УИХ-ын гишүүн А.Тлейхантай Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Гурван жилийн турш ярьсан Сонгуулийн хууль улс төрийн нэг түгжээ болсон хэвээр байна. Хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар лам нь таг гэдэг болж байна. Эрх барьж байгаа хоёр нам тохиролцоно, тохиролцохгүй гэсэн байдалтайгаар байсаар Сонгуулийн хуулийг дахиад гацаачихав уу?
-Гацчихлаа гэж харахгүй байна. 2008 онд сонгуулийн хуулийг өөрчилнө гэж Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан, үүнийг ч дэмжиж байгаа хүний нэг нь би. Гэхдээ гол асуудал нь тогтолцоо биш юм. Сонгууль будлиулдаг шалтгаанууд цэвэр процедуртай холбоотой байдаг. Тэгэхээр шударга сонгууль явуулахын тулд сонгуулийн зохион байгуулалтдаа анхаарч, хороо хэсгүүдийг зөв хуваарилах, саналын хуудсыг алдаагүй тоолох гээд сонгууль явуулахтай холбоотой үйл ажиллагаануудад илүү анхаарах ёстой. Тийм учраас одоогийн төсөлд өмнөх 2008 оны Сонгуулийн тухай хуульд үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 140 гаруй өөрчлөлт орсон.-48:28 гэдэг тоон дээрээ тохиролцсон боловч томсгосон тойрог байх уу гэдэгт шийдэлд хүрч чадахгүй байна. Танай намын бүлэг АН-ын саналыг хүлээж авахгүй байгаагийн гол шалтгаан юу юм бэ?
- Ардчилсан нам одоогийн байгаа 26 тойргийг жижигсгэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Манай нам бол 48 мандаттай мажоритарыг нэг тойрог нэг мандатын журмаар явуулъя гэж байгаа. Өнгөрсөн сонгуулийг томсгосон тойргийн журмаар явуулахад нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөх сөрөг тал бий. Гэхдээ удахгүй энэ асуудлаар нэг тохироонд хүрэх байх. Хуулийн хугацаанд амжаад шийдэгдчих байх гэж найдаж байна.-Та сонгууль шударга явуулахад тогтолцоо нь гол биш гэж ярилаа. Үүнийг олон гишүүн хэлдэг. Гэхдээ хоёр намын одоогийн байр байдлаас харахад хамгийн гол нь тогтолцоо, тоо чухал юм биш үү. МАН, АН хоёр зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийн үүднээс Сонгуулийн тухай хуульд хандаад байгаа бололтой?
-Зөвхөн намын эрх ашгийн үүднээс гацаагаад байна гэж харахгүй байгаа. Нам гэдэг бүхэл бүтэн байгууллага. Тэгэхээр намын эрх ашгийг ор тас орхино гэж байхгүй. Мон сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн эрх ашиг гэж байна. Хамгийн чухал нь сонгогчдын эрх ашиг шүү дээ. Тэгэхээр энэ гацаанаас гарах байх. Бүр болохгүй бол хоёр намын бүлэг гэхгүй хувь гишүүдийн саналаар шийдчихэж болно.-МАН, АН-аас бусад намын дарга нар Сонгуулийн тухай хуулийг зөвхөн Ардын нам, Ардчилсан намд зориулсан хууль болох нь гэж хардаж байгаа?
-Сонгуулийн хууль нийтийн эрх ашгийг хамгаалах чадна гэж найдаж байгаа. Ажлын хэсэгт бусад намуудын төлөөлөл, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл судлаачдын төлөөлөл бий. Зөвхөн хоёр намын эрх ашгийг хамгаалсан гэдэгтэй санал нийлэхгүй. Өмнөх сонгуулийн алдаануудаа давтахгүй байхыг чухалчилж байгаа. Үнэхээр бусад намууд тийм байдлаар хардаж, зөвхөн хоёр намын эрх ашигт нийцсэн гэж байгаа бол өөрсдийн саналаа өгөх эрх нь нээлттэй.-Эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөх тухай үргэлж ярьдаг. Өмнө нь 30 хувийн квот олгоно гэж ярьж ярьчхаад унагачихсан. Одоо хоёр нам ямар нэг байдлаар квот өгнө гэсэн ч тодорхой тоонд нэгдээгүй байна. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага 20 хувийн квотын хүсэлтээ намын бүлэгт өгчихсөн байгаа гэсэн. Та үүнийг дэмжих үү. Өмнөх шигээ квотын тухай ярьж ярьчхаад больчих юм биш биз?
-Манай улсын хүн амын 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдний боловсрол, чадвар эрчүүдээс дутахгүй гэд-гийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс Их хурал, Засгийн газар гээд удирдах төвшинд эмэгтэйчүүдийн нөлөөг нэмэгдүүлэх талаар байнга ярьж байгаа. Жендерийн тухай хууль өнгөрсөн онд гарсан.Энд тодорхой тоонуудыг оруулж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх арга хэмжээ авсан учраас дэвшил гарсан гэж ойлгож байгаа.
