-Он гарснаас хойш улстөрд олон үйл явдал өрнөлөө. Үүнээс анхаарал татсан нь АН хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэл байсан. Энэ нөхцөл байдалд Та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар хэд хэдэн удаа огцорсон. 1996-2000 оны хооронд дөрвөн удаа, 2004-2008 оны хооронд хоёр удаа огцорч байсан. Тиймээс энэ удаад хамтарсан Засгийн газар байгуулсан. Харин одоо АН тус Засгийн газраас гарлаа. Үүнийг улстөрийн талаас харахад юу ч хийдэггүй хүмүүс зугтаж байгаа юм.
1996-2000 онд АН ажлаа хийгээгүй.
Тухайн үеийн нөхцөл байдлыг нөгөө хэд нь шүүмжилсэн. Тэгээд нөгөө хэдийгээ огцруулж улстөрийн жүжиг тоглосон. Энэ хамтарсан гэж буй гурван жилийн хугацаанд хийсэн зүйл байхгүй. Ялангуяа АН-ынхан өөрсдийгөө түүхэн гавьяа байгууллаа гэсэн. Харин ч хамгийн муу ажиллаж гурван жилийг дэмий өнгөрүүллээ. Учир нь энэ жил УИХ жил бүр баталдаг төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөн дээр өмнөх гурван УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд баталсан төсвийн мөнгийг нийлүүлснээс илүү их мөнгийг шийдсэн. Гэхдээ уг мөнгөөр ажил чадаагүй учраас сонгуулийн , өмнө амиа аргацааж, зугтааж байна. Би ингэж үзэж байна.
-"АН хамтарсан Засгийн газраас гарснаар парламентат ёсыг аварлаа" гэж Э.Бат-Үүл гишүүн хэлсэн. Тэгэхээр өнөөгийн монголын төрд парламентат ёс алдагдаж байгаа хэрэг үү?
-Парламентат ёсоо аварлаа гэж дур зоргоороо авирладаг, хариуцлага хүлээдэггүй хэдэн хүнийг эрхлүүлдэг. Ард түмнээ ядууруулж, боловсролын системийг нурааж, байгалийн баялгаа зөөж гаргачихаад парламентат ёсоо хамгааллаа гэж ярих шаардлагагүй. Төр гэдэг бол ард түмний л төр байдаг. Ард түмэн төрийг сонгодог. Гэтэл хэсэг нөхдүүд сонгуулийг луйвардаж, төрийн ордонд суучихаад юу ч хийхгүй байна. Үүнийг хэлэхээс өөр аргагүй. Парламентат ёсоо аврах ёстой юу, ард түмнээ аврах ёстой юу. Ардчилал бол парламентат ёс гээд ард түмнийг амьдралыг ядууруулж,хоосруулж болохгүй. Энэ бол парламент нь ажиллахгүй байгааг харууллаа. Ажилладаггүй парламентыг аврах тухай ярьж таарахгүй. Ажилладаг парламентыг ард түмэн сонгох ёстой.
-Хамтарсан Засгийн газар Тавантолгойн асуудлыг бүрэн шийдэж чадалгүй тарлаа. Уг нь үлдсэн хугацаанд энэ асуудлыг шийдэх бололцоо байв уу?
-Шийднэ гээд бариад суувал шийдэж болохгүй асуудал гэж байдаггүй. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилд Монгол Улсыг баллаж хаясан хэсэг нөхдүүд асуудалд гох, дэгээ тавилаа. Шийдэх хүмүүсээр шийдүүлэхгүй, өөрсдөө хийж, шийдэж чадахгүй л байна. Тиймээс өнгөрсөн 20 жилийг сайн дүгнэх цаг ирсэн.
-Тавантолгойн асуудлыг шийдэхэд ахиц гарсангүй. Харин хувьцаанд төр, иргэн, аж ахуйн нэгжид гэсэн хуваарилалт хийхээр яригдаж байгаа. Энэ хэр оновчтой алхам юм бэ?
