5 сарын 25
  • tleikhan_blic_02
  • tleikhan_blic_01
  • tleikhan_blic_03
  • tleikhan_blic_04
  • tleikhan_blic_05

Х.Тлейхан: Ардчилсан намын санал шороотой бөх туг тойрохтой адил

Уншсан: 810 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн А. Тлейхантай ярилцлаа.
-Ардчилсан намын бүлэг хуралдаад Сонгуулийн тухай хуульд нэр шилжих эсэх асуудлаар МАН-ын тавьсан саналыг хүлээж авах боломжгүй гэсэн байна. Сонгуулийн хууль батлагдах явц дахиад гацаанд орж байна уу?
-Сонгуулийн хуулийг шинэчлэх суудал 2008 оноос эхэлж яригдсан. УИХ-с хамтарсан Засгийн газар байгуулагдах үед тохирсон гэрээ байдаг. Түүний хамгийн чухал заалтын нэг нь Сонгуулийн хуулийг шинэчлэх тухай юм. Энэ талаар намуудаас бүрдсэн ажлын хэсэг гурван жил ажиллаж байна. Сонгуулийн үед гардаг янз бүрийн булхайг хаах гэх мэт олон санал гарсан.

Нийт 200 гаруй санал хуучин хуулиасаа өөрчлөгдөн дэмжигдэж байна.
Энэ бүгд сонгууль явуулахтай холбоотой, сайжруулсан зүйл гэж хэлж болно. Ингэснээрээ сонгуулийн санал авах, тоолох,дүн гаргах гэх мэт бүх зүйлийг сайжруулж, янз бүрийн булхай гарах замыг хаасан. Тогтолцооны тухайд холимог системийг сонгосон. Бүр сүүлд нь 76 суудлын 48-ыг нь мажоритар хэлбэрээр явуулж, 28 суудлыг пропорциональ хувилбараар тохиролцсон байгаа. Одоо үлдсэн асуудал нь 48 суудал дээр өрсөлдсөн хүмүүсээс унасан ч гэсэн намын жагсаалтаар УИХ-д сууж болно гэсэн заалт байна.
-Энэ асуудал дээр МАН-ын тавьж буй санал юу юм бэ?
-Мажоритар тойрог дээр очоод унасан хүмүүс бүгдээрээ УИХ-ын гишүүн болох нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл нийгэм хүлээж авах нь муу байна. Харин маш цөөн саналаар ялагдсан хүмүүсийг оруулж болно гэж байгаа.
-Цөөн саналаар ялагдал хүлээсэн гэхээр яг хэд байх вэ?
-Манай нам сонгогчдын 45 хувиас дээш саналаар ялагдсан бол намын  жагсаалтаар УИХ-д сууж болох санал гаргасан. Мөн намын лидерүүд бий. Өөрөөр хэлбэл намын дарга, олон жил сонгогдсон хүн, намын сонгуулийн штабыг удирдаж байгаа, эсвэл намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэт хүмүүсийг нэрийн жагсаалтаар эхэнд нь бичих асуудлаас болж жижигхэн хэлэлгээр үргэлжилж байна. Түүнээс биш энэ хууль бүхэлдээ гацчихсан юм байхгүй. Маргааш болох нэгдсэн чуулганаар оруулж батлах болов уу гэж харж байгаа. Гэхдээ Байнгын хороо дээрх асуудлууд дээр эцсийн байдлаар тохироогүй байна.
-Ардчилсан намын санал болгоод байгаачлан мажоритараар өрсөлдөөд ялагдсан ч намын    жагсаалтаар УИХ-д  суувал төлөөлөлгүй гишүүд сонгогдоно гэсэн үг үү?
-Бөхөөр ярих юм бол шороотой бөх туг тойрч байгаатай ижил болно. Мэдээж сонгуульд ороод бүгд ялахгүй. Цөөхөн саналаар ялагдсан ч намын жагсаалтаар парламентад суудаг зарим орны жишиг бий. Сонгогчдын 45 хувь гэдэг өндөр рейтинг шүү дээ. Олонх хүн дэмжиж байна. Харин бүр хамаагүй доогуур суудал авсан мөртлөө УИХ-д сууна гэдэг зохимжгүй болов уу гэж би хувьдаа боддог.
Манай намын бүлгийн гишүүд ч гэсэн тийм саналтай байгаа байх.
Тиймээс 45 хувийг санал авсан бол гэсэн шалгуур тавьж байгаа юм.Жагсаалтдаа шалгуур тавихгүй бол унасан болгон  нь би УИХ-д сууна гээд зүтгэвэл яах болж байна гэсэн асуудал гарна.  Сонгуулийн хууль батлагдах хугацаа ч ойртож байна. Нийгмийн хүлээлт ч бий болж. Миний олзуурхаж байгаа зүйл бол сонгууль явуулах процесс нэлээн чамбай, хариуцлагатай болж байгаа учраас 2012 оны сонгуулийг энэ хуулиар явуулах нь зүйтэй.
-УИХ хугацаандаа хуулиа баталж амжлаа гэж бодоход Үндсэн хуулийн Цэц дээр очоод уначихвий гэсэн болгоомжлол бий?
-УИХ аль болох эртхэн батлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хянах хуулийн хугацаа гэж  бий. Магадгүй нийгмээс Үндсэн хуулийн Цэцэд хандах асуудал байж болохыг харгалзан Сонгуулийн хуулиа батлах гээд яараад байна. Ер нь бол хуулийг Үндсэн хуульдаа нийцүүлэх л үүрэгтэй, түүнийгээ ч биелүүлэх ёстой. Харин Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн Цэцээс ямар нэг асуудал тавих нь тэдний хэрэг. Тэр тохиолдолд яахыг хуулийн хүрээнд л шийднэ.
-Сонгуулийн хууль шинэчлэгдэж байгаатай холбогдуулан орон нутгийн мандат нэлээн цөөрч байх шиг байна?
-Тийм. Улаанбаатарт мандатын тоог нэмье гэсэн саналыг Ардчилсан намын бүлэг гаргаад 14 болгосон. Хөдөөний мандат цөөрч байна. Өнөөдрийн байдлаар зургаан аймаг тус бүр нэг суудалтай, бусад нь хоёр хоёр мандаттай болж байх шиг байна. Хууль батлагдсаны дараа Сонгуулийн ерөнхий хорооноос тойрог хуваарилах  тогтоол орж ирнэ. Ер нь төлөөлөл гэж заавал байх ёстой, Ялангуяа Монгол шиг  том газар нутагтай улсад. Тиймээс нэг ч гэсэн төлөөлөл байна.
Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.