5 сарын 25
  • tleikhan_blic_02
  • tleikhan_blic_01
  • tleikhan_blic_03
  • tleikhan_blic_04
  • tleikhan_blic_05

А.Тлейхан: Улс төр,эдийн засаг хоёр холилдохоороо бантан болдог

Уншсан: 759 И-мэйл Хэвлэх PDF
МОНЦАМЭ агентлаг энэ удаагийн “Редакцийн зочин”-оороо УИХ-ын гишүүн А.Тлейханыг урилаа.
Эрчим хүчний инженер, үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр Улаанбаатарын 3-р цахилгаан станцад цехийн мастераас ажлын гараагаа эхэлж, үйлдвэрийн дарга хүртэл албыг хашиж явсан. 1980-аад оны эхэн үед III цахилгаан станцын үйл ажиллагаа доголдож байсан үед нийслэл хотыг хөлдөх аюулаас аврах ажлыг удирдан, тодорхой хувь нэмэр оруулсан цөөхөн хэдэн инженерүүдийн нэг юм. 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Эдийн засаг, нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн.
“Редакцийн зочин”-ы ярилцлагад МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэн, МОНЦАМЭ мэдээ сонины ерөнхий эрхлэгч Б.Номинчимэд, сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг, Г.Энхмандуул нар оролцлоо.

-Юуны өмнө манай сонинд зочлон ирсэнд талархлаа илэрхийлье. Та Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн. Таны хувьд нутаг уснаасаа хол олон жил болсон. Гэтэл энэ олон жил таныг марталгүй байж, нэрийг чинь дэвшүүлж, сонгосны учир юунд байдаг бол ?
- “МОНЦАМЭ мэдээ” сонины редакцид ирж , санал бодлоо олон түмэнд илэн далангуй хүргэхэд боломж олгож байгаад талархаж байна. 2007 оны 6 дугаар сард манай намын хоёр залуу надтай ирж уулзсан. Баян-Өлгий аймгийн залуучууд юм билээ. “2008 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийг судалж явна. Судалгаа хийгээд таныг нэр дэвшихэд боломжтой юм байна гэж үзээд ирлээ.
Сонгуульд оролцооч” гэсэн санал тавьсан л даа.
Би УИХ-ын гишүүн болъе гэж гүйж, зүтгэж байгаагүй л дээ. Гэтэл залуучууд ирээд санал болгоод байдаг. Тийм болохоор би сонгуульд оролцвол бас суудал авах ч боломж байгаа юм болов уу гэж үзээд “Судалж үзье” гэсэн хариу өгсөн юм. Тэгээд 10 дугаар сард нь Баян-Өлгий аймгийн 14 сумаар долоо хоног явсан. Олон түмэнтэй уулзаж ярилцаж явлаа. Тэндээс байдлыг хараад байхад бас боломж байгаа юм болов уу гэж бодогдсон. Тэгээд л намдаа УИХ-ын сонгуульд нэр дэвших саналаа тавьсан. Харин яагаад олон жил болоход мартагдаагүй байгаад миний мэргэжил нөлөөлсөн байх. Би эрчим хүчний мэргэжилтэй хүн. 1970-1980-аад онд эрчим хүчний салбар маш хүнд байлаа. 1978 онд дэлбэрэлт болоод их хүнд байсан үе Тэр үед IV цахилгаан станц гэж байгаагүй. Энэ үед эрчим хүчний салбарыг хүндэрлээс гаргах гэж их явсан.
Тэгэхэд Тлейхан гэж нэг хүн явдаг гэж хэвлэлээр их гардаг
Их загнуулдаг, шүүмжлүүлдэг ч байсан байх. Дараа нь сүүлийн 12 жилд Монгол орны цахилгаанжуулалтын бодлогыг хэрэгжүүлсэн байгууллагын орлогч дарга, албаны даргыг хийж явсан. Энэ ажлыг хийж байхдаа Монгол орны бараг бүх суурин газраар цахилгаанжуулах ажлаар явж байлаа. Ингээд бодоход ганцхан Баян-Өлгийнхөн төдийгүй бусад аймгийнхан ч намайг сайн мэддэг болсон шиг байгаа юм. Миний ажил ч сайхан, дандаа гэрэл гэгээ түгээж явдаг их буянтай ажил юм даа.

