт хэлсэн нохой хуцах мэт хүлээж аваад тоох ч хүн алга. Хэдхэн хүний зөв, солгой гараар улсын ажил явж байдаг юм байна.
-Аж ахуйн нэгжүүдийн хувьцааг ард иргэдэд өгөхийг ардаа бизнестэй улстөрчид эсэргүүцээд байгаа талаар сонссон. Үүнд таны нэр ч мөн дурьдагдсан л даа?
-Аж ахуйн нэгжүүдийн хувьцааг иргэдэд өгье гэж би анхнаасаа дэмжиж ярьж байсан. Энэ тухай шийдвэр гарсан хэр нь Цагаан сарын өмнө өгч амжихгүй боллоо л доо. Анхнаасаа нийт хувьцаа эзэмшигч нь Монголын ард түмэн гэсэн хууль баталсан байсан бол өнөөдрийнх шиг асуудал үүсэхгүй. Дээрээс нь манайхан хувьцаагаа дур мэдэж үнэлж болохгүй шүү дээ. Хувьцааны үнийг УИХ, Засгийн газар болоод нэг сайд тогтоочихдог ч юм биш. Зах зээлийнхээ ханшаар нөөцөнд бодогдож, ТЭЗҮ нь хийгдэж байж нэгж хувьцааны үнэ гарч ирдэг болохоос биш "Нарантуул" зах дээр оймс үнэлж байгаа шиг байж болохгүй. Нэг оймс худалдахад ч гэсэн нэг үнэ тогтоох ёстой биз дээ.
-Саяхан байнгын хорооны дарга нар сонгогдлоо. Засгийн газрын сайд болон аль нэг байнгын хорооны даргаар таныг томилох тухай яригдаж байсан. Та үнэхээр нэрээ дэвшүүлсэн юм уу?
-Миний нэрийг хэвлэлийнхэн л дэвшүүлж байсан юм билээ. Миний хувьд албан тушаал авах зэрэг янз бүрийн зорилготой энд суугаагүй. Тойргоос сонгогдож ирсэн нэг ч гэсэн хүний үг энд хэрэгтэй юм байх гэж бодсон. Тэгсэн тийм зүйл байдаггүй л юм байна. Анхнаасаа албан тушаал горилсон хэтийн бодлого байгаагүй.Аль нэг салбарын сайд болох ч хэрэг байхгүй. Учир нь ямар нэг их ач тустай зүйл биш.
-МАН-ын Засгийн газар хэр зэрэг чадамж бүхий бүрэлдсэн юм бол. Албан тушаал горилогчдоос бүрдчихсэн юм болов уу. Эсвэл үнэхээр ажил хийж чадахуйц хүмүүсийг томилов уу?
-УИХ-д хоёр гурван удаа сонгогдож байсан төрийн алба сайн хашсан мэдлэг туршлагатай хүмүүс гэж манай намын бүлэг дээр танилцуулагдаж орж ирж байна лээ. Миний хувьд мундаг чадвартай хүмүүс томилогдсон эсэхэд нь эргэлздэг. Ер нь хэнийг ч сайдаар тавьсан гэсэн Монгол Улсын төрийн ажил нэг сайн явахааргүй гацаанд орчихсон.
-Яагаад. Ямар үндэслэлээр та ингэж хэлж байгаа юм бэ?
-Үндсэн хуулийн хямрал болчихсон. Энэ нь миний тооцож байгаагаар 2014 он гэхэд бүр хүнд байдалд орно. Үүний хам-гийн анхны жишээг махны үнийн өсөлт харуулж байна. Бензин, мах, гурил архи дарс, тамхи тарианы асуудал төрийн мэдлээс гарчихаад 20-иод жил боллоо. Үүнийгээ алдсан улс орон дэлхий дээр Монголоос өөр газар байхгүй. Эдийн засгийн нарийн дүн шинжилгээ хийж тооцоо хийдэг газар байхгүй учраас бензин, махны үнийн өсөлт өшөө ч цаашаа үргэлжилнэ. Бензинээ нөөцлөх ч сав алга. Махны зориулалтын зоорь ч байхгүй. Бүх зүйлийг зах зээл шийднэ гээд бизнес эрхлэгчдийн гарт орчихсон. Удирдлагууд нь хяналт тавьж, дуугарч чадахгүй болтлоо оролцчихсон тогтолцоо руу орчихсон байна. Хэзээ байтлаа Монгол Улсад нэг килограмм мах арван мянган төгрөг хүрч байсан юм бэ. Баруун европын үнэд хүрсэн гэсэн үг.
Энэ бүхэн Засгийн газрын чадамжаар зохицуулах л ёстой.
Гэхдээ одоо сонгууль дөхчихсөн байгаа хугацаанд энэ хүмүүс байж л байх үүрэг гүйцэтгэнэ биз дээ. АН ч гэсэн сөрөг хүчин болно л гэж байна. Хамтарсан Засгийн газраас гарснаараа сөрөг хүчин болчихдог юм биш ш дээ. Өнгөрсөн хугацаанд нийлж байгаад шийдвэр гаргаад хянал-таа алдчихсан. Эргээд харахад үргэлж буруу шийдвэр гаргаад явсан байгаа байхгүй юу.
