5 сарын 25
  • tsengel_ts_01
  • tsengel_ts_02
  • tsengel_ts_03
  • tsengel_ts_04
  • tsengel_ts_05

Ц.Цэнгэл:Булган аймаг нэг мандаттай боллоо гээд сүйд болох зүйл алга

Уншсан: 630 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлтэй уулзаж, Сонгуулийн хуулийн талаарх байр суурийг нь сонирхлоо.
үүлийн үед улстөрчдийн хамгийн их анхаарал татсан сэдэв нь Сонгуулийн тухай хууль. Ялангуяа хөдөөд 34, хотод 14 гэж мандатыг хуваарилсан нь нэлээд маргаан дагуулах боллоо. Жишээ нь Булган, Дундговь, Сүхбаатар зэрэг хүн ам багатай аймгийн мандатыг багасгах магадлал бий болчихлоо. Энэ тал дээрх таны байр суурийг сонирхож байна?

-Мандатын тоог хүн амаар нь хуваах болсон нь нэг талаар иргэд хот руу шилжих нь ихэссэнээс үүдэлтэй. Нөгөө талаар төрөөс суурьшилт хөдөлгөөн дээр ямар нэг дорвитой бодлого авч хэрэгжүүлээгүй учраас иргэд амьдрах аль таатай нөхцөл рүү шилжих нь зүй ёсны  асуудал. Цаашлаад ингэж мандатын тоог багасгах нь хөдөө орон нутагт ямар ч сонгогчгүй байя  гэсэн санаархал шүү дээ. Миний хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу тэнд  байгаа  төрийн албан хаагч, үйлдвэр аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээлээр хоршоо  байгуулах, татвараас чөлөөлөх  гэсэн зөндөө  олон хуулийн санаачилга оруулж ирсэн. Гэвч энэ бүхэн бүрдэх нөхцөл бий болж чадсангүй. Тийм  болохоор  иргэд дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн газар руу хүссэн хүсээгүй зүтгэх нь зүйн хэрэг. Нөгөө талдаа Монгол Улсын нутаг дэвсгэр бүхэлдээ төлөөлөлгүй, Улаанбаатар хот нь төлөөлөлтэй болох нь уу даа гэсэн хандлага руу байгаа нь төрийн бодлогын хувьд буруу гэдгийг хэлье. Өнөөдөр хүн ам нь яагаад хот руу суурьшиж байгаа юм бэ. Ерөөсөө л төрөөс аль хэдийнэ авах ёстой арга хэмжээгээ аваагүйтэй холбоотой. Төрд энэ арга хэмжээг зохицуулах маш олон хялбар механизм бий.

Жишээ нь зах хязгаарт амьдарч 100-гаас дээш км, 600-800 км, 300-600 км гээд гурван үетэй бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ажил хэрэг болгох ёстой.

Хүмүүст амьдрах тааламжтай нөхцөлийг бий болгох юм бол хамгийн хямдхан бензин шатахуун хэрэглэнэ. Өргөн хэрэглээний бараа нь хямд. Улаанбаатар руу дөхөх тусам хамгийн үнэтэй нь байх жишээгээр зохицуулалт хийвэл хот руу хэн ирэх гэж зүтгэцгээх юм бэ. Нутаг орноо сахиж, бүрэн бүтэн байдлаа хамгаалж, хөгжлийн хувьд ахиц дэвшил гаргах гэж хүмүүс ажиллах болно. Эцэст нь хэлэхэд сонгуулийн тойргийг хүн амыг нь харгалзаж байгаа нь Улаанбаатар руу хүмүүсээ шигүү байлгая гэсэн бодлого явагдаж байна гэж би харж байна.

-Хөдөөгийн мандатыг цөөрүүлснээр орон нутгийн асуудал орхигдоно. Хотод олон мандат өгөх нь учир дутагдалтай. Жишээ нь Булган аймагт мандатын тоог цөөрүүлэхэд ямар үр дүн гарах вэ?