Нүүрс хөтөлбөр урагшаа явахгүй байна
- Таныг мэргэжилтэй холбоотой асуултууд их байнаа. V цахилгаан станц барина гэж ярьж ярьж сүүлдээ III цахилгаан станцын өргөтгөл болж дуусаж  байна гэж ярих юм. Энэ үнэн үү?
-Цахилгаан эрчим хүчний 90 гаруй хувийг дотоодоос, 10 орчим хувийг импортоор авч байгаа. Голдуу ОХУ-аас авдаг. Хятадаас ч бага хэмжээгээр авч байна. Цахилгаан дулааны шинэ эх үүсвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд буюу концессийн гэрээгээр барихаар болсон. Цахилгаан станц барих тийм амар ажил биш л дээ. Наад зах нь 3 жил. Шинэ станцыг хоёр үе шаттай барих ёстой.
Тэгэхээр 2020 он хүртэл бараг үргэлжлэх байх л даа. Үүнээс наана 5 дахь эх үүсвэр орох хүртэл Улаанбаатарын дулааны хэрэгцээг шийдэх хэрэгтэй болж байгаа юм.
Манай инженерүүд тооцоо судалгаа хийж байгаа байх. Дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлыг 5 дахь эх үүсвэрийг хүлээхгүй шийдэж болно. Одоо ажиллаж байгаа II, III, IV дүгээр цахилгаан станцыг дулаан гаргах чадварыг нэмэгдүүлж болох юм байгаа юм. Цаашдаа хүссэн хүсээгүй V дугаар цахилгаан станцыг барих хэрэгтэй болно. Түүнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг манайх ашиглах хэрэгтэй байна. Өвөл зунгүй ажилладаг усан цахилгаан станц барих хэрэгтэй. Эхний ээлжинд Тайшир, Дөргөний УЦС баригдаад ашиглалтаа ороод явж байна. УЦС барихад байгаль орчин сүйднэ гэж эхлээд нэг хэсэг ярьдаг байсан. Одоо тийм юм байхгүй шүү дээ. Усан сан байгуулахтай холбоотой хот айлуудыг нүүлгэх асуудал байдаг л даа. Далангаа сайн баривал бүхэлдээ усад автчих аюул байхгүй.

Нарны цахилгаан станц байгуулах боломжтой.
Монгол хамгийн олон өдөр нар гардаг, хөх тэнгэрийн орон. Энэ их эрчим хүчийг ашиглах ёстой. Одоо манайд 10-аад суманд 150 квт хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц бариад ажиллаж байна. Гэхдээ нарны станц эхэндээ чанар муутай байсан. Түүнээс болж жаахан ам муутай байсан байх. Тэр асуудлыг шинээр бүрдсэн УИХ, Засгийн газар хэлэлцээд тодорхой чиглэл өгч, засч хэвийн болгосон. Ер нь нарны цахилгаан станц барих хэрэгтэй. Ингэхдээ орчин үеийн технологи ашиглах ёстой юм. Өмнөговь аймгийн Ноён суманд 200 квт-ын нарны цахилгаан станц барьж туршсан. Олон жил ашиглаад ирэхээр зай нь сууж, дахин шинэчлэх хөрөнгө мөнгөнөөс болоод үр дүн муутай болсон. Тиймээс зайгаар ажилладаг станц барих биш харин турбинээр ажилладаг станц барих нь зөв юм. Ийм технологи гарч ирсэн байна. Бид эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төсөл боловсруулах ажилтай холбоотой Барселонд явж байхдаа ийм технологи бүхий нарны цахилгаан станцтай танилцсан. Тэр бол ерөөсөө галт шилний зарчмаар л ажилладаг. Бид одоо нүүрсээ түлж ус буцалгаж турбинээ ажиллуулж байгаа. Тэр бол нарны энергийг цуглуулаад усаа буцалгаж түрбин ажиллуулдаг юм билээ. Салхин цахилгаан станц барих асар их боломж байна.
Манай орон салхины эрчим хүч ихтэй орон.
