УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцсанаа хүргэж байна.
-УИХ-ын чуулганаар Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчнмжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаарх таны байр сууриар яриагаа эхлэх үү?
-Монгол Улсын хөгжилд онцгой анхаарах ёстой гурван асуудал бий. Зам, тэр дундаа төмөр зам сайн байснаар бусад бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдана. Мөн газрын тос, эрчим хүчний асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэхгүй бол маш удаашралтай байгаа юм. Тухайлбал газрын тосыг манай улс 100 хувь импортоор авч байна. Уг нь өөрийн гэсэн газрын тостой байснаар цаашдаа хэвийн хөгжих нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэ талаар төрөөс тусгай бодлого гаргаж хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт газрын тосны баялаг байгуулна гэж бий. Гэсэн ч тодорхой арга хэмжээ хийгдэж байгаа нь харагдахгүй, ажил хийгдэхгүй, маш удаан байна.Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гээд төсөл гаргаад явж байгаа хүмүүс бий.
Гэтэл тэр нь тодорхой дэмжлэг авалгүй гурван жил боллоо, Иймэрхүү байдлаар явбал асуудал шийдэгдэхгүй гэж үзсэн зарим гишүүн газрын тосны үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Монгол Улс газрын тосны асуудлаа хоёр замаар шийдэх хэрэгтэй. Нэгдүгээрт газрын тосны түүхий эдтэй Дорнод,Дорноговийн орчимд гарч буй түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадал нь таарсан үйлдвэрийг байгуулах. Хоёрдугаарт газрын тосны бүтээгдэхүүнгүй баруун бүсэд нүүрсийг шингэрүүлэх замаар нефтийнбүтээгдэхүүн гаргах боломжийг ашиглах. Газрын тосны үйлдвэрийг бүсчлэн байгуулах нь хамгийн зөв зүйтэй санал. Өөрөөр хэлбэл Дорнодоос гарсан нефтийг баруун тийш нь зөөхөөр мэдээж тээврийн зардал нэмэгдэнэ.Тиймээс бүсчилж байгуулахад гарч буй бүтээгдэхүүний өртөг, зардал хямд байх болно. Үүнд төрийн бодлого маш тодорхой ёстой.Тухайлбал газрын тосныүйлдвэрээ баруун,зүүн бүсэд ямар байдлаар,яаж байгуулах вэ,хэрэглээгээ хэдий хэмжээтэйгээр яаж хангах вэ гэх зэрэг бодлогыг Засгийн газраас боловсруулан гаргаж ирэх ёстой.-Томоохон бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжих шатандаа гацаанд орох нь түгээмэл байдаг. Мэдээж хөрөнгийн асуудал дээр гацаанд ордог гэхэд болно?
-Бодлого тодорхойлсны дараа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж улсын төсвийн хөрөнгөөр бүгдийг нь барьж чадахгүй. Тиймээс зарим хэсэг нь зээлийн хөрөнгө, концессын гэрээгээр байх болов уу.Ямартай ч манай улсад хөрөнгө оруулъя гэсэн улс бий. Германы канцлерын айлчлалын хүрээнд Монголд нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ гээд гарын үсэг зурсан. Энэ чинь маш том амжилт шүү. Улсдаа тэргүүн техник, технологийг нэвтрүүлэх боломж ирж буй явдал. Гэхдээ удааж болохгүй, даруйхан шийдэх ёстой. Боломж байсаар байтал ашиглаж чадахгүй, импортын нефтиэр байх юм гэсэн байр сууринаас хандах хэрэгтэй.-Эрчим хүчний асуудал ч ялгаагүй, явц нь маш удаан байна. Энэ салбарын хүний хувьд бас чимээгүй байж болмооргүй санагдах юм?
-Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн эх үүсвэр, хүчин чадал нь эцэстээ тулчихаад байна. Тиймээс цаашид бидний яриад байгаа Тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлж, богино хугацаанд барьж байгуулах ёстой. Зөвхөн газрын байршлыг нь сонгож чадахгүй ярьсаар 4-5 жил болсон шүү дээ. Концессын гэрээ, төр, хувийн хэвшлийн гэрээгээр барьж байгуулна гэж Засгийн газраас шийдвэрлэж, олон улсын тендер зарласан. Дараа оны эхээр барьж байгуулахгүй бол бид эрчим хүчний хязгаарлалтад ороход ойрхон байна. Эдгээрийг шийдсэний дараа Монгол Улсын хөгжил хэвийн горимоор явах боломжтой. Мөн манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй. Ус, нар салхи, газар доорх био хий, газрын гүний дулаан зэргийг зөв зохистой ашиглах ёстой.-Станцуудыг уурхай түшиглэн баривал өртөг хямд тусна шүү дээ?
Тэгнэ.Тухайлбал Зүүн бүсийн хэрэглээ маш их байна. Мөн оюу толгой ашиглалтад орсон цагт 270 мвт-ын цахилгаан хэрэглэгдэнэ гэсэн тооцоо бий. Тэгвэл таван толгойд цахилгаан станц барих ёстой. Багануурын уурхайг ч түшиглээд барих нь зүйтэй. Ингэснээр өртөг хямд цахилгаан гардаг. Ердөө бодлогоо зөв тодорхойлох нь хамгийн чухал.-УИХ-ын гишүүний хувьд улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтын ажил ийм байж. Сонгогдсон тойргийн тань талаар сонирхмоор байна?
