-Сүүлийн үед хаагуур юу хийсэн бэ. Таны бие гайгүй юу?
-Өнгөрсөн жил их ачаалалтай ажилласан. Миний хоолой сөөнгө яваад байсныг хүмүүс мэднэ дээ. Тэгээд шинжилгээ өгтөл дууны хөвчний хорт хавдар гэдэг онош тогтоогдсон.
-Тэгээд эмчлүүлсэн үү?
-Германд очиж мэс засалд ороод сар гаруй хугацаанд тэнд байлаа. Ямар ч байсан хорт хавдраа авахуулсан. Одоо хоолой цэвэр болсон гэж эмч нар хэлж байгаа. Тэгээд энд хоолой чангаруулах эмчилгээ хийлгэж байна. Хоёр сар гаруй хугацаанд эмчилгээтэй байлаа.
-Хэзээ ажилдаа орох вэ?
-Даваа гаригт (өнөөдөр) ажилдаа очно.
-Ажилдаа ороод юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Багш нар ажил хаялаа гэж айгаад дахиад төсвийн тодотгол хийхээр болж байх шиг байна. Эрх баригч нам эхчүүдэд мөнгө өгнө гээд яриад эхэллээ. Төсвөө баталж байхдаа үүнийгээ ярьж байхгүй яасан юм. Төсөв батлагдчихсан хойно ийм зүйлүүд хийдэг нь ямар учиртай юм бэ. 15 хоног, сарын дараа болох гэж байгаа зүйлийг урьдчилаад харж, тооцоолж чадахгүй байна гэдэг нь төр ямар харалган болсныг, эрх баригч намууд сайн боловсон хүчингүй болсныг харуулж байна. Энэ бүхнийг ярина даа.
-Таныг эзгүй хойгуур энэ төрд олон юм боллоо. Хамгийн сүүлийн шуугиан гэвэл АН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдчихлээ…
-Хамтарсан Засгийн газрыг би анхнаас нь шүүмжилж байсан. Хоёр нам хамтарч засаг байгуулсан нь угаасаа жүжиг шүү дээ. Анх зохиолыг нь Баабар бичсэн юм. Найруулагчаар нь С.Баяр ажиллаж, өөрөө гол дүрд нь тоглосон. Тэгэхдээ тэр АН-ын дарга Н.Алтанхуягт нэг дүр өгсөн юм. Н.Алтанхуяг нөхөр дүр авсандаа баярлаад зохиолоо ч уншилгүй жүжигт шууд тоглоод эхэлсэн байхгүй юу. Явсаар байгаад жүжиг нь бүтэлгүйтээд ирэхийн алдад найруулагч С.Баяр нь өөрөө зугтаачихсан.
Нэгэнт эхэлсэн жүжгийг заавал дуусгах ёстой болохоор С.Баярын оронд найруулагчаар С.Батболд гэгч нөхрийг гаргаад ирсэн.
Тэгсэн тэр нь үзэгчид, хамтран тоглож байгаа жүжигчид рүүгээ хардаггүй, дандаа доошоо харж явдаг нөхөр учраас зохиолтойгоо зөрчилдөөд эхэлсэн. Ингээд жам ёсоороо энэ жүжиг өнөөдөр нурж уналаа. С.Баяр анх “Нэгэн зууны дөрөв дэх уналт гэх байтал Нэгэн зууны дөрөв дэх сөрөлт” гэж хэлээд зохиолоо буруу эхэлсэн юм. Мордохын хазгай байсан Засгийн газарт хийсэн ажил байхгүй болохоор АН уснаас хуурай гарахын тулд зугтааж байна. Ердөө л энэ шүү дээ.