-Гаралгүй яах вэ. Булган аймаг нутаг дэвсгэрийн хувьд бусад аймгаас бага. Гэхдээ нэг чуулганы завсарлагаанаар бүх сумаар орж амждаггүй. Наанадаж хоёр чуулганы завсарлагаан шаардлагатай болдог. Багуудаар оръё гэвэл дөрвөн жилдээ нэг орохоор 78 багтай. Тиймээс ард түмэндээ ойрхон ажиллахыг хүсдэг УИХ-ын гишүүдийн хувьд шууд сонгогддог гэдэг утгаараа буруу зохион байгуулалт болно.

-Таны хувьд мэдээж тойрог багасгахад сөрөг байр суурьтай байх нь дамжиггүй?

-Энэ асуудалд сөрөг байр суурьтай байгаа.

-Жишээ нь Булган аймгийн сонгуулийн мандатын тоог багасгавал та эсэргүүцэх үү?

-Нэгэнт олонхоороо шийдэж байгаа зүйлийг эсэргүүцээд яах билээ. Олонхоороо явна биз. Бачимдаад болохгүй болчихлоо ганцхан мандаттай боллоо гэж сүйд болох юм алга. Ер нь Булган аймаг нутаг дэвсгэрийн хувьд бага ч мандатын хуваарилалтаас 2000 хүнээр л дутуу шүү дээ. Тооллогоороо 53.800 хүн амтай. 54 мянга болчихвол хоёр мандаттай болчихно. Энэ байдлыг тухайн үед юу гэж үзэх юм бол. Магадгүй хоёр ч мандаттай байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломж алга.

-Тантай адил олонд танигдсан улстөрчийг мандатгүй үлдээх хувилбарыг намаас дэвшүүлбэл хүлээж авах уу?

-Асуудлыг тухайн үед намынхантайгаа ярьж байгаад шийднэ дээ. Яг одоогоор барин тавин тэгнэ гэж хэлэх зүйл алга.

-Сонгуулийн шинэ хуулиар 48:28 гэдэг хувилбарыг дэвшүүлж байгаа нь тухайн нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдөд боломжийн хувилбар биш гэж үү?

-Уг нь тийм л дээ. Нэг талаараа тэгж ойлгогдож байгаа. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдийн дэс дараалал, үзэл баримтлалын хувьд шүү дээ. Гэхдээ л газар дээр нь байж, тойргоосоо гарвал л УИХ-ын ажиллагаа улам сайжирч, ялангуяа хөрөнгө оруулалт дэд бүтцийг бий болгох хүн амыг боловсон хүчний бодлогын чадал чансааг сайжруулах бүх үйлдвэр үйлчилгээ явуулахад илүү дөхөм байх болно.

-Удтал маргалдсан Сонгуулийн хуулийн өөрчлөлт сунжирсаар эцэстээ М АН-ын буултаар дууслаа. Ямартай ч ирэх сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Энэ нь хамгийн зөв сонголт байж чадах уу?

-Мажоритари пропорциональ хувилбарыг дэлхийн бусад улс оронд аль алийг нь түгээмэл ашигладаг. Гэхдээ хамгийн гол нь тэр нь илүү гэсэн сонголт байхгүй. Манайхан бусдад бурууг чихдэг зантай. Сонгуулийн булхайг намууд л хийдэг. Жирийн ард иргэд сонгуульд саналаа өгчхөөд гараад явчихдаг. Түүнийг хааш нь гуйвуулах уу, яах вэ гэдэг нь намын эрх баригчдын хоорондын тэмцэл болж, ямар нэг хуулийн цоорхойг харж ажилладаг болохоос биш мажоритариар яваад булхайтай юм байна. Пропорционалиар яваад булхайгүй гэсэн асуудал байхгүй. Ялгаа байхгүй хуулийн цоорхойг ямар нэг байдлаар гаргаж, будлиан үүсгэх боломжтой асуудал шүү дээ.

-Сонгуулийн булхай луйврыг МАН гаргадаг гэсэн шүүмжлэл их бий. Ялангуяа Булган аймагт МАН байнга ялдаг, улаан тойрог. Тэр ч утгаараа сонгуулийн дараах маргаан түгээмэл байдаг шүү дээ?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Гэхдээ бодит байдал дээр хамаг муу муухай булхайг нөгөө намууд л хийдэг шүү дээ. 2008 оны долдугаар сарын нэгний эмх замбараагүй байдлыг телевизээр харсан бүхэн хэний буруу вэ гэдгийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тийм учраас «Сүргээр явдаггүй нь том сүргийг юман чинээ тоодоггүй» гэсэн шиг эвлэж явсан жижиг сүрэг нийлдэг болохоос том сүрэг хэр баргийн юм руу хошуу дүрдэггүйд нь ялгаа бий. МАН бол том сүрэг учраас нэг их сүрэглээд, нийлэлдээд буруу, зөв гэх зүйл алга. Зүгээр л ард түмэн мэднэ гэж хаячихаж байгаа байхгүй юу.

