-АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан засгаас гарахдаа цаашид сайд нарын асуудалд татгалзах зүйлгүй, хамтарч ажиллана гэх утгатай үг хэлсэн. Гэтэл гишүүдийнх нь хувьд өөр байр суурьтай байгаа бололтой. Байнгын хороодоор шинэ сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэхгүй завсарлага авч байгааг юу гэж үзэж байна вэ?
-Уг нь төрийн ажил тогтвортой явагдах ёстой. АН-ын сайдууд өөрсдийн хүсэлтээр Зас-гийн газраас чөлөөлөгдсөн. Одоо орны хүмүүсийг нь томилох асуудал яригдаж байна. Байнгын хороодоор гурван сайд нь дэмжигдчихлээ. Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр АН-ын бүлгийн гишүүд ярилцах зүйл байгаа гээд завсарлага авчихсан. Дотоод хэрэгт нь оролцох боломжгүй юм чинь юу ярилцсаныг нь даанч хэлж мэдэхгүй юм даа.
-Хуваарийн дагуу Засгийн газар хуралдсан. Гэтэл хуралдах байтугай гишүүд нь бүрэн томилогдоогүй болохоор төрийн ажил зогсчихлоо шүү дээ?
-Цаг үеийн байдал хүнд байна. Шатахуун, валютын ханш, өргөн хэрэглээний болон бусад барааны үнэ нэмэгдсэн зэргээс болоод Засгийн газрын шийдвэрлэх ажил их бий. Тиймээс цаг алдалгүй Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. АН-ын бүлгийн гишүүд хуралдаад шинэ сайдаар томилогдох хүмүүсийг дэмжих байх гэж найдаж байна.
-Сайдуудын асуудал байнгын хорооны хурлаас болоод УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээсээ өнгөрлөө гэж ойлгож болох уу?
-Тэглээ. Байнгын хороогоор хэлэлцээд, үдээс хойш нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл байнгын хороогоор хэлэлцээгүй болохоор. юун чуулган болж өнгөрч байх шиг байна. Уг нь Ерөнхий сайд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг оруулж ирэхэд завсарлага аваад байх нь зохимжгүй л асуудал юм. Ямартай ч АН бүлгийн хурлаараа улстөрийн дүгнэлтээ гаргах байх.
-АН-ын бүлгийнхний байр суурь Ерөнхийлөгчийн хүлээн зөвшөөрөөгүй сайдуудыг байнгын хороогоор оруулж ирсэнтэй холбоотой юм шиг ээ?
-Бид тийм, ийм гэж дүгнэлт хийх боломжгүй юм. Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийнхээ дагуу өөрийнхөө байр суурийг л илэрхийлсэн. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Тэр дагуу саналаа өгсөн. Тэр байр суурийг байнгын хорооны хуралдаан дээр сонсоод эцсийн шийдийг УИХ-аас л гаргадаг.
-Гэхдээ ажлаа өгсөн сайд нар бүгд л УИХ-ын гишүүн байсан. Гэтэл Ерөнхийлөгч болон АН-ын гишүүд МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн сайд байж болохгүй мэт авирлаад байгаа нь хэр зохимжтой юм бол?
-УИХ-ын гишүүн сайд байж болохгүй гэж хориглосон хуулийн заалт байхгүй. Тиймээс хуулиар хориогүй, нээлттэй байгаа зүйлд өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах шаардлагагүй. Өнгөрсөн хугацаанд АН-аас сонгогдсон зургаан сайд бүгд УИХ-ын гишүүн байсан. Тэд ажлаа хийгээд явж, гэтэл одоо яагаад МАН-ынхан болдоггүй юм бэ гэсэн асуудлыг олон хүн гаргаж тавьж байгаа.
-Танай намынхныг яагаад хүлээн зөвшөөрч чадахгүй шоудаад байгаа юм бол?
-МАН бол АН-ыг бодоход зургаа биш гурван хүн л УИХ-аас нэр дэвшүүлж байгаа. Тэгэхээр болохгүй зүйлгүй.
-Сайдад нэр дэвшээд байгаа хүмүүсийг голоод байна уу. Салбартаа ажиллаж чадахгүй гэсэн хандлагаар хандаад байна?
-Гологдлоо гэж бодохгүй байна. Нэр дэвшүүлж, дэмжигдсэн хүмүүсийн хувьд бүгд чадвартай. МАН олонх бүрдүүлж байгаа. Бид дүгнэлтээ гаргаж, хүлээн зөвшөөрсөн.
Аль аль нь мэргэжлийн, ажлаа хийж буй хүмүүс.
Тухайн салбартаа , ажиллаж байсан, тогоонд нь буцалсан, олон нийтээс итгэл авсан улстөрчид. Тэгэхээр давхар ажиллах бүрэн боломжтой. Мэдээж ардчилсан нийгэмд хүн бүр адилхан сэтгэж, бодохгүй. Өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэхдээ УИХ-ын хувьд асуудлыг санал хураалт, олонхоор шийддэг. Тэгэхээр хэлэлцэх үйл ажиллагаа хуулийн дагуу яригдах ёстой.
