-Хамтарсан Засгийн газар саллаа. Засгийн газрын өнгөрсөн гурван жил гаруйн хугацааны ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөгийн Засгийн газар бүрдсэн процессыг хамтарсан Засгийн газраас салгаж болохгүй. Хоёр нам анхнаасаа ард түмнээ хууран мэхлэх жүжгийг тавьсан. Хамтарсан Засгийн газрын ажлын үр дүн ямар байна вэ. Хамтраад ямар ч сөрөг хүчингүй, шүүмжлэлгүй ажиллаж, улсын өмч хөрөнгийг шамшигдууллаа. Гэтэл ард түмний ядуурал 40 хувьд хүрч, өмнөх оныхоос зургаан хувиар өслөө. 200 гаруй мянган иргэн ядуучуудын эгнээнд шилжлээ.
Хамтарсан Засгийн газрын ажлын үр дүн энэ.
Улаанбаатарын утаа буурах нь байтугай нэмэгдлээ. Монгол улс авилгын түвшингээрээ 184 оронд хийсэн судалгаагаар 124 дүгээр байрт орж, авилгад гүн идэгдсэн орны тоонд орлоо. Хамтарсан Засгийн газар байгуулагдахаас өмнө Монгол улсын гадаад өрийн хэмжээ 1.7 тэрбум доллар байлаа. Одоо өрийн хэмжээ өнгөрсөн оны эхний гурван улирлын дүнгээр 9.1 тэрбум доллар болж нэмэгдсэн. Өрийн хэмжээ 4-5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Төсвийн хөрөнгө оруулалт асар өндөр ч үр дүн нь ард түмэнд харагдахгүй байна. Хамтарсан Засгийн газар юуны төлөө байгуулагдав гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Хамтарсан Засгийн газар салж, зарим сайдыг шинээр томилсон нь хийгээгүй үлдсэн ажил, ард түмний өмнө хүлээх хариуцлагаас зугтаж байгаа хэрэг.
-Өнгөрсөн нэгдүгээр сард улс төрийн амьдрал шуугиантай байлаа. АН хэлсэндээ хүрэхгүй, сайд нарын томилгоог гацаанд орууллаа. Энэ бүхэнд та ямар дүгнэлт хийж байна вэ?
-АН дандаа ийм л жүжиг тавьдаг. Хэзээ байхдаа АН ажил хийж байсан юм. Хийдэг ажил нь улс төрийн шоу. Түүхийг хар л даа. Бүтээн байгуулалтын дорвитой ямар ажил хийсэн юм. Хийж чадаагүй шүү дээ.
-МАН Засгийн газраа дангаараа бүрдүүллээ. Шинээр томилогдсон сайд нарыг сайн, муугаар зөндөө л ярилаа. Таны хувьд хэрхэн үнэлж байна вэ?
-Ямар ч мундаг хүн сайд болоод үлдсэн хугацаанд юу ч хийж чадахгүй. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд юу ч хийгээгүй хүмүүс таван сарын дотор юу амжуулах юм. Бурхан шиг, арав гаруй мутартай байгаад ч нэмэргүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч хуучин болон шинээр томилогдсон сайд нарыг хүлээн авч уулзахдаа Хонгор сумынхны сэтгэлийг хөндчихлөө?
-Манай Ерөнхийлөгч ажил хийдэг хүн биш. Улс төрийн шоу л хийнэ. Хийж байгаа ажил нь хаана байгаа юм, байхгүй байгаа биз дээ. Хар л даа төрийн дээд одон медалийг энгэртээ хоёр гурваар нь зүүсэн хүмүүс олон байна. Одон тараадаг л хүн болчихоод байна.
-УИХ-ын чуулган тун удахгүй завсарлалаа. Дараа нь сонгуулийн шуугиан үргэлжилнэ. Батлагдахыг хүлээсэн олон хууль байна?