Төв аймагт Салхит уул гэдэг газарт хувийн компани салхин цахилгаан станц барихаар ажиллаж эхлээд байгаа. 50 мвт-ын салхин цахилгаан станц барихаар төвийн шугамнаас 110-ын шугамаа татаж байна. Замаа тавьчихсан, гүйцэтгэх компаниа хүртэл сонгоод байгаа юм билээ. Ирэх оны эцсээр ашиглалтад орох юм. Цаашдаа хувийн компаниуд 300 мвт хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар судалгаа хийж байгаа. Сэргээгдэх эрчим хүч бол их ашигтай зүйл. Агаар бохирдуулахгүй, байгаль орчинд хоргүй. Дэлхий нийт ч энэ рүү чиглэж байгаа. Тиймээс манайх ч энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний хуультай, Үндэсний хөтөлбөртэй болж хууль эрх зүйн орчин бүрдсэн. Харин сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр байдаг. Тиймээс энд төрөөс татаас өгөх хэлбэрээр ажиллах хэрэгтэй юм.
- Орхон, Эгийн голын УЦС барих асуудал юу болсон бэ? Нэг хэсэг эрчимтэй ярьж байсан ч сүүлдээ больсон.
- Эгийн голын УЦС-ын бүр гүйцэтгэгч сонгон шалгаруулах шатандаа хүрээд зогссон. Би гайхдаг юм. Эгийн гол, Орхоны УС-ыг барьж байгуулаад ашиглавал үнэхээр чухал зүйл. Эдийн засгийн чухал асуудлыг улс төрийн шалтгаанаар гацаачихдаг явдал байна. Эдийн засаг нь эдийн засгаараа, улс төр улс нь төрөөрөө байх ёстой. Энэ хоёр холилдохоороо бантан болоод байна. Тиймээс мэргэжлийн хүний ажлыг мэргэжлийн биш хүн өлгөж авч будлиулдагаа больж, мэргэжлийн хүний үгийг сонсох ёстой.
Орхонд УЦС барих л ёстой. Хөрөнгийг нь гаргая гэсэн компани ч байсан. Нэгэн үе УЦС хэрэгтэй юу үгүй гэж ярьдаг үе байсан. Одоо дунд шатны хоёр цахилгаан станц ашиглалтад ороод өвөл зунгүй ажиллаж байна. Сэлэнгэ мөрөнд ч барьж болно. Ховд, Баян-Өлгий аймгийн зааг дахь Эрдэнэбүрэнгийн хавцалд ч барих боломжтой.
- “Нүүрс” хөтөлбөрийг бас их олон жил ярьж байна. Бүр өмнөх УИХ-ын үед ярьж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр өргөн баригдаа ч үгүй байна?
-“Нүүрс” хөтөлбөр их олон жил яригдсаан. 2008 онд 4 жилийн хөтөлбөрөө боловсруулахдаа УИХ-аас гарах хууль, шийдвэрийн жагсаалтад Нүүрс хөтөлбөрийг оруулсан. Ер нь энэ дөрвөн жилд салбарын шинжтэй дөрвөн асуудлыг шийдэх ёстой байсан. Эхнийх нь Эрчим хүний салбарыг эдийн засгийн хүндрэлээс гаргах. Энэ чиглэлээр миний бие ажлын хэсгийг ахлан ажиллаад, өнгөрсөн онд УИХ-ын 72 дугаар тогтоол гарсан, одоо хэрэгжиж байгаа.

Эрчим хүчний салбарын алдагдал буурч эхэлсэн.
2014 оноос эрчим хүчний салбар биеэ даах болно. Хоёрдахь нь, эрчим хүчний хуульд зарим өөрчлөлт оруулах. Энэ асуудлыг одоо хэлэлцэж байна. Гуравт нь, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гарах ёстой. Энэ хуулийн төслийг боловсруулаад бараг бэлэн болж байгаа. Дөрөвт нь, “Нүүрс” хөтөлбөр батлах ёстой юм. Харамсалтай нь энэ хөтөлбөр урагшаа явдаггүй. ЭБЭХ-ний яамныхантай ярьсан. Удахгүй өргөн барина гэсэн. Би “хэрэв болохгүй байгаа бол гишүүд өргөн барья” гэсэн. Гэтэл тэд “хүлээж байгаарай, бид өргөн барина” гээд байгаа. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн зэс байсан бол одоо нүүрс болсон. Ийм үед нүүрсний бодлого тун чухал. Одоогийн байдлаар компаниуд янз бүрийн үнээр нүүрс гаргаж байна. Зарим нь ямар үнээр гаргаж байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа. Үүнээс харахад Монголын баялгийг нэг цонхоор гаргах ёстой. Дотоодын бирж байгуулж, түүгээр дамжуулсан ч болно. Ийм нэг төрийн бодлого байх ёстой юм.
