5 сарын 25
  • tleikhan_blic_02
  • tleikhan_blic_01
  • tleikhan_blic_03
  • tleikhan_blic_04
  • tleikhan_blic_05

А.Тлейхан:Тавдугаар цахилгаан станцыг барихгүй бол Монгол улс цахилгаан, дулаанаар гачигдана

Уншсан: 327 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа.
Эрчим хүчний салбарт ажиллаж яваад төрд орсон  хүний хувьд энэ чиглэлийн хуулийн төсөлд голлох үүрэгтэй ажилладаг байх. Энэ салбарынхан өнөөг хүртэл алдагдлаас ангижирч чадсангүй. Үнэхээр гарах гарц олдохгүй байна уу, эсвэл менежмент муугаас ийм байна уу?

-Эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд уначихсан, алдагдалд орчихсон. Гурван жилд багтааж эрчим хүчний  салбарын   эдийн засгийн цангааг тайлж, хэвийн байдалд хүргэхийг бид зорьсон шүү дээ. Үүний эхний алхам нь тус салбарт авах арга  хэмжээний талаар гаргасан УИХ-ын тогтоол.

Энэ тогтоолоор эдийн засгийн ачааллыг ард түмэнд үүрүүлэхээс татгалзаж, төр хариуцахаар шийдсэн.

Ингэсний ачаар өнгөрсөн  нэг жилийн дотор энэ салбарын санхүүгийн алдагдал гурав дахин буурсан.  Цаашдаа 2014 оны эхээр алдагдалгүй ажиллана гэж тооцоолж байгаа. Энэ үеэс монголын ард түмний амьдрал сайжирч, арай өөр болчих байлгүй дээ.Дараагийн алхам нь Эрчим  хүчний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан явдал.

-Үнэндээ эдгээр алхам бэрхшээлийг арилгах төгс арга болж чадсангүй. Дараагийн нүүдэл юу вэ?

-Эрчим хүчээ хэмнэх тухай дэлхий   нийтээрээ ярьж байна.Үйлдвэрлэх, дамжуулах, хэрэглэх бүх түвшинд хэмнэх л хэрэгтэй. Бид Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төсөл санаачлаад, ажлын хэсэг байгуулан салбарт нь ажиллаж байна. Чадвал энэ парламентын хугацаандаа өргөн барина. Энэ хуулийн төсөлд эрчим хүч хэмнэсэн л бол тэр хэмжээгээрээ урамшуулал авдаг, хэрэглээ нь хэрээс хэтэрсэн тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох юм. Өнөөдөр монголчууд цахилгаанаар цалгиж байна шүү дээ. Бид хоёр хөрш болон Ази, Европын орнуудад эрчим хүчээ хэрхэн хэмнэж буй туршлагаас судаллаа. Тэд эрчим хүчний хэмнэлтээс гарсан хөрөнгөөрөө сан байгуулаад хэмнэсэн байгууллага, хувь хүнийг урамшуулдаг юм билээ.

-Ингэж хэмнэж чадвал ямар эерэг үр дүнд хүрэх тухай судалгаанууд гарсан уу?

-Цахилгаан станцууд л гэхэд жилдээ таван сая тонн нүүрс түлдэг. Хэрвээ хэмнэж чадвал энэ хэрэглээ 30 хувь буурна. Мөн хотын утаа тодорхой хэмжээгээр багасна, байгаль орчинд ээлтэй болно. Нүүрсэнд зарж буй мөнгөө ч хэмнэнэ, нүүрсээ зөөж буй зардлаа багасгана гээд л яривал олон эерэг үр дүн гарна. Энэ хуулийн анхны "араг яс" босчихсон.

-XXI зуун гарчихаад байхад Монголд тоггүй сум байсаар байна. Завхан, Говь-Алтай аймаг, дээрээс нь баруун гурван аймаг гээд л?

-Эрчим хүчний нэгдсэн системийн хөтөлбөр гэж байдаг. Үүнд монголчууд цахилгаанаа дотооддоо хангаад, цаашилбал эрчим хүчээ экспортлох болно гэж зорьсон. Завхан, Говь-Алтай аймаг одоо болтол дизелиэр тог авдаг. Харин энэ оны сүүлээр Могойн голын цахилгаан станц ашиглалтад орж, дээрх хоёр аймаг маань цахилгааны гачигдлаас ангижирна. Баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээ ОХУ-аас зуун хувь хараат.

Гэсэн ч тэд улаанбаатарчуудаас илүү хямд цахилгаан хэрэглэдэг.

Төр татаасыг нь төлдөг учраас. Өмнө нь, төлбөрөө төлж чадахгүйгээс болж зуны гурван сарын турш цахилгаангүй өнгөрүүлдэг байлаа. Цаашдаа Могойн голын цахилгаан станцаас шугам татаж баруун гурван аймгийг цахилгаанаар хангахаар төлөвлөж байна. Хөшөөт, Хотгорын уурхай, Эрдэнэбүрэнгийн хавцлаас ч цахилгаан авах боломжтой юм билээ. Эх үүсвэрт санаа зоволтгүй, харин хурдан ажиллуулах л хэрэгтэй. 2015 он гэхэд дээрх таван аймаг цахилгааны гачигдлаас бүрэн ангижрах байх.