-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хийсэв уулзалтын талаар танай намын бүлгийн дарга эсэргүүцсэн мэдээлэл хийсэн. Үүнээс болоод АН-ынхан шууд татгалзсан хариу өгч чадахгүй,завсарлагаар аргацаагаад байгаа юм биш үү?
-1990-2008 оны хооронд улстөржилт хэзээ ч сайн зүйл авч ирэхгүй юм байна гэдгийг харуулсан. Тиймээс өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хамтарч олон асуудлыг шийдлээ. Цаашдаа ч бие биеэ дэмжиж, улс эх орны эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах ёстой. Ерөнхийлөгч камерын өмнө ярих эсэх нь бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй алхам. Биднээр заалгах асуудал биш. Ер нь бол бүх зүйл зарчмын дагуу явагдах нь чухал юм.
-Хуульд зааснаар Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх нь эцсийн үр дүнд нөлөөлөөд байхааргүй шүү дээ?
-Засгийн газрыг бүрдүүлэх нь хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Мэдээж төрийн тэргүүнтэйгээ зөвшилцөх үүрэгтэй. Гэхдээ зөвшилцөнө гэдэг нь болно, болохгүй гэдэг асуудал биш шүү дээ. Зөвхөн байр сууриа илэрхийлж, саналаа илэрхийлэх үйл явц. Нэгэнт зөвшилцөл явагдсан. Ерөнхий сайд өөрийнхөөрөө Засгийн газрын гишүүдээ танилцууллаа, одоо олонхоор шийдэх л үлдлээ. Түүнээс ямар нэгэн байдлаар гацаа үүсэх ёсгүй.
-Ерөнхийлөгчийн хэлсэн үг гацаа үүсгэчихээд байгаа юм биш үү?
-Тэрийг хэлсэн хүн нь л мэдэх байх. Уг нь сайд нарын томилгоо гацаа үүсгээд байх юм биш. Завсарлага авч гацаагаад байгаа АН-ын удирдлагууд л мэдэх байх. Цаг хугацааны хувьд нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхэд хор нөлөөтэй л юм болж байна.
-Ерөнхийлөгч сайд нарын асуудлаас болоод улстөрийн шоу хийж байгаад нь иргэд тийм ч таатай хандахгүй байна. Тэр тусмаа төрийн тэргүүн Үндсэн хуулийг үл ойшоож байгаа нь хэнийг, юуны өмнөөс турхирч байгаа хэрэг вэ. Төрийн түшээ хүнээс гарамгүй үйлдэл юм биш үү?
-Манай «эцэг» хууль учраас бүх зүйл Үндсэн хуульд захирагдах ёстой. Ардчилсан төрийн эрх үүргийг бүгдийг Үндсэн хуулиар хязгаарлаад өгчихсөн. Тэгэхээр хүн бүр өөрийн , дураар аашлаад байж болохгүй. Ерөнхийлөгч чухам яагаад тэгж хэлснийг мэдэхгүй юм. Манай Үндсэн хууль маш сайн хууль. Үүнийхээ ачаар маш тайван байдлаар ардчилсан хувьсгал хийж чадсан. Тиймээс дэлхийн зарим улс оронд жишиг болж ч мэднэ. Ганц, хоёр хувь хүний хэлснээр Үндсэн хуулийг янз бүрээр хэлж болохгүй.
Тэгвэл Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийнхнийг тойруулчихаад хэлсэн үг нь өнөө Засгийн газар, УИХ-ын ажилд нөлөөлөөд байгааг та юу тайлбарламаар байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхдээ тун хариуцлагатай байх ёстой. Харин тэр үед яагаад тэгж хэлснийг мэдэхгүй. Өнөөдөр би тайлбар хийх эрхтэй нь биш болохоор дүгнэлт хийх нь зохисгүй.
-Ерөнхийлөгчийн хэлсэн МАН-ын бүлгийн даргын хийсэн тайлбар хоёр намуудыг цуулаад эхэлчихэж байгаа биш үү?
-АН-ын бүлгийнхэн сайдын томилгоотой холбоотой бидэнд ярилцах зүйл байна завсарлага авсан. Танай намын дарга мэдээлэл хийсэн. Тий бүлгийн даргатай чинь уул хэл амаа ололцож байж хуралд оролцох эсэхээ шийднэ гэсэн. Чухам хэрхэх нь АН-ын бүлгийн хурлын дараа л мэдэгдэх болов уу.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
| А.Тлейхан:Нэрлэсэн үнийг тогтоох эрх засгийн газарт бий | А.Тлейхан:Тавдугаар цахилгаан станцыг барихгүй бол Монгол улс цахилгаан, дулаанаар гачигдана |
|---|