-Бид тойрогтоо байнга очиж олон түмнийхээ саналыг сонсож, төр засгийн бодлогыг танилцуулж, мөрийн хөтөлбөрийг байнга хэрэгжүүлдэг. Өнгөрсөн есөн сард аймгийнхаа 13 сум, 86 багаар орж, сонгогч түмэнтэйгээ тулж уулзаж ярилцаад, сэтгэлийг нь сонсож чадсан. Баян-Өлгий аймгаас сонгогдсон гурван гишүүн хамт явсан. Эвт шаазгай буга барина» гэж үг бий. Иргэд маань төр засаг хамтарч ажиллаж Монгол Улсынхаа хөгжил, ард түмний амьдралын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл дүүрэн байна. Тойргийнхон маань өнөөгийн төр засгийн бодлогыг талархан дэмждэг юм билээ. Ялан-гуяа хөдөөгийн малчин түмний амьдрал ахуйд сайнаар нөлөөлөх бодлогууд нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Манай аймгийн хувьд 100 гаруй мянган иргэнтэй. Тэнд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь ажилгүйдэл. 3000 ажилгүй иргэний ихэнх нь дээд боловсролтой гэсэн судалгаа бий. Энэ бол боловсролын тогтолцоо муу байгаагийнх.- Хөдөөнөөс хот суурин руу шилжих нүүдэл багасахгүй байна.600 хүнтэй сум байхад 10000 хүнтэй баг байх жишээтэй.Баян-Өлгийн хувьд ямар байгаа бол?
- Манай аймаг 13 сум, нэг тосгонтой. Аймгийн төв Өлгий сум 30 орчим мянган хүнтэй, бусад том гээд байгаа сумд нь 5-8 мянган иргэнтэй. Аймгуудын адил сум дотор том баг бий. Тухайлбал Улаанхус сумын Хөх хөтөл баг. Тэндхийн дунд сургуульд 600 хүүхэд сурдаг. Тэдний 350 нь дотуур байранд амьдардаг. Үүнийг зарим хүн ойлгодоггүй. Төсөвт багийн сургуулийн засвар гээд суулгуулахад яагаад багийн сургуульд дотуур байрны асуудал байдаг юм бэ гэх зэргээр гайхаж байсан. Байдал үнэхээр тийм байгаа шүү дээ. Тэгэхээр засаг захиргааны хуваарилалтыг маш зөв, сайн зохион байгуулах ёстой.-Нэгэнт тантай уулзсаных сэтгүүлчийн ч гэмээр сониуч зүйл асуухад Монгол Улс цаазын ялгүй болох тухай яригдаж байхад Баян-Өлгий аймагт саяхан цаазын ял оноолоо?
-Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт маш харамсалтай хэрэг гарсан. Үнэхээр хүн чанаргүй, аймшигтай хэрэг. Хуулийн байгууллага шалгаж, тогтоож, эцэст нь шүүх шийдвэрлэж байгаа учраас зүй ёсны асуудал гэхээс өөр аргагүй. Монгол Улс цаазын ялаас татгалзаж байгаа тухай яригдаж л байна.Хуулинд өөрчлөлт ороогүй, хэвээрээ байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд цаазын ялыг хорих ялаар сольсон. Аливаа асуудал 2 талтай. Хүн чанарынхаа хувьд цаазлах нь тийм сайн хэрэг биш. Гэхдээ хэн нэг хохирогч сайнаар хүлээж авахгүй.Харин дөнгөж дунд сургууль төгссөн хүүхдүүд яагаад хэрэгт холбогдов гэдэгт бид анхаарах ёстой.Хүүхэд, залуучуудын хүмүүжил, нийгмийн харилцааны асуудлуудыг харах хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсөн хэргийн хойноос бус болохоос нь урьдчилан сэргийлдэг байх нь чухал. Зах зээлийн харилцаанд шилжих,. шилжилтийн явцад хүмүүсийн хүмүүжил хоорондын харилцаа мууд-сан нь харагдаж байна. Урьд нь ийм зүйл байгаагүй. Тэр дундаа казах түмэн хүний амь хөнөөх байтугай шавж, амьтан хөнөөж болдоггүй хэмээн сургаж ирсэн. Одоогийн ороо бусгаа үед шал өөр болж. Тэгэхээр хүүхэд, залуучуудаа сайн хүмүүжүүлэх ёстой.
-Өөрөөр хэлбэл дээрх асуудлаас болоод өлгийчүүд тусгаар улс мэт хандлага гаргалаа гэж байна л даа?
-Баян-Өлгий аймаг Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг. Тусгаар улс биш. Тусгаар байх шаардлага байхгүй. 1912 онд Богд хаант Монгол Улсад, монгол нутагт амьдаръя гэж өргөх бичиг барьж, иргэд нь болж байсан түүхтэй. Түүнээс хойш 1921 онд Ардын Хувьсгал ялахад ч казах түмэн монголчуудын нэгэн адил тэмцэж байсан. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдаж байлаа. Үндсэн хуулиндаа эрх тэгш байна гээд заагаад өгчихсөн. Энэ бол үе үеийн монгол төрийн зөв мэргэн бодлогын үр дүн. Дэлхийн казахуудын холбооны 1990-ээд оны эхээр болсон хурлаас зан заншил, хэл соёл, шашин шүтлэг гээд үндэсний үнэт зүйлүүдээ хадгалан үлдсэн хэсэг нь Монголын казахууд гэж дүгнэж байсан. Энэ бол төрийн мэргэн бодлого. Үүгээрээ бахархах ёстой. Үүний үр дүнд Монголд байгаа казахуудыг хэн ч цөөнх гэхгүй эрх тэгш сурч боловсорч, сайхан амьдарч байна. Биднийг эрх гэж хэлж болохоор байгаа юм.Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| А.Тлейхан: Улс төр,эдийн засаг хоёр холилдохоороо бантан болдог | А.Тлейхан: Сонгогчид нам гэхээсээ сонгосон гишүүнээ шахах болжээ |
|---|