-Сонгуулийн маргааныг эцэслэх бас нэгэн хувилбар нь санал тоолох машин гэж үзэж байгаа. Гэхдээ тэр машиныг хүн ажиллуулах учраас булхай луйвар гарахгүй гэх баталгаа алга. Та ч гэсэн энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг биз дээ?

-20 гаруй тэрбум төгрөгөөр санал тоолох машин авснаар үр ашиг гарна гэдэгт эргэлзэж байгаагаа би байнга л илэрхийлдэг. Программыг хүмүүс хийж байгаа. Сонгуулийн программыг өөрчилж, булхай үүсгэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас хяналт сайн байх ёстой. Хяналтыг жирийн иргэд, хөндлөнгийн хяналтыг бий болгохоос намуудын төлөөлөл оруулах нь эргээд маргаанд хөтөлнө.

-Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд тойрогтоо очоод ярих зүйлийн нэг нь «Монгол мал» хөтөлбөр байдаг. Маш их хөрөнгө хаяж баталсан уг хөтөлбөрийн хэрэгжилт тийм ч хангалттай бус байна. Хэдийгээр Засгийн газар ач холбогдол өгч байгаа ч өнөөдөр Таван толгой, Оюу толгойгоор л амьсгалсан хүмүүс байх болжээ. Та энэ тал дээр шүүмжилмээр санагддаг уу?

-Уг нь нэгдэлжих хөдөлгөөний үед мал аж ахуйн салбарт тодорхой ололттой, жилдээ 5-10-аад сая мал гаргачихдаг байсан. Энэ малыг эрүүлжүүлээд, хардаг хүнтэй тогтсон суурьшилтай болгосон байсан. Харамсалтай нь хувьчлалаас хойш энэ бүхэн тархай бутархай болчихоод улс орныг авч явах эдийн засгийн хөшүүрэг нь мал аж ахуй биш. Таван толгой, Оюу толгой гэж яриад айл бүрээс бадар гуйж явна. Тиймээс «Монгол мал» хөтөлбөрийг эдийн засгийн бас нэгэн суурь бааз болгоно гэж үзээд дэндүү их үрэлгэн байдлаар хөрөнгө хуваарилчихсан юм.

Ялангуяа манай нутагт нэг дүгээр зэргийн ноосоо хэнд өгөхөө мэдэхгүй яваа маш олон малчин бий.

Тэгтэл эндээс нь хоршооллын нэр зүүсэн хэдэн улс очиж авах юм яриад байх жишээний. Ийм л юм бүхэн их үрэлгэн, салан задгай байгаа юм. «Монгол мал» хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гурван хүн сумын төв дээр . байрлуулчихжээ. Тэр гурван хүнийг юу хийдгийг нь сонирхоод үзтэл малыг эрүүлжүүлнэ гэж байх юм. Эрүүлжүүлэхээс өөр ажил хийхгүй юм гэнэ. Гэтэл тэр малаас гарч байгаа түүхий эдийг хурааж авах агуулах сав алга.  Тиймээс аль аль талыг нь маш сайн тооцож байж хөтөлбөр энэ тэр гаргахгүй бол  баахан үрэлгэн зардал гарсан зүйл болж хувирлаа. «Монгол » мал» хөтөлбөрийн 100 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 30 тэрбум  төгрөг гээд мал аж ахуйд  төрөөс хангалттай харж үзэж байна. Гэвч бодит байдал дээр ажил нь 40 хувьтай явж байна. Үнэхээр хөрөнгө мөнгө гаргуулчхаад үрэлгэн байдлаар хандаж, ямар ч эмх замбараагүй байгаад шүүмжлэлтэй хандмаар санагддаг. Эцсийн эцэст тийм хөтөлбөр гаