"Хөгжил дэвшлийн төлөө Засаг төр юу хийх вэ"

Дэлхий даяар толгой эргэм хувьсал, өөрчлөлт түргэн хурдацтай явагдаж байна. Өнгөрсөн үеийн түүхэн гашуун сургамжууд, хүрээлэн буй орчны эрс өөрчлөлт, технологийн үсрэнгүй хөгжил, даяаршил зэрэг үзэг дэл, үйл явц нь нийгмийн зохион байгуулалт, үйл ажиллагааны механизмыг "хянан засварлах"-аас аргагүйд хүргэв. Үүнтэй зэрэгцэн ядуу дорой байдалтай тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг асуудал нийгэмд ужигран тулгамдсаар байна. Иймд улс орны зохион байгуулалтын нэгдлийг дээд төвшинд хангах үүрэгтэй, хууль ёсны засаглах бүрэн эрх бүхий онцгой институт-засаг төрийн гүйцэтгэх үүрэг, агуулга ч мөн адил хариу хувьсан өөрчлөгдөх шаардлагыг нөхцөлдүүлэв. Үүнтэй уялдаж өөрийн орны өнөөгийн нийгэмшлийн төлөв байдлыг болон хэтийн хөгжлийн чиг хандлагыг зөв үнэлж тооцоолсны үндсэн дээр төр юу хийх ёстой, юу хийх ёсгүй, хийх ёстой зүйлээ яаж хийх вэ гэдгээ сайтар тунгаан шүүж, зүй зохистой тэнцвэртэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.
Төрийн ажил үүргийн, ялангуяа эдийн засаг дахь үүрэг оролцооны талаар өнгөрсөн зуунд улс төрчид, эдийн засгийн онолчид хүчтэй маргаан мэтгэлцээн дэгдээж, тэр бүү хэл дэлхий дахин "капиталист, комммунист лагерь"-т хуваагдаж онол, практикийн ширүүн сөргөлдөөн явуулж хэрхэн төгссөнийг бид мэднэ. Төр нийгэм, эдийн засгийн хөгжилд маш хязгаарлагдмал оролцоо үүрэгтэй тухай Адам Смитээс эхлэлтэй чөлөөт зах зээлийн эдийн засгийн хөгжлийн стратеги өнгөрсөн зууны 30-аад оны Их Хямралаар Кейнс ч буюу өнөө хэр шүүмжлэл маргааны төвд байгаа төрийн зохицуулалттай чөлөөт зах зээлийн эдийн засгийн хөгжлийн стратеги хүчтэй гарч ирснээр давамгай байр суурь нь суларсан бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай захиргаадан тушаах улс төрийн дэглэм үндсэндээ сүйрч, хөгжиж буй олон улс орны төр зонхилогч үүрэгтэй байх хөгжлийн стратеги бүтэлгүйтэх болов. Түүнчлэн төр нь уналтад орсон Сомали, Заир зэрэг улсад эмх замбараагүй байдал, хүчирхийлэл гаарч өлсгөлөнд нэрвэгдсэн саяхны жишээ бий. Одоо ч гэсэн өндөр хөгжилтэй нэлээд улс оронд "бүх нийтийн сайн сайхан байдлын төр"-ийн санхүүгийн хямрал нүүрлэж, дэлхийн янз бүрийн хэсэгт түгшүүрт цэг, гамшигт байдал урьд хожид үзэгдээгүйгээр өсч, хөгжиж буй улс орнууд өөрийн хөгжлийн адармаатай цаг үедээ явна.
Энэ бүхнийг дурдахдаа "төр дандаа муу, эсхүл дандаа сайн ажилладаг"-гүй болохыг хэлэх гэсэн хэрэг. Тодруулбал, төрийн тусламжтайгаар эрүүл мэнд, боловсролын салбарт болон нийгмийн тэгш бус байдлыг багасгах үйлсэд маш их ололт амжилтад хүрч байсан хэдий ч түүнээс багадахааргүй хохирлыг төрийн үйл ажиллагааны улмаас ард иргэд нь хүлээж болдгийг мартах учиргүй юм. Бас яагаад Зүүн Азийн улс орнуудад төр нь "эдийн засгийн гайхамшиг"-т амжилтад хүрэхэд нөлөөлж чадаад байна, яагаад Шинэ Зеланд, Финлянд, Норвеги, Эстони зэрэг улсад болохоор төр нь үр ашигтай ажиллаж чадаж байна гээд анхаарч үзвэл төр нь сайн ажиллаж чадаж байгаа улсын жишээ цөөдөхгүй.
Эдгээрээс үүдэж төрийг "сайн, муу ажиллах"-д хүргэдэг үндсэн хүчин зүйл юу вэ гэдэг асуудал тавигдана. Үүнд судлаачид, эрдэмтэд "төрийн үр ашигт чанар"-ын чухлыг цохон тэмдэглэж байна.
Үнэхээр "үр ашигтай төр"-гүйгээр нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил дэвшил байх боломжгүй юм. Ингэхдээ төр хөгжлийн шууд эх сурвалж бус, түүнийг дэмжин туслагч, түншлэгчийн хувиар нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвд байх ёстойг хуримтлуулсан мэдлэг, туршлага маань сургаж байна.
Та энэхүү номыг уншиж мөн татаж авах боломжтой Дэлгэрэнгүй...