-Тавдугаар цахилгаан станц баригдах тухай үе үе яриад л чимээгүй болчих юм. Энэ тухай шинэ мэдээлэл байна уу?

-Эрчим хүч, дулааны хангамж, нөөц барагдаж байна. Одоогоор монголчууд жилд дөрвөн тэрбум кВт цахилгаан хэрэглэдэг. Цаа-шид ч эрс нэмэгдэх төлөвтэй. 2013 онд дулааны шугам, сүлжээ нэмж тавих боломжгүй болно. Тавдугаар цахилгаан станц аль эрт баригдчих боломж байсан. Бид л удаасан. Газрыг нь өгөхгүй хугацаа алдлаа. Одоо харин гуравдугаар цахилгаан станцад түшиглээд дахин цахилгаан, дулааны станц барихаар шийдчихсэн. Одоогийн байдлаар өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барьчихаад, дараа нь 20 жил өөрсдөө ашиглаад монголын төрд буцаан шилжүүлэх болзолтойгоор хөрөнгө оруулагч хайж байна. Гуравдугаар сард эцсийн шийдвэр гарах ёстой. Үүнийг хурдлахгүй бол олон том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт саатах нь.

-Могойн голын станцад хятадууд ямар гэрээтэй ажиллаж байна вэ. Хятадууд өөрийн мэдэлдээ авчихсан мэтээр ярих нь ч сонстох юм?

-Могойн голын уурхай ч бас хоёр жилд барьж дуусгаад, 20 жил хятадууд ашиглаад, 21 дэх жилдээ монголын төрд үнэ төлбөргүйгээр буцаан өгөх гэрээтэй.

-Бүх юмны үнэ өсөж байна. Эрчим хүчний үнийг өнөөгийн түвшинд нь барих боломжтой юу. Энэ тухай хийсэн судалгаа танд бий юү?

Эрчим   хүчний зохицуулах газар нэг кВт тогийг 115 төгрөгөөр үнэлвэл байгууллага төрөөс татаас авахгүйгээр явах боломжтой. Гэтэл өнөөдөр 84 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэж, зөрүүг нь төр төлдөг. 2014 он хүртэл цахилгааны үнийг нэмэхгүй байх. Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Тиймээс үнийн өсөлтөөс болж үүсдэг ачааллын дийлэнхийг нь төр даах ёстой.

-Мах, шатахуун, тог гээд л бүх зүйл дээр үнэ өсөх тоолонд төр нуруун дээрээ үүрэх нь эцэстээ хэр зөв бол. Төр энэ их ачааллыг үнэхээр үүрэх чадалтай юм уу?

-Манай орон зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 20 гаруй жилийг үдлээ. Хүүхэдтэй зүйрлэвэл дөнгөж хөлд орох нь. Монголчуудын амьдрал ядуу байна. Тэгэхээр төр дэмжихээс өөр яах юм бэ. АНУ зах зээлийн нийгэмд шилжээд 300 жилийг үдлээ. Тэд өв залгамжилсан хөрөнгөтэй хүмүүс. Гэтэл монголчууд дөнгөж 20 жилийн өмнө хувьдаа өмчтэй болох эрхээ авсан. Одоохондоо ихэнх нь хувьдаа өмчтэй болж амжаагүй явна. Тэгэхээр өрөөс татаас төлөхөөс өөр аргагүй. Харин үүнийгээ хуулийн хүрээнд, ил тод хийх хэрэгтэй. Анх татварын бодлогоор дэмжиж үнийн өсөлтийг барих гэж оролдсон дийлээгүй. Аргаа барахдаа төр бүх зүйлд татаас төлж байна. Үүнийг би ганцаараа биш, олон хүн ярьж байгаа. Магадгүй, зах зээлийн систем тогтвортой болчихвол харин бүх ачаагаа иргэдэд үүрүүлэх биз.

-Тэр цаг хэзээ вэ. Таны хэлсэнчлэн 2014 он уу, эсвэл 2016 он уу?

-Эвтэй шаазгай буга барина гэж үг байдаг. Тэгэхээр ард түмний амьдралыг сайхан болгохын тулд улс төр тогтвортой байх ёстой. Ингэж чадвал 2016 онд нэг хүнд ноогдох ДНБ 16 мянган ам.долларт хүрнэ гэж манай залуучууд тооцоолсон юм билээ. Гэхдээ энэ ч бас хангалтгүй. Өнөөдөр Катарт нэг хүнд оногдох ДНБ 75 мянган ам.доллар, АНУ-д 45 мянган ам.доллар.Тэгэхээр  Монгол Улс. 2006 онд өнөөдрийнхөөсөө дөрөв дахин өснө гэж үзээд буй.

Нийтлэлч
Б.Мөнхзаяа
Эх сурвалж
Ардчилал сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.