5 сарын 25
  • tsengel_ts_01
  • tsengel_ts_02
  • tsengel_ts_03
  • tsengel_ts_04
  • tsengel_ts_05

Ц.Цэнгэл:Тавантолгойд хятадууд илүү санал тавьсныг ойлгох ёстой

Уншсан: 552 И-мэйл Хэвлэх PDF
Тавантолгойгоос хүртэх ашгаа иргэд хүлээсээр... Гадны орнуудтай хийх гэрээ хэлцэл нь бүтэлгүйтсэн Засгийн газар юу бодож суугаа бол. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлтэй ярилцлаа.
-Тендер цуцлагдлаа. Дахин тендер зарлах нь зөв үү гэж олон нийт хариу хүлээж байна?
-Энэ бол олон улсын хэмжээнд зарласан тендер. Хөрш хоёр орон болон гуравдагч орныг оролцуулах нь манай улсын хар хайрцагны бодлого байх ёстой. Эдийн засаг хурдацтай өсөж байгаа үед бид цаг алдахгүйгээр асуудлыг шийдэх нь зүйтэй. Учир нь хоёр хөршөөсөө татгалзаж чадахгүйгээр мөнхөд хамт байхаас л хойш. Үүний хажуугаар гуравдагч хүчин байх нь зайлшгүй зөв юм.
Энэ орд маань хэмжээ хязгаартай шүү дээ.
Тэр утгаар нь бид эзэмших хувиа "Хусмаа чамласан  хүүхэд шиг" байгаа улсуудад үнэн зөв ойлголтыг өгөх учиртай юм.  Хэдийгээр тус бүрдээ хувь эзэмшиж байгаа ч төрийн оролцооны 51 хувь хэвээрээ байх хэрэгтэй. Дэлхий дээр коксжсон нүүрсний эрэлт хэрэгцээ, ган үйлдвэрлэл их болсон. Түүгээр хийдэг эд ангиуд ховордож байгаа. Дэлхий дээр түүхий эдийн нөөц нэлээд дутагдаж байгаа. Энэхүү баялгаа хамгаалаад үлдчихсэн цөөхөн орон бий. Манай улсын хувьд байгаа үед нь заримыг нь эргэлтэд оруулж заримыг нь нөөцөлж байх хэрэгтэй. Бид байгаагийнх нь зоргоор л үрчих гээд байдаг шүү дээ. Олон улсын компаниуд манайх руу шуурч байгаа энэ үед маш ашигтай наймаа хийх хэрэгтэй. Үүнийг зөв зохистой ашигласнаар ард түмний маань ахуй амьдрал сайжрах ёстой. Тийм учраас бид өнөөдрийн олж байгаа мөнгийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор ард иргэдэд өгч байгаа юм. Гэтэл Монгол банкны хүүгийн бодлого өндөр байгаа явдал нь үүнтэй харшилж байна. Аливаа зүйлийг хийх чадвартай тэр хүмүүст хүрч чадахгүй байгаа нь асуудал юм шүү дээ. Яагаад гэвэл тэдэнд барьцаа хөрөнгө байхгүйгээс л ажилгүйчүүдийн тоонд ордог. Тиймээс бид Тавантолгойн ажлыг эхлүүлэх нь маш чухал. Яаралтай эргэлтэд оруулах хэрэгтэй. Аль нэг талдаа давуу эрх өгчихөөр л нөгөө тал нь гомдоллоод байна. Тиймээс яагаад ийм байгааг нь ногоо талд нь тайлбарлаж өгөх хэрэгтэй.
-Дахин тендер зарлах нь буруу гэж ойлгож болох уу?
-Яахав, одоо байдал нэгэнт дахин тендер зарлах хэмжээнд хүрсэн бол түүнээс өөр арга алга. Уг нь бол гэрээ хэлцэлээ хийх явцад л ойлголцох нь чухал байна. Тэгж чадвал цаг хугацааны хувьд ашигтай. Үнэхээр болохгүй байгаа бол зарлахаас аргагүй. Хэрвээ зарладаг юмаа гэхэд маш богино хугацаатай байх хэрэгтэй. Ингээд налайгаад сууж байтал сонгууль болчихно. Ямар ч үр дүнгүй л байж байх нь ээ.
-Дахин тендер зарлавал анхны хувьцаа эзэмших хувь хэвээр батлагдах уу?
-Ерөөсөө л хувь хэмжээн дээрээ тохирч чадахгүй байгаагаас л энэ тендерийн асуудал яригдаж байгаа юм шүү дээ. Эндээс харахад Хятадын тал илүү хөнгөлөлттэй нөхцөлүүдийг тавьсан учраас л хувь нь илүү оногдсон гэдгийг нөгөө талуудад ойлгуулах хэрэгтэй. Уг нь ингээд л энэ гэрээ хэлцлийг үргэлжлүүлж болохоор байгаа юм л даа. Хөнгөлөлт үзүүлж байгаа хэмжээгээрээ л хувиа авахыг бодно шүү дээ. Тиймээс нэг их өөрчлөлт орохгүй,
-Тавантолгой ашиглалтад орсноор иргэдэд 536 ширхэг хувьцаа болон 1,5 сая төгрөгийг олгоно гэсэн. Дахин тендер зарлагдвал энэ хаашаа эргэх вэ?