-ЭБЭХ-ний яамныханд хөтөлбөр өргөн барих эрмэлзлэл байна уу? Зориуд удааж, цаг хожиж байгаа юм биш үү?
- Арай тийм бодол байхгүй байх аа. Сайдуудын хүслээр болохгүй л дээ. Нийгмийн захиалга байна. Саяхан нүүрсний салбарын зөвлөлгөөн болсон. Тэр үеэр ЭБЭХ-ний дэд сайд Ариунсан бүр амлалт аваад үлдсэн. 10 гаруй хоногийн дараа өргөн барина гэсэн.

Зоригт сайдыг буруутгах боломжгүй

-ЭБЭХ-ний сайд Зоригтыг огцруулах асуудлыг гишүүд тавьсан. Огцруулах тухай үндэслэлд нь эрчим хүчний салбартай холбоотой асуудлууд байсан. Та мэргэжлийн хүний хувьд энэ үндэслэлүүдийг хэр бодитой гэж үзэж байгаа вэ?
-Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр удаа тавьсан. Огцруулах үндэслэлд нь 6-7 асуудал байсан. Тэр үндэслэлүүдийг нь харахад Зоригт сайдыг бас буруутгаж болохгүй зүйлүүд байгаа юм. Тухайлбал, нийслэлийн захын хорооллын айлууд цахилгаангүй байна гэсэн байсан. Энэ нь хэдийгээр үнэн ч шууд Зоригт сайдад хамааруулан буруу өгч болохгүй байгаа юм. Яагаад гэхээр улсын төсөвт гэр хорооллыг цахилгаанжуулах хөрөнгийг боломжийн хэмжээгээр суулгаж өгөхгүй байна. ЭБЭХЯ гэр хороооллыг цахилгаанжуулах хөрөнгийн талаар саналаа өгдөг ч тэрнийх нь тал нь л төсөвт тусгагддаг. Тэгэхээр үүнээс болоод Зоригт сайдыг буруутгах боломжгүй гэж харж байгаа. Зарим талаараа Зоригт сайд удаан ажиллаж байгаа байх. Гэхдээ ажил хийх гээд явж байгаа хүнийг зүйл бүрээр улс төрийн агуулгаар муучлаад байж болохгүй.
-Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал шийдэгдэхгүй байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Асгатын мөнгөний ордыг ашиглах тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. 2007 онд Асгатын мөнгөний ордын асуудлыг авч хэлэлцээд ОХУ-ын “Полиметалл” компанитай хамтран ашиглах гэрээ хийхээр Засгийн газар УИХ-д оруулсан. Гэтэл УИХ улс төрийн шалтгаанаар батлаагүй. Түрүүний хэлдгээр улс төр, эдийн засаг хоёр холилдвол бантан болдог гэдэг нь энэ л дээ. Хэрвээ батлагдсан байсан бол Оюутолгой, Тавантолгойн адил том бүтээн байгуулалт эхэлж, олон ажлын байр бий болж, бүс нутгийн хөгжилд ч томоохон хувь нэмэр оруулах байсан юм.
-Улс төрийн шалтгаан гэдэг нь ямар шалтгаан байсан юм бол?
-Тэрийг би мэдэхгүй. УИХ-ын гишүүд л дэмжээгүй юм билээ. Оростой хамтрахгүй гэсэн юмуу, эсвэл өөр хэлбэрээр ашиглана гэсэн юмуу . Мэдэхгүй юм.  Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл нь 10 гаруй жил “Монголросцветмет”-д дарагдсан. Юу ч хийлгүй, өндгөө дарсан шувуу шиг олон жил дараад байгаа юм. Тиймээс тэр тусгай зөвшөөрлийг төр аваад олон улсын тендер зарлаж, гүйцэтгэгч сонгон шалгаруулъя гэсэн саналыг Баян-Өлгий, Увс аймгаас сонгогдсон хэсэг гишүүд тавиад байгаа. Жил гаруй болж байна. Одоохондоо тодорхой шийд гараагүй байна. Ямар ч байсан эхлэх ёстой. Удаад л байна.  Харин “Полиметалл”-ынхан 2008 оны хямралын үеэр хөрөнгө оруулах боломжгүй гэж мэдэгдсэн юм гэнэ билээ. Сүүлд нь тэд “та нар ухаантай хүмүүс шүү. Тэр үед бидэнд өгсөн бол одоо бид бүр хүнд байдалд орох байж” гэсэн гэнэ билээ. Хошигнож ч байгаа юмуу даа.