-Гол хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч гацаагаад байна. Улс төрийн намуудын тухай хууль, Эрүүгийн хууль зэргийг хэлж болно. Тавантолгойн хувьцааг 1072 болгоно, болохгүй гэж аар саар зүйлийг хаа хаанаа яриад өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Энэ хоёр нам хорин жил ард түмнийг хууран мэхэлж ирлээ. Түүний орыг ард түмэн л үүрч явна. Үндсэн хууль, Ашигт малтмалын хууль зөрчөөд байгалийн баялгийг хулгайлдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өнөөдөр Ерөнхий сайд нь Монголын шилдэг татвар төлөгч гэж өргөмжилж байдаг. Ийм байж Монголын ирээдүйг яаж сайхнаар харах юм бэ. Тиймээс ард түмэн өөрөөр сэтгэх хэрэгтэй болж.
-Монгол улсыг хөгжүүлэх өөр ямар гарц байна вэ?
-Ойлгомжтой. Энэ хоёр намаас л салах ёстой.
-“Хамуг Монгол” намын тухайд ирэх сонгуульд хэрхэн оролцох бол?
-Манай нам барууны сонгодог улс төрийн намуудын жишгээр сонгуульд хууль зөрчихгүй оролцоно. Хэтэвч дэх зузаанаар бус эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэгтэй хүмүүсээр намаа бүрдүүлж байна. Тиймээс ирэх сонгуульд амжилттай оролцох болно.
-Хамтарсан Засгийн газар салсан ч бусад намууд нэгдэж байна. Иргэний Зориг Ногоон намтай нэгдлээ. МАХН, МҮАН мөн нийлж, Улс төрийн холбоо байгууллаа. Энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Нэгдэж байна. Тухайн намуудын өөрсдийнх нь мэдэх хэрэг. Хамгийн гол нь Монгол улсыг хөгжүүлье гэсэн чин зорилготой хүмүүсийг гарч ирээсэй гэж боддог. Манай намын тухайд ч улс орноо хөгжүүлэх бодлогыг боловсруулсан. Тун удахгүй ард түмэндээ танилцуулна.
-УИХ-д хүчтэй гуравдагч хүчин гарч ирсэн тохиолдолд улс орон хөгжинө гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Биднийг хэн гуравдагч хүчин гэж нэрлээд байгаа юм. Тэгж нэрлэж болохгүй. Авилгачдыг нэг, хоёрдугаар хүчин гэж хэлж болохгүй шүү. Ерөөсөө улс төрийн номер нэгдүгээр хүчин байхын төлөө бид явна. Яагаад бид авилгачдын ард зогсож байх ёстой гэж. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.
-Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль УИХ-аар батлагдлаа. Хуулийн хэрэгжих хугацаа долдугаар сар. Үүнийг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж, хулгай хийчихээд хулгайчийг барих нь. Сонгуулийн өмнө хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн ч олонх үүнийг дэмжсэнгүй?
-Сайн хууль батлагдсан. Харамсалтай нь одоогийн УИХ-д хамаарахгүй нь хуулийн ач холбогдлыг унагалаа.
-Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Сайд нарын томилгоонд гацаа үүссэн тэр үед шатахуун, долларын ханш өсөж, иргэдийн нуруун дээрх ачаа хүндэрлээ. Үнийн өсөлтийг улс төртэй холбон тайлбарлах хэсэг ч байна. Таны хувьд үүнийг хэрхэн хүлээн авав?
-Үнийн өсөлт олон зүйлээс хамаардаг. Хамгийн гол нь Монголбанкны бодлогын хүү өндөр байна. Хаана ч байхгүй өндөр хүү манай улсад л үйлчилж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад банкны бодлогын хүү бараг л тэгтэй тэнцдэг. Гэтэл манайд хоёр оронтой тоонд байна. Олон жил Монгол улсад эдийн засгийн буруу бодлого үйлчилж ирсний үр дүн нь энэ. Монголын эдийн засаг импортоос хамаарч байгаа тохиолдолд валютын өөрчлөлт хамгийн их нөлөө үзүүлсэн хэвээр байна.