-Энэ бол хэвээрээ байна. Бидний ашиглаж байгаа "Эрдэнэс-Таван-толгой"-н зүүн Цанхи ажлаа эхэлсэн. Үүгээрээ бид 1,5 сая төгрөгийн олголтыг хэрэгжүүлнэ. Хэрвээ хувь хүн өөрийн хэрэгцээнд байр орон сууц болон сургалтын төлбөр төлөх шаардлагагүй гэж үзвэл үнэгүй эзэмших хувьцаанаас гадна төрөөс олгож буй тэр мөнгийг хувьцаа болгох боломж бий. Ер нь Тавантолгойи хувьцааны үнэ өсөх магадлал байгаа гэдгийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Тавантолгойн лиценз бүрээс арван хувийг ард иргэдэд олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ухаа худгаас хувь олгогдохгүй байлаа гэхэд бусад лицензээс олгогдож эхэлбэл 536 ширхэг хувьцааны тоо өсөж болох юм шүү дээ. Юутай ч энэ асуудлаа түр хойш нь тавиад олон улсынхаа гэрээ хэлцлийг УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар шийдчих хэрэгтэй байгаа юм. Цаг хугацаа урссаар л байна.
-Тавантолгойд төрийн оролцоо байхаас илүүтэй иргэдийн оролцоо түлхүү байх нь зөв гэдэгтэй та санал нийлэх үү?
-Би дэмжиж байна. Иргэд аж амьдралаа хэрхэн дээшилж байгааг болон хувьцаагаа хянах боломжтой болно. Ингэснээр ард түмний хардалт байхгүй болно шүү дээ. Төр оролцоод ирэхээр л иргэд маань мөнгөө юунд зарцуулж байна вэ. Идэж уугаад дуусгалаа гэсэн хардлага байгаад л байна. Ард иргэд маань төрийн бодлого болон томоохон төсөл арга хэмжээг дэмжсэн хяналт дор ажиллах нь зүйтэй.
-Баруун Цанхийг гадныханд 30 жилээр түрээсэлчихлээ. Гэтэл "Алтан Дорнод Монгол"-д алдсантай адил алдчихвий гэж зарим хүн харддаг?
-Бид өмнө алдаж онож явж туршлага суулаа шүү дээ. Тиймээс бид хяналтаа маш сайн, зөв тавих хэрэгтэй. Үүнээс гадна гэрээ хэлэлцээрийг зөв хийх үүрэгтэй. Тэгж чадвал татвар болон нөхөн сэргээлтийн ажлыг зүй зохистойгоор хийлгэж чадна.
-Тавантолгойн хувьд яг хичнээн лиценз байгаа вэ?
-Миний  ойлгож байгаагаар зургаа бий. Тойроод олон судалбар бий. Эндээс харахад бид монгол хүн эзэмшинэ, гадныханд лиценз байхгүй гэдгийг ашигт малтмалын хуульдаа зааж өгөх хэрэгтэй  тэгвэл ард түмэн маань өөрийнхөө баялагт эзэн байж чадна. Амьдралын түвшин сайжрах нөхцөл бүрдэж, эд хөрөнгө, баялгийг бий болгоно. Түүнээс гадныхан эзэмших эрхтэй байгаа нөхцөл нь Монголын ард түмэнд ашиг байхгүй.
-Тавантолгойгоос гарах эцсийн үр дүн ард түмэнд хүрч чадах уу?
-Квотоо зөв тогтоож, хяналт тавьж чадвал болно. Харин энэ чигээрээ байгаа нөхцөлд ард түмэнд ашиггүй. Магадгүй цаг нь ирэхээр ухаад авчихсан хоосон хөндий л үлдэх байх даа.
-Тавантолгойн гэрээний төсөл анх боловсруулснаас өөрөөр хийгдэж байна гэж эдийн засагчид үзэж байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Гэрээний төслийг УИХ дээр задалж өгөх ёстой. Нууцлагдмал байгаад байвал бид ард иргэддээ танилцуулж ил гаргаж егөх ажлыг хийх л болно.
-Гэрээний төсөл боловсруулахдаа эрдэмтэн, эдийн засагчдыг оролцуулж тэдний судалгаа шинжилгээний үндсэн дээр хийх нөхцөл хаалттай байгаа нь зөв үү?
-Гадны хувийн компаниудтай гэрээ хэлцлийг агентлаг хийх хэрэгтэй байгаа юм.Түүнийг нь яам нь хянадаг мөн УИХ-аар шийдүүлдэг байх нь зүйтэй л дээ. Гэтэл гадныханд ихэнх нь байдаг юмаа бариад гүйдэг. Харин дотоодын компанийг бол нэг хувийн л юм байна гэж үзэж болохгүй. Харин ч дэмжиж ажиллах ёстой юм шүү дээ.
-Тавантолгойн лицензийг гадны гэхээсээ илүүтэйгээр дотоодын компаниудад эзэмшүүлэх эрхийг олгох боломж бий юу?
-Дотоодын хөрөнгө оруулалттай "Монгол 999" гэдэг компани гарч ирсэн. Түүнд Засгийн газар хэрхэн хандаж байгааг би мэдэхгүй л байна. Болж өгвөл дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг дэмжиж ажиллах нь чухал.
Гэтэл бид эдгээр компанидаа итгэл үзүүлж чадахгүй байна.
Засгийн газраас дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад даалгавар өгч гаргаад, хийж байгаа ажилд хяналт тавьж ажиллаж сурах л хэрэгтэй. Ингэж чадвал хөрөнгө оруулалт орж ирэх нь ихсэх бүрэн боломжтой. Засгийн газар тодорхой хувь хэмжээгээ татвар болон бусад хэлбэрээр авч болно шүү дээ.
Нийтлэлч
Д.Оюунчимэг
Эх сурвалж
Зууны мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.