-АН-ыг хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэж өнөөдрийг хүртэл шүүмжилсэн. Гарчихаар нь гарлаа, сонгуулийн шоу хийлээ гэж чичлэх боллоо…
-Хамтарсан Засгийн газар юу ч хийгээгүй байна шүү дээ. Хийсэн бүтээн байгуулалт нь хаана байна аа. Төмөр зам тавина гэсэн яасан. Нэг метр ч төмөр зам алга. Газрын тосны үйлдвэр барина гээд байдаг. Үйлдвэр барих газартаа нэг метр зам тавьсангүй. Манай Дорнодод газрын тосны үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Гэтэл дэд бүтэц нь хаана байгаа юм. Ямар ажил хийсэн гэж хэлэх гээд байна вэ. Х.Баттулга сайдын өрөөнд байдаг макетыг бүтээн байгуулалт гэж хэлэх гээд байна уу. АН хийсэн ажилгүй юм чинь аргагүйн эрхэнд сонгуулиас өмнө зугтаахаас өөр яах вэ. Бүх зүйл жам ёсоороо болж байна.
-Гэхдээ АН-ын ҮЗХ-ны шийдвэр яаж гарахыг хүмүүс хүлээж байна л даа…
-ҮЗХ гэдэг чинь хулгайч, луйварчдын бүлэглэл. АН-д олигтой юм байхгүй. Ардын нам ч ялгаагүй. Энэ хоёр нам бол хулгайч, луйварчдын бүлэглэл байхгүй юу. Нам гэж ард түмнийг хуурдаг юм. Н.Алтанхуяг баруун, зүүнээ ялгадаг болчихсон юм шиг ярьж байна лээ. Үгүй байхгүй юу. Тэр одоо ч мэдэхгүй. Хулгайч, луйварчдад намын тухай ойлголт байдаггүй юм.
-АН одоо сөрөг хүчин болчихлоо шүү дээ?
-Хулгайч нар яаж ч жүжиглэсэн ард түмэн мэддэг болчихсон. Духан дээрээ тэмдэгтэй хулгайч нарыг өнгөрсөн 20 жилд ялгаж таньдагтайгаа болчихлоо. Луйварчдын ухаан нь шавхагдчихсан. Юу ч сэтгэх гарц тэдэнд үлдээгүй. АН ганцаараа засгаас гарах биш. Энэ хоёр нам хоёулаа Засгийн газраас зайлах хэрэгтэй. Тэгвэл Монголын ард түмэнд ашигтай. Яаж ч жүжиглээд тэд духан дээрх хулгайчийн тэмдгээ арилгаж чадахгүй. Шударга үнэний тухай ярих эрх энэ хоёр намд байхгүй. Салсан салаагүй ялгаагүй энэ хоёр Монголын ард түмний эсрэг талд байгаа.
-Та өөрөө төрөөс юу ч хулгайлж байгаагүй юу?
-Би хуруугаа цэврүүттэл хөдөлмөрлөж байж мөнгө олсон хүн. Өөрийнхөө эрүүл мэндийг зольж байж мөнгө олсон. Надад хангалттай мөнгө бий. Гэхдээ энэ бол үнэ цэнэтэй мөнгө. Тийм учраас би мөнгөө хямгатай зарцуулдаг. Харин хулгай хийж мөнгө олсон хүмүүс түүнийгээ хайр найргүй цацаж байна. Том том машин унаж хотын утааг нэмж байна. Би хамгийн жижиг машин унадаг. Утаа бага нэмье гэж үздэг учраас тэр. Гэтэл утаа багасгана гэж хамгийн их ярьдаг хүмүүсийн амьдрал улам сайжирч байна шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна гэж өөрсдийгөө ярьдаг байсан МАХН-д орон зай байхгүй болчихож байгаа юм биш үү?
-АН-д сөрөг хүчний орон зай байхгүй. Хулгайч сөрөг хүчин гэж байдаггүй биз дээ. Одоо АН-ынхан “Бид бага идсэн. Та нар их идсэн” гэдэг л хэрүүл хийх байх. МАХН бол эрх барьж байгаа хоёр намыг шүүмжилдэг. Түүнийг нь дэмждэг. Гэхдээ явуулдаг арга барил нь манай намынхаас зөрүүтэй байдаг.
-МҮАН-тай сонгуульд эвсч орох нь тодорхой болчихсон байгаа. Магадгүй танд Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёртой хамт явдаг байж гэж бодогдохгүй байна уу?
