УИХ-ын гишүүн А. Тлейхантай ярилцлаа.
-Сонгуулийн хууль дахиад л гацчихлаа. Танай нам яагаад анх тохирсон зарчмаасаа ухраад байгаа юм бэ. Тойрог дээр ялагдсан хүн пропорциональ жагсаалт руугаа шилжихийг уг нь дэмжиж байсан биз дээ?
-Шилжилт хийхийг огт буруу зүйл гэж бид хэлээгүй шүү дээ. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож байгаа болохоор энэ байдаг л зүйл. Гэхдээ сонгуульд ороод, тойрогт нэр дэвшсэн хүн бүр ялагдчихаад шилжинэ гээд байж болох уу. Тойрог дээр нэр дэвшээд сонгогчдоос маш бага санал авсан хүн ороод ирэх нь шударга ёсонд нийцэхгүй л гэж байгаа юм. Харин маш бага хувийн саналын зөрүүгээр ялагдсан бол шилжиж болно. Энэ хоёрын хооронд ялгаа их бий. Манай намын бүлгийн хувьд тодорхой босго тавих ёстой гэж үзэж байгаа.-Шилжихгүй гэдэг дээр танай бүлэг байр сууриа нэгтгэсэн юм биш үү?
-Огт больё, шилжихгүй гэж бид яриагүй. АН-ын бүлгээс анх тавьсан шилжинэ гэдэг саналыг байж болох хувилбар гээд бид хүлээж авсан. Гол нь шилжихдээ бас тодорхой шалгууртай байх ёстой гэж байгаа юм.Иргэдээс хэдэн хувийн санал авч байж шилжиж орж ирнэ гээд маш нарийн зааж өгөх ёстой.
АН-ынхан болохоор 25-аас дээш хувийн санал аваад ялагдсан хүн болгон шилжээд ороод ирнэ гээд байгаа юм. Энэ бол тавих босгынх нь доод тал л даа. Манайх энэ доод босгоо өндөр болгох хэрэгтэй гэж байгаа. Юу гэхээр ядаж 40-45 хувийн санал авч ялагдвал УИХ-д пропорционалиар шилжээд ороод ирж болох юм. Ийм нөхцөлөө л тодорхой болгоё, босгоо дээшлүүлье гэж байгаа болохоос огт шилжихгүй гэж бид яриагүй. Өнөөдөр (өчигдөр) ч бас бүлэг дээрээ энэ талаар ярьсан. Манайхан огт шилжихгүй гэж санал хураагаад шийдсэн юм байхгүй гэдгийг хэлье.-АН-ын бүлгийн анх тавьсан саналыг хүлээгээд авчихаж болдоггүй юм уу?
-Сонгуульд орж, тойрог дээр нэр дэвшиж ялагдчихсан болгон УИХ-ын гишүүн болоод байх нь зохимжгүй. Тодорхой шалгуур тавих ёстой юм. Ядаж 40 хувийн санал авч, маш бага хувиар ялагдсан бол ороод ирж болно.-Ер нь шилжилтээс болоод Сонгуулийн хуулийг батлахгүй нь гэсэн яриа гараад байна. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Юутай ч Сонгуулийн хуулийг хурдан гаргая гэдэг дээр манай бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа. Гэхдээ нийгмийн шүүмжлэлд өртөхгүй байх хуулийг бид гаргах ёстой гэдгээ бодох хэрэгтэй. Миний бодлоор бол энэ хууль зөвхөн сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдээгүй. Сонгуулийн үеэр гардаг булхай, луйврыг зогсоох, ер нь л сонгуулийн шударга болгох талаар олон дэвшилтэд зүйл орсон. Сонгуулийн луйвар энэ хуулийг баталснаар ямар нэг хэмжээгээр арилна. Тиймээс зайлшгүй гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| А.Тлейхан: Сонгуулийн тухай хуулиар казак хүн сонгогдох боломжгүй болчихоод байна | А.Тлейхан:Тогтолцоогоо шийдчихээд тоглоомын дүрмээ тодорхой болгоно биз |
|---|


