Монголчуудын бүтээсэн аливаа өөдрөг сайн үйлс бүхний дийлэнх олонхийн анхдагч байх хувь тохиол Булганыханыг түшжээ. Энэ нь хачирхалтай мэт боловч, бахархалтай хэрэг билээ. Монгол улсын хаана ч очиж, хэнтэй ч уулзаж, мэнд мэдэж үг сольж явахад, Та Булганых уу, Булганыхан яагаад анхдагч байдаг юм бол гэж сониучирхах, бахдах, бас атаархах зэрэгцсэн асуулт олон хүний амнаас заавал унадаг билээ. Энэ утгаараа Булган нутгийнхныг сайн үйлс бүхний анхдагч гэж Монгол даяар хүлээн зөвшөөрч, түрхрэн хэлэлцдэгийн наад захын баталгаа болдог юм. Анхдагч, манлайлагчдын үйлс бүтээлийн алдар гавьяаг мөнхлөн хадгалж, баримтжуулан баталгаажуулж хойч үедээ өвлүүлэн залгамжлуулж, хол ойрын зочин гийчний нүдийг хужирлаж, чихийг дэлдийлгэсэн үзмэр үзэсгэлэн болгохсон гэсэн нутгийн олныхоо хүслийг биелүүллээ.

Зон олны хүсэл мөрөөдөл ийнхүү “АНХДАГЧ АЛДАРТНЫ ОРДОН” болон сүндэрлэж нээлтээ хийлээ. Энэ өлгий сайхан хангай нутагт төрж өссөн охид, хөвгүүд эртнээс нааш ид хав, идрийн жавхаа, эрэмгий зориг, эрэлхэг дайчин, ажилсаг хөдөлмөрч, авхаалж сэргэлэнгээрээ онцгой тодрон гайхагдаж, эх орныхоо тусгаар тогтнолыг харийн түрэмгийлэгчдээс батлан сэргийлж, төрийн нурууг төвшин барих, хүн ард амар тайван, аз жаргалтай аж төрж, мал сүргээ адгуулан үржүүлж, амуу будаагаа сугсруулан ургуулж, үйлдвэр, дэд бүтэц, зам харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, уурхай баялгаа нээн илрүүлж, аж ахуй эдийн засгаа өөд татан бэхжүүлэх, эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэн хүн зоноо гэгээрүүлэн сэнхрүүлэх, холын сансарыг судлан шинжлэх, шинжлэх ухаан, урлаг утга зохиол, дэлхийн олимп, эрүүл энхийн үйлст оройлж ирсэн байна. Энэхүү олон арван анхдагч алдарт хүмүүсээ магтан алдаршуулж, нэгэнт мөнхөрсөн нэр төрийг нь үеийн үед санаж явах нь Булганчууд бидний ариун журамт үүрэг билээ.

Ууган анхдагчдынхаа үйлс бүтээлийг мөнхжүүлэх энэхүү “АНХДАГЧ АЛДАРТНЫ ОРДОН”-г босгох санаачилгыг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл өөрийн багцаасаа 2009 оноос эхлэн эх үүсвэрийг бүрдүүлэн бариулж өмнөө тавьсан зорилго биелж, Ёслол хүндэтгэлийн танхим, хүүхэд залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, оюуны хөрөнгө оруулалт бүхий номын сан, интернэт кафе, гэрлэх хуримын ёслолын танхим,Булган аймгийн сум болгоныг үүсгэн байгуулагчдаас эхлээд, үүсгэн санаачилга гаргасан хүн бүрийн хувь оролцоог багтаасан мэдээллийн их сан хөмрөг цогцолбор ордон бослоо. Энэхүү цогцолбор ордон нь хойш хойшдоо анхдагч болгоныг мөнхжүүлж байх, тэднээр бахархан баясч, догдлон хөөрч, эх орон, уугуул нутгаа танин мэдэх, элгэн түмнээ бахархах үлгэр дууриаллын Цогцолбор ордон байж дараа дараачийн анхдагч цуутнуудын нэр алдраар баяжиж байх болно. Энэ Цогцолбор ордонд хөтлөх ардын зам балрахгүй улам тодрон зурайж Булганыхны ууган анхдагч алдрын суу бүдгэрэхгүй, улам улам олон анхдагчид тодрон тодорсоор байх болно.

| УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл аймгийн ахмадуутай уулзлаа |
|---|