-МАН, АН бие биетэйгээ барьцсан хуулиудыг гаргадаг. Сүүлд л гэхэд МАН олон хүүхэдтэй эхчүүдийн мөнгө гэж ярьж байна. Гэтэл АН дахиад л хүүхдийн мөнгө гэж ярьж эхэллээ?
-Энэ чинь бүгдээрээ хуучин зүйл. Шинээр юм ерөөсөө сэтгэж чадахгүй болсон байна энэ хоёр нам. 2004 онд ярьж байсан эхчүүд, хүүхдүүдэд мөнгө олгох тухайгаа л яриад байдаг. Арай өөр гарцыг яагаад хайж болохгүй гэж. Нийгэмд хамгийн их тулгамдсан ямар асуудал байна, түүнийгээ бодит ажил болгох хэрэгтэй. Үр дүнтэй зүйл хийх хэрэгтэй байна.
-Сонгуулийн тухай хууль танай намд хэр ээлтэй болов?
-Сонгуулийн тухай ямар ч хууль батлагдсан түүнийг улс төрийн намууд үг дуугүй хэрэгжүүлэх үүрэгтэй. Сонгуулийн хуулийг дандаа л МАН, АН хоёр зөрчиж ирсэн. Одоо ч зөрчинө. Яагаад гэвэл хууль нь солигдсон ч хуулийг зөрчдөг хүмүүс нь хэвээрээ байгаа. Гол нь хуулийг зөрчдөг хүмүүсийг солих хэрэгтэй байхгүй юу. Тиймээс ирэх сонгууль шударга болно гэдэг эргэлзээтэй. Тиймээс хууль сайн болсон гэж хууртах хэрэггүй болов уу.
-Сонгуулийг автомат машинаар тоолно. Ядахдаа тооллогын дүн бодитой гарна биз дээ?
-Сонгуулийг зохион байгуулж байгаа хүмүүс нь ямар намынх байх вэ. Сонгуулийн нэрсийн жагсаалт бодитой гарах уу зэрэг асуудал гарна. Энэ хоёр нам чинь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрсдийн мэдэлд авах гэж булаацалдаад байгаа. Гол шалтгаан нь сонгууль. Хүн амын бүртгэл судалгаанд өчнөөн асуудал бий. Амьд байгаа хүнийг нас барсан. Амьд хүнийг давхар бүртгэх зэрэг асуудал байсаар байна.
-Ирэх сонгуулийн үр дүнд улс төрийн амьдрал хэрхэн өрнөх бол?
-Ард түмэн зөв сонголт хийх хэрэгтэй. Өнгөрсөн хорин жилийнх шигээ явах юм уу. Үгүй гэвэл өөрөөр харах хэрэгтэй.
-Хорин жилийн амьдрал болохгүй байсан гэж та яриад байна. Гэхдээ та сүүлийн жилүүдэд улс төрд байгаа. Яагаад хөндлөнгийн хүн шиг яриад байгаа юм бэ?
-20 жилийн сүүлийн дөрвөн жилд нь улс төрд зүтгэлээ. Болохгүй байгааг нь олж харлаа. Ойр орчны хүмүүсийн амьдрал хүнд байна. Өөрчлөх хэрэгтэй гэдгийг хэлээд байна шүү дээ.
-УИХ-д та шиг бодолтой хүмүүс хэр олон бол?
-Байгаа. Хамгийн гол нь ил тод хэлж чадахгүй байна.
Ш.Ундармаа
Эх сурвалж
Үндэсний мэдээ сонин
| Ц.Шинэбаяр: Хулгайч аав, хулгайч хүү хоёртой намайг дүйцүүлэх хэрэггүй | Ц.Шинэбаяр:Зарим нь намаа удирдаж чадахгүй,гурвуулаа нийлээд нэг тамга дамжлах юм байна л даа |
|---|