-Өнгөрсөн 20 жилд хэн нь хулгайч байсныг ард түмэнд ялгаж харагдуулахын тулд төрд шүүмжлэлтэй хандаж байгаа талууд нэгдэх нь зарчмын хувьд зөв. Миний хувьд бол өөрийнхөөрөө байхыг хүсч байгаа. Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээрээ явах ёстой. Яагаад заавал өөр хүмүүстэй нэгдэж, бусдын дуу хоолойгоор ярьж байх ёстой гэж.
-Сонгуулийн хуулийг батлахад та байгаагүй. Ямар хууль гарсан гэж бодож байна вэ?
-Сонгуулийн будлиан хуулиас ерөөсөө болоогүй гэдгийг би үргэлж ярьдаг. Сонгуульд оролцдог намууд хуулийг завхруулж, сонгууль будилуулдаг байсан. Энэ удаа нөхцөл байдал ийм журмаар явахаар болчихлоо. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд баталсан Сонгуулийн хуулийг батлахдаа эрх баригчид хуулиа зөрчсөн байна лээ. Энэ хуулиар сонгууль явуулахад сөрөг үр дагавар их гарна. 1991 оны нэгдүгээр сарын 6-нд баталсан 20 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолоор дамжуулж Бага хурлын гишүүд баахан мөнгө луйвардсан байдаг.
Сонгуулийн хууль бол үүний хоёрдугаар хувилбар болжээ.
Тэгэхээр би Сонгуулийн хууль гэж нэрлэхгүй. Энэ бол арванхоёрдугаар сарын 15-ны хууль юм. АН, МАН-ынхан хоорондоо урьдчилж яриад, сонгуулийнхаа сурталчилгааны тараах материалаа бэлтгэсэн. Үнэндээ хуулиа олон удаа гацаагаад байсан нь ийм учиртай. “Танайхан амжсан уу. Манайд хоёр хүн сурталчилгааныхаа материалыг хэвлүүлж амжаагүй байна. Жаахан хүлээгээрэй” гэж ярилцсаар байгаад гурван жил болсон байхгүй юу. Тэгээд бэлэн болонгуутаа Сонгуулийн хуулиа баталсан. Баталсныхаа маргаашнаас нэгдүгээр сарын нэгэн хүртэл бэлтгэсэн материалаа тойргуудаараа тарааж эхэлсэн шүү дээ. Хөдөөгүүр сурталчилгааны материал айхтар тарсан байна. Зарим айлууд бүр бурхныхаа өмнө гишүүдийн зургийг тавьчихсан байх жишээтэй. Зарим аймгийн эмэгтэйчүүдэд торго, гэрийн эзэнд том, эзэгтэйд нь жижиг аяга өгсөн байна. Цаг, үзэг, хамрын тамхинаас эхлээд тараагаагүй зүйл алга. Парламентын гаднах намууд, бие даагчдад ямар ч боломж олгохгүйгээр өөрсдөө ингэж хуйвалдсан.
-Танд тэдний хуйвалдсан тухай баримт байгаа юм уу?
-Хэнд ч ойлгомжтой шүү дээ. 50 хуудастай сэтгүүлийг хууль баталсны маргааш бэлтгээд хэвлэж чадах уу. Хууль баталсны маргааш материалаа тарааж байна гэдэг бол урьдаас бэлтгэснийх биз дээ.
-Танай намынхан сурталчилгааны материал тарааж амжсангүй юу?
-Манай нам тийм хууль бус зүйл угаасаа хийхгүй. Бид хуулийн дагуу явж байгаа. Хуульд нийцсэн сурталчилгаа хийнэ. Амьдрал хуулиас баян учраас гарц байгаа.
-Танай нам сонгуульд. 76 нэр дэвшигчээ босгож чадсан уу?
-Дэвшүүлнэ. Монголын ард түмнээс шударга хүн олоход тийм хэцүү биш шүү дээ. Хоёр нам шилдэг хулгайч нараараа 76-г бүрдүүлэхэд л хэцүү байж магадгүй.