-Олон улсын тендер зарлана гэлээ. Оросоос өөр гадны улсууд орох боломж байх уу?
-Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын 6 гишүүн энэ ордыг очиж үзсэн. Асгатын ордын хажууд нэг жижиг гол бий. Баруун талаар нь тойрч явж хүрдэг юм билээ. Уг нь зүүн талаар нь 12 км зам тавьчихвал шууд хүрэх боломжтой. Тэндхийн барилгын цэргийн ангийнхан судалгаа хийгээд 3.5 тэрбум төгрөгөөр зам тавих боломжтой гэсэн байна билээ.
-Атомын эрчим хүч Монголын ирээдүй мөн үү? Үүнтэй холбоотой цөмийн хаягдал булшлах тухай яриа гарсан талаар эрчим хүчний мэргэжлийн хүний хувьд таны үгийг сонсмоор байна. Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн Лхагважав Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинээр батлахдаа өмнө нь байсан тэр цөмийн хортой хаягдал булшлах, оруулах тухай хориглосон заалтыг байхгүй болгосноороо манайд цөмийн хаягдал булшлах асуудлыг нээлттэй болгосон гэж ярьсан. Тэгэхээр ийм байдлаар цөмийн хаягдал булшлах эх үүсвэр тавигдсан юм биш байгаа. Ерөнхийлөгч сая зарлиг гаргаж, ийм асуудал байхгүй гэдгийг мэдэгдлээ л дээ. Гэхдээ л үндэс суурийг нь тавьсан байсан юм биш үү?
-Манай улс атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах ёстой. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа ч ингэж тусгасан. Цөмийн эрчим хүчний тухай хууль ч гарсан. Харин цөмийн хаягдлыг булшилна гэсэн ойлголт байхгүй. Монгол бол ураны нөөц ихтэй орон. Энэ баялгаа түүхийгээр нь гаргаснаас эрчим хүч болгоод экспортолбол илүү юм гэж байгаа хэрэг л дээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч ийм зүйл байхгүй. Мэдээллийн зөрүүгээс болж ингэж ойлгосон байх. Түүнээс биш ийм зүйл байхгүй. Байх ч ёсгүй. Бид газар нутгаа цэвэр ариунаар нь хойч үлдээх үлдээх үүрэгтэй улс шүү дээ. Харин атомын цахилгаан станц /АЦС/ барих асуудлыг судлах, аюулгүй байдлаар ашиглах ёстой. БНСУ гэхэд 1947-48 оны үед маш хүнд байсан шүү дээ. Тэгээд гаднаас технологи оруулж ирж, атомын цахилгаан станц барьсан. Одоо өөрсдөө атомын эрчим хүч түгээдэг улс боллоо.
Бид БНСУ-д очиж үзсэн
Бидний танилцсан атомын цахилгаан станцын байгаа газар нь аялал жуулчлалын маршрутад хүртэл орсон байна билээ. Тэнд цэцэг ногоо тарьчихсан, усан сантай, хүмүүс ажиллаж амьдарч байна. Цацраг идэвхийнх нь хэмжээ Сөүлээс бага гардаг юм билээ. Ингэж аюулгүй ашиглаж болно . Гэхдээ өнөөдөртөө Монголд байгуулах боломжгүй. Яагаад гэвэл бид боловсон хүчнээ бэлдээгүй байна. Энэ бол олон жилийн турш хийх, хариуцлагатай ажил. Ирээдүйд бол боломж бий. Ер нь сая Японд болсон ослын улмаас Европын Холбооны улсууд ялангуяа Герман атомын цахилгаан станцаас татгалзаж байна. Иймээс дэлхий нийтийн чиг хандлагыг бас харах ёстой. Харин түүний оронд сэргээгдэх эрчим хүч рүү хошуурах хэрэгтэй байна.
-Уран экспортлоход хүссэн хүсээгүй шаарыг нь эргүүлж авах ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг гэсэн. Японд анх атомын цахилгаан станц барьж байхдаа Засгийн газар ард түмэндээ цөмийн хаягдал булшлах талаар юу ч мэдээлээгүй. Ингэж нууж байгаад яг бариад ашиглалтад ороход нь ард түмэндээ зарласан. Монгол тэр замаар л явж байна гэж нэг япон хүн ярьж байсан?
