Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл 2008 оны парламентын сонгуульд УИХ-ын 4-р тойрогт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон туршлагатай парламентч.
Ц.Цэнгэл Уралын Их сургуулийг инженер мэргэжлээр төгсөж, тухайн үеийн Уул уурхай, геологи, эрчим хүчний яамны томилолтоор Улаанбаатар хотын Засварын нэгдсэн үйлдвэрт хуваарилагдан ажлын гараагаа эхэлж байв.
Тэрбээр 1983-1990 онд тус үйлдвэрт, 1990 оноос ДЦС-3-т инженер, ерөнхий инженер зэргээр эрчим хүчний салбарт мэдлэг, боловсролоо зориулан ажилласан тус салбарын тэргүүний инженерүүдийн нэг юм.
Ц.Цэнгэл энэ хугацаанд эрчим хүчний засвар, тохируулгын чиглэлээр 50 гаруй шинэ бүтээл, оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь эдийн засагт ихээхэн үр ашгаа өгч байсан юм. Эрчим хүчний салбарт он удаан жил мэргэжлийн дагуу ажилласан хүний хувьд тухайн салбарын онцлог, хүндрэл, бэрхшээлийг тэрбээр сайн мэднэ. Тиймдээ ч Ц.Цэнгэл гишүүн төрийн түшээ болсон цагаасаа эрчим хүчний салбарын хөгжил, хэтийн төлөвт санаа тавин, бодлогын түвшинд энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мэдлэг, туршлагаа зориулж яваа олонд танигдсан улс төрч билээ.
Төрийн өндөр албыг хаших хугацаандаа улс орны хөгжилтэй холбоотой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхэд Ц.Цэнгэл гишүүн үр бүтээл гарган ажилласан нь парламентад дахин сонгогдоход нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын ШУА-ийн Сибирийн салбарт “Монгол Улсыг эрчим хүчний хямралаас гаргах арга зам” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан, эдийн засгийн ухааны доктор цолтой. АНУ, Япон, БНСУ, ХБНГУ-д эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Ц.Цэнгэл нь УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн. УИХ дахь Монгол-Хятад, Монгол-Солонгос, Монгол-ОХУ, Монгол-Герман, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүнээр ажилладаг.