-Та өөрөө аль тойрогт нэр дэвших вэ?
-Товлоогүй байгаа. Үүнээс илүү чухал зүйлүүд их байна. Улаанбаатарын утааг харахаар Монголын хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй газар нь хот болж таараад байна. Нийслэлд үүссэн энэ гамшгийн эсрэг дорвитой зүйл хийж чадахгүй байна. Үүнийг шүүмжилмээр байна.
-Зарим нам олны танил хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлэх арга хэрэглэж байгаа юм шиг байна лээ…
-Арга ядсан хэрэг дээ. Тийм зүйл хийхгүй.
-Парламентын гадна байгаа намуудад УИХ-д орж ирэх үүд хаалгыг энэ хууль нээгээд өгчихсөн гэх. Чухам танай намд тэгж санагдаж байна уу?
-Манай улсад хууль гарсан ч биелүүлдэг биш дээ. Хуулиа зөрчсөн нь УИХ-д ордог тэр зарчмаараа ирэх сонгууль явах болов уу. 20 жил луйварчин хийчихсэн эрх баригчид сонгуулиар өөрчлөгдөнө гэдэгт итгэхгүй байна.
-Танай нам сонгуульд ямар тактиктай оролцох гэж байгаа юм бэ?
-Одоо манай нам 2000 гаруй гишүүнтэй. Гишүүнчлэлийг нэмэх гэж бусад нам шиг зүтгэхгүй. Хамгийн гол нь Монголоо гэсэн сэтгэлтэй, мэдлэгтэй хүмүүс манай намаас нэр дэвшиж болно. Заавал манай намын гишүүн байх албагүй. Өөр намтай эвсэх нэгдэх бодол одоогоор алга. Одоогоор Сонгуулийн хууль зөрчсөн сурталчилгаа хийхээсээ илүү хулгайч, луйварчдын аргыг хааж, хууль биелүүлэх талаар гишүүддээ сургалт явуулж байна. Шударга ёсны талаарх ойлголтыг зөв болгохын төлөө бид ажиллаж байна. “Хамуг Монгол” гэдэг сонин гаргаад явж байна. Энэ бол сонгуулийн сонин биш.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хууль зүйн сайд Ц.Нямдорж хоёрын маргаан одоо болтол үргэлжилсээр байна л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Дуулиан шуугиан тарьж ард түмний өмнө жүжиг тоглож байгаа болохоос биш асуудал шийдэхийн төлөө яваагүй. Манай төрд асуудал шийдэх хүн байхгүй. Ц.Нямдорж чаддаг юм бол Н.Энхбаярын асуудлыг шийд л дээ. Би басч байна. Чадахгүй шүү дээ. Д.Сандаг-Очир нь хаана байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч юу хийж байгаа юм. Манай Ерөнхийлөгч ажлаа хиймээр байна. Шоу хийхээ болих хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс уучлал гуйлаа ч гэх шиг. Таван хүн буудаж алчихаад уучлаарай гээд болоо юу. Ирэх сонгуулиар дахиад хүн үхвэл яах юм. Уучлал гуйгаад л өнгөрөх үү. Энэ таван хүнээр лимит тогтоож байгаа юм уу, хаашаа юм. Найлахын уурхайд төрийн буруугаас болж 17 хүн нас барсан. Яагаад уучлалт гуйхгүй байгаа юм. Таван толгойн зам дээр арав гаруй хүн нас барсан. Яагаад уучлалт гуйхгүй байгаа юм бэ. Сонгууль дөхөхөөр ингэж алиалахаа болих хэрэгтэй. Зурагдсан пянз шиг дандаа худлаа ярьж явахаа болиоч ээ.
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин
| “МАХН, МҮАН гэрээ бол хэлбэр төдий зүйл” | Ц.Шинэбаяр:Хууль хяналтынхан Н.Энхбаяр,Ц.Нямдорж хоёрын асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй |
|---|