-Саяхан болсон МҮАН МАХН-ын хамтарсан хурлын үеэс БНН-ын дарга Б.Жаргалсайхан эрх баригчид өнгөрсөн хугацаанд дорвитой шийдвэр гаргаагүй нь оносон гэж байсан. Та үүнтэй санал нийлэх юм шиг санагдлаа?
-Оюутолгойг эс тооцвол мундаг ашиглалтад орчихсон зүйл алга. Тэдгээр хүмүүсийн хэлж байгаатай санал нэг байна.
-Улсын ажил урагшлаагүй нь оносон хэрэг үү?
-Онолгүй яахав. Гэхдээ мундаг бясалгаж байж оночихсон хэрэг биш. Азаар дөрвөн жилд юу ч хийж чадаагүйдээ тийм зүйл болчихсон байхгүй юу.
-Өнөөдөр төрийн эрх барьж байгаа хүмүүс дорвитой шийдвэр гаргаж чадахгүй. Хэрэв гуравдагч хүчин гарах юм бол бид чадна гэж байсан. Та үүнтэй ч бас санал нэгдэх үү?
-Яалаа гэж. Тэдгээр хүмүүс ч гэсэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан шүү дээ. Тиймээс тэдний ажил хийж чадах чадахгүйг монголын ард түмэн мэднэ. Н.Энхбаяр даргыг 1997 оноос хойш Ерөнхийлөгчөөс буутлаа яг юу хийснийг нь монголчууд мэдэж байгаа. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарыг ч гэсэн танихгүй хүн байхгүй. Нэгэн үеийн төрийн үйл ажиллагаатай холбоотой хүмүүс учраас сайн муу бүхнийг тэдэнтэй хольж хутгаж л ярина шүү дээ. Түүнээс тэдгээр хүмүүс цоо шинээр өөрчлөгдөж ажил хийнэ гэж байхгүй. Нүүрэнд нь косметик хийгээд ч хэрэг байхгүй. Уураг тархийг нь өөрчилж чадахгүй бол бүгд л адилхан Монгол хүмүүс.
-Монгол хүмүүс болохоор ажил хийж чадахгүй байна уу?
-АН, МАН МАХН, МҮАН-ыхан бүгдээрээ Монгол. Үргэлж бүхнийг дутуу бодно. Цагийг нь тулгаж хийнэ. Монголчуудын нийт алдаа тэр биз дээ.Тэр л алдаанаасаа болоод Монголыг өнөөдрийн байдалд хүргэсэн.
-Таныхаар бол монголыг Монгол хүн монголыг удирдаж байгаа болохоор ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг үү?
-Тийн. Чадахгүй байна. Харж байгаа биз дээ.
-Тэгэхээр гаднаас хүн авчрах ёстой болох нь ээ?
-Би Төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Эдгээр хүмүүст гадны дарамт ирдэг юм уу, үгүй юм уу бүү мэд. Ойлгогдож байгаа биз дээ. Монголчууд бие дааж амьдралаа шийднэ гэдгээс хойш 22 жил боллоо. Нарийн зүйл ярихгүй бүдүүн тоймоор харахад нийслэл Улаанбаатараасаа эхлээд монголчуудын амьдрал ямар байдалтай байна. Аймаг сумдад өөрчлөгдсөн зүйл юу байна. Цөөн хэдэн хүн баяжлаа. Баяжихдаа улс төрийн албан тушаал хашиж эрх мэдлээрээ баяжлаа. Олонхи хүмүүс ядуу байна. Төр удирдаж байгаа хүмүүс нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлчих нэг ширхэг ч үйлдвэр барьсангүй.
-Үүнээс гадна орон нутгийн сонгуулийн хуулийн тухайд та намын бүлгийн гишүүдээсээ арай өөр бодолтой байгаа юм шиг байсан. Намынхан чинь саланги хийе гээд байхад хамтад явуулах ёстой гэсний учир юу вэ?
-Орон нутгийн сонгуулийн хуулийг цуг явуулчих хэрэгтэй. Би ч ганцаараа намынхаа эсрэг байгаа юм биш. Зардал мөнгөө бодсон ч тэр ер нь цөөхөн хэдэн монголчууд сонгуулиа өгчихөж чадна биз дээ. Өмнө нь гурван шатны депутатын сонгуулийг зэрэг хийж байсан туршлага бий.
-Саналыг автоматаар тоолох болохоор болохгүй. Цаг хуга-цаа амжихгүй гээд байгаа шүү дээ?
-Тэгвэл болдог машин авах нь яасан юм. Ер нь баахан хөрөнгө мөнгө зарцуулж саланги сонгууль хийх шаардлага байхгүй. Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын санаачилсан гээд л яг адилхан хуулийн төслийг хоёр талаас уншаад л байх юм. Нэг нь салгана, Нөгөө нь салгахгүй гээд л дуусАЖ байгаа юм. Уг нь 2008 онд Д.Лүндээжанцан ч гэсэн гар өргөөд баталж байсан. Хэрэгжээгүй байхад дахиад л гар хүрч байна. Энэ жил болох сонгуулийг иргэд аятайхан л өгмөөр байна. Дахиад л баахан дарангуйлагчид сонговол хэцүү л байна.
Б.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ
| Ш.Сайхансамбуу: Манай намын удирдлагууд намайг оролдох хүмүүс биш | Ш.Сайхансамбуу:Далдуур хулгайлдаг хүмүүстэй харьцуулахад би ёс зүйтэй хүн шүү |
|---|