-Манай орон ардчилсан орон. Манайд бүх юм нээлттэй ил тод. Нуух гээд ч чадахгүй, дөрөв дэх засаглал хүчтэй хөгжсөн байна. Цаашдаа ураны хаягдал хадгалах асуудал байхгүй байх. Зөвшөөрөх, дэмжих тийм хүн гарахгүй байлгүй дээ.
-1990-ээд онд Оросууд гарахдаа цацраг идэвхт бодис булаад гарсан. Тэрийг нь харсан хүн байдаг гэж нэг генерал батлаад бичээд байна. Бүр роман хүртэл бичсэн байна билээ. Говьд булахыг нь хоёр хурандаа, хоёр генерал очиж үзсэн гэдэг юм билээ. Ийм юм байдаг юм биш биз дээ?
- Би тийм юм мэдэхгүй юм. Хэрэв тийм зүйл байдаг бол холбогдох газар нь илрүүлэх, шалгах ёстой байх. Ийм зүйл байгаа гэж үзэж байгаа бол зүгээр орхиж болохгүй.
- Ураны нөөцийг барихаас өөрөөр яаж ашиглах боломжтой вэ?
- Бид дотооддоо ашиглаж чадахгүй. Голдуу экспортод л гаргах байх. Одоохондоо ураны нөөцөөс ашиг олно гэхээсээ илүү бусад ашигт малтмалаасаа ашиг болох боломж асар их байна. Монголд судлагдсан 1000-аад орд бий. Үүнийгээ судалж, ашиглах хэрэгтэй.
-Эдийн засаг асар их өсч байна гэж байна. 20 хувьд хүрч байгаа гэсэн. Гэтэл хүний амьдралд шууд туссан зүйл алга? Нэг хэсэг нь баяжиж, нэг нь ядуу байна. Тэгэхээр үүнийг эдийн засгийн өсөлт гэж үзэж болох уу? Таны хувьд ямар амьдралтайд нь орох вэ?
- Тиймээ тийм. Энэ их өсөлтийг ард түмний амьдралыг сайжруулахад чиглүүлэх хэрэгтэй. Бид тогтворжуулалтын сантай болсон. Валютын нөөц өсөж  байна. Одоо ажлын байр бий болгох хэрэгтэй. Хүмүүсийг ажлын байраар хангаж байж амьдрал сайжирна. Түүнээс биш халамжийн хэдэн төгрөг өгөөд сайжрахгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулж байгаа улсын комисс, МАОЭНХ-ны шугамаар хийсэн судалгаагаар 2015 он гэхэд Монголд ажиллах хүчин дуусч гаднаас ажиллах хүч авна гэсэн судалгаа гарсан гэсэн мэдээлэл бидэнд өгсөн. Ингэхээр дөрвөн жилийн дараа ажлын байраар бүрэн хангачих боломж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр бид зөв зохион байгуулах л чухал. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх хэрэгтэй. 140-200 мянган төгрөг биш, үүнийгээ өсгөж өндөр цалин өгөх хэрэгтэй. Нэг зүйл хэлэхэд бид ярьж байгаад 2013 он гэхэд Оюутолгойд жил албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс гадаадын иргэн монгол иргэн ялгалгүй ижил цалин авах ёстой гэсэн заалтыг Оюутолгойн гэрээнд оруулсан. Ингэхээр 2013 он гэхэд монголд олон улсын түвшний цалин авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Миний хувьд бол өөрийгөө дундаж амьдралтай л гэж боддог.

Казахууд Монголын төрд ад үзэгдсэн биш эрхэлсэн хүмүүс

-Казах хүмүүсийг монголын төр ялгаварлан гадуурхаж байна гэсэн зүйл ярьсан зарим хүмүүс байна. Бүр нэр устай, баримттай яриад байгаа юм. Үнэхээр тэгж гадуурхаад байгаа юм уу?
-Тэр бол зарим нэг хүмүүсийн бодол байх л даа. Бүх казах хүн тэгж бодохгүй байх. Түүх сөхөж харах юм бол 1912 онд казахууд Богд хаанд хандаж Монголын иргэн болгооч гэсэн байдаг. Тэр үеэс Алтай уулын цаад талд нүүдэллэж явдаг байсан казахуудад Монголд газар, амьдрах эрх олгосон. Тэр үеэс казахууд энэ нутагтаа амьдарч Монголын иргэн болсон түүхтэй. Түүнээс хойш олон жил боллоо. Монголчууд өөрсдийнхөө нэгэн адил авч явсан гэж би боддог.
Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевын тэргүүлсэн Дэлхийн казахуудын холбоо гэж байдаг.
Тэр холбооныхон жил бүр хуралддаг уламжлалтай. Нэг удаагийнхаа хурлаар дэлхийн казахуудын дотроос хэл соёл, зан заншлаа унаган төрхөөр нь авч үлдсэн нь Монголын казахууд байна гэж дүгнэсэн байна билээ Энэ бол маш том үнэлэлт. Үе үеийн монгол төрийн мэргэн бодлогын дүнд өнөөдөр монгол байгаа казахууд сайхан амьдарч байна гэж би хэлэх байна. 1940 онд маршал Чойбалсан Баян-Өлгий аймгийг байгуулж өгсөн. Одоо 70 жил болж байна. Өөрийнхөө хэл, соёл, зан заншлаа хадгалах бүх боломж байна.
Хаана ч ад үзээд байгаа юм байхгүй.
Үндсэн хуульд ч тодорхой ялгаварлан гадуурхахгүй гэдгийг тов тодорхой заагаад өгчихсөн. Дэлхийн хэмжээнд амьдарч байгаа янз бүрийн үндэстнүүдийн сайхан амьдарч байгаа жишээ бол монгол орон. Өнөөдөр төрийн эрх барьж байгаа УИХ, УБХ-д ч казахуудаас 3 төлөөлөл байж ирсэн. Одоогийн Сонгуулийн хуульд ч ярьж байгаа. 3 хүн төлөөлж сууна гэж. Миний бодлоор бол дарлагдаж, ад үзэгдэж байгаа хүмүүс биш харин ч Монголын төрд эрхэлж байгаа хүмүүс гэж хэлмээр байна.
Өнөөдөр төр засагт ажиллаж байна. Засгийн газарт хоёр эмэгтэй казах дэд сайд ажиллаж байна. Бусад төрийн байгууллагад ч ажиллаж байна. Магадгүй ганц нэг хувь хүний үзэл бодол болохоос нийтлэг зүйл биш ээ. Хувь хүний сонирхлыг үндэсний асуудал болгож дэвэргэх хэрэггүй байх аа. Би бас нэг жишээ хэлмээр байна. Намайг III цахилгаан станцад ажиллаж байхад манай станцын даргыг сонгох болсон. Тэгсэн манай албаныхан намайг даргад нэрийг минь дэвшүүлсэн. Тэр үед 15 хүний нэр дэвшсэний дотор ганцхан би л казах хүн байлаа. Тэгтэл 74 хувийн саналаар би даргаар сонгогдож байлаа. Үүнээс харахад ч гэсэн казах хүнийг ад үзэн ялгаварлаж байсан гэж хэлэх аргагүй байгаа биз дээ. Хамт олон агуу юм. Тэр бол үндэстэн ястнаас хамаардаггүй, үнэхээр хэрэгтэй хүнээ л гэж сонгодог юм байна гэж бодогдог юм.
-Баян-Өлгийд ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаанбаатарт их, дээд сургуульд ирж байгаа хүүхдүүд монгол хэлээ бараг мэдэхгүй байна. Бас нэг би удаа Туркт очихдоо тэнд монголоос очиж сурч байгаа хүүхдүүдтэй уулзсан. Голдуу казах хүүхдүүд байсан. Би тэдэнтэй оросоор хэл нэвтрэлцсэн шүү. Ингээд бодоход Баян-Өлгий аймгийнхан бие даасан улс байгуулах чиглэлээр явж байгаа юм биш үү?
-Тийм юм байхгүй ээ. Монгол хэл бол Монгол Улсын төрийн хэл. Мэдэх үүрэгтэй, эрхтэй. Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн сургалтын чанар муудлаа гэж ярьсан. Ингээд бид бүр тодорхой хөтөлбөр гаргасан. Бүр казах, монгол хэлийг 1-3 дугаар ангид, 4-8 ангид, 8-12 дугаар ангид ингэж үзнэ гэж зааглаж байгаад хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа, одоо сайжрах байх.
Нийтлэлч
Ш.Эрдэнэчимэг
Эх сурвалж
Өнөөдөр сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.