Гэхдээ эмэгтэйчүүдэд квот өгөхийг ямар байдлаар оруулж ирэхээ тогтох ёстой. Нийтээрээ мажоритараар сонгууль явууллаа гэхэд эмэгтэйчүүд орж ирэх магадлал багасна. Харин пропорциональ элемент оруулсан холимог тогтолцоогоор эмэгтэйчүүдийн квотоор шийдэх боломжтой. Анх УИХ-аас гаргасан ажлын хэсэг хуулийн төслөө танилцуулахдаа эмэгтэйчүүдэд 15 хувийн квот олгоё гэсэн тоо оруулж байсан. 76 хүний 15-аас доошгүй нь эмэгтэйчүүд байна гэхээр хамгийн багадаа 10 хүн орж ирэх боломжтой гэсэн үг. Тэр тоог л тойрч хүмүүс ярих байх. Мэдээж үүнийг би дэмжинэ.-Зарим гишүүд бүр 30 хувийн квот гэж ярьж байгаа. 30 хувиар оруулах санал гарвал та гар өртөн дэмжих үү?
-Одоо хэлж мэдэхгүй байна. Эхлээд сонгуулийн хуулийн гол зүйлүүдээ тохирчхоод дараа нь энэ асуудлыг ярих нь зүйтэй байх. Бид одоохондоо хувь хэмжээ яриагүй байна. Мэдээж эхэндээ бага хувьтай байсан ч дараа ньнэмж болно.
-Та үндэсний цөөнх болсон казах иргэдийн төлөөлөл болж төр түшилцдэг. Сонгуулийн тухай хуульд үндэсний цөөнхийн эрх ашгийг яаж тусгасан бэ. Үндэсний цөөнхийн төлөөллийг Их хуралд оруулахад эерэг нөлөө үзүүлэх хууль болж чадах уу?
-Түүх сөхөөд үзэхээр үндэсний цөөнхийн төлөөлөл 1924 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллагад гурван хүнтэй байсаар ирсэн.Одоо ч УИХ-д гурван гишүүн сууж байна. Тэгэхээр энэ уламжлалыг хадгалж, Их хуралд гурваас доошгүй үндэсний цөөнхийн төлөөлөл байх саналаа ажлын хэсэгт өгсөн. Дэмжиж байгаа. Харин үүнийг яаж хуульчлах вэ гэж ярилцаж байна. 48 мандаттай мажоритар системээр, томсгосон тойргоор явууллаа гэхэд Баян-Өлгий аймагт хоёр мандат олгогдоно. Тэндээс хоёр гишүүн гарлаа гэхэд үлдсэн нэг хүнийг пропорциональ сонголтод оруулах байдлаар шийдэх байх. Үүнийг Хууль батлахдаа зохицуулах байх.-Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт бий. Үндсэн хуулиа өөрчлөлгүй пропорциональ элемент оруулбал дээрх заалттай зөрчилдсөн хэрэг болно гэж үзэх хүмүүс бий. Хоёр нам холимог тогтолцоондоо арай гэж тохиролцлоо гэхэд ийм шалтгаан гаргаад, дахиад гацчих юм биш биз?
-Хуульчид үүнийг хоёр янзаар тайлбарлаж байгаа. Эхнийх нь их хурлын гишүүн юм уу тодорхой хүнийг сонгоно гэж байгаа юм. Хоёр дахь нь, өөрөө очиж санал өгөхийг хэлж байгаа гэдэг. Гэхдээ үүнийг зохицуулсан гэж ойлгож болно. Намууд 76 хүний нэрээ эхэлж зарлах ёстой.Тэгэхээр шууд сонголт болно гэж тайлбарлаад байгаа юм.-Намын нэрээр сонгох 28 хүний суудалд ямар шалгуураар оруулах юм. Сонгогчдын нэрсийг үсгийн дарааллаар жагсаах юм уу. Эсвэл рейтингээр нь дарааллуулах юм уу?
-Энэ талаар одоохондоо яриагүй. Ямар байдлаар яаж эрэмбэлж, жагсаахаа намууд дотроо шийднэ. Тогтолцоогоо шийдчихээд дараа нь тоглоомын дүрмээ тодорхой болгоно биз.
Нийтлэлч
Б.Маргад
Эх сурвалж
Зууны мэдээ
Б.Маргад
Эх сурвалж
Зууны мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| А.Тлейхан: Тойрогт ялагдсан болгон шилжих нэрээр гишүүн болдог байж таарахгүй | А.Тлейхан: Улс төр,эдийн засаг хоёр холилдохоороо бантан болдог |
|---|