-Уул уурхай ялангуяа нүүрсний уурхайг ашиглах асуудалд ухаан зарж, гадаадын компанид тодорхой хувийг нь хийлгэнэ, эзэмшүүлнэ гэсэн асуудал байх ёсгүй. Хөрөнгө босгоход л ийм асуудал байж болно. Монгол Улс нүүрсний уурхайгаа ашиглах гэж үрж ядаж байгаа. Уул уурхайг авч явах мэргэжилтэй боловсон хүчин бий. Харамсалтай нь тэднийг ашиглаагүй. Харин яаж гадаадынхныг ашигтай ажиллуулах вэ гэж аргаа олохгүй сууж байна. Түүнээс Монголд ашигтайгаар хийхэд ядах юмгүй амархан асуудал.
-Англид толгой компани нь IРО гаргадаг гэсэн. Тэгэхээр Лондонгийн хөрөнгийн биржээр дамжуулж Тавантолгойн хувьцааг арилжихын тулд толгой компани байгуулах шаардлага бий юу?
-Одоо Хятадын компаниас зээл авч байна. Ингэх нь дээрх хэлбэрийн нэг л арга шүү дээ. Өөр өөр арга байхад заавал Лондонгийн биржид хувьцаа арилжиж зарна гэсэн ойлголт байхгүй. Хонгконг,Нью-Йоркын биржүүдээс эхлээд олон бий. Асуудлын гол нь энэ биш. Харин үүнийг хийе гэсэн хүсэл, эрмэлзэлгүйд л байгаа юм.
-Дээрх асуудлуудаас гадна оны өмнөхөн УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдсан. Яах аргагүй ач холбогдолтой чухал хуулийн нэг. Уг хуулийг Та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Пропорционалийн элементийг тодорхой хэмжээнд оруулсан сонгуулийн ерөнхий системийн хувьд урагшаа нэг ахисан хууль болсон гэж бодож байгаа. Сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө намууд, суудал горлигчид сурталгаа эхэлж, тэнцвэргүй байдал үүсгэдэг. Үүнийг хааж чадлаа.. Гэхдээ энэ гаргасан журмаа хоёр нам ашиглаж, шинэ оноос өмнө сурталчилгааны материал, бэлэг тарааж, Ерөнхийлөгчөөс одон медаль гуйж авч тараасан. Ерөнхийлөгч нэмж одон медаль тараалгасан. Ийм зүйлүүд боллоо. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
-Парламентад суудал авах намын босгыг тогтоосон. Зарим улстөрчид өндөр босго тогтоолоо гэж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Анх удаа пропорциональ элемент оруулж байгаа нөхцөлд тав гэдэг бол өндөр босго. Зарим орнуудад 3.5, дөрөв гэж байдаг. Бүр долоо байх нь бий. Шинэ сонгуулийн системийн хувьд 3.5-аас эхлэх бололцоо байсан. Тавыг сонгосон нь харьцангуй өндөр юм.
-Та ирэх сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Оролцох нь ойлгомжтой. Үүнээс илүү сонгуулиас наана хийх ажил их байна. Хоёр нам ажлаа хийхээ болилоо. Ард түмний анхаарлыг өөр зүйлд хандуулахын тулд Засгийн газрыг бүрдүүлэхгүй гэж АН тоглож, нөгөөх нь Засгийн газраа бүрдүүлнэ гэж хуулийн хугацаандаа яарч байна. Үүний цаана төрийн ажил цалгардаж, ард түмний амьдрал доройтлоо. Уг асуудлыг шийдэж, зөв голдиролд оруулахад анхаарах ёстой. Хуулийн хугацаандаа бид сонгуульд оролцоно. Түүнээс наана олон асуудал байгаа. Өнгөрсөн 20 жилд монгол орныг балласан энэ хүмүүс ажлаа хийгээгүй учраас ирэх сонгуулиар Монгол Улсыг гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, сэтгэл зүтгэлтэй хүнийг сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй.
Ц.Жаргал
Эх сурвалж
Монголын үнэн
| Ц.Шинэбаяр:Зарим нь намаа удирдаж чадахгүй,гурвуулаа нийлээд нэг тамга дамжлах юм байна л даа | “МАХН, МҮАН гэрээ бол хэлбэр төдий зүйл” |
|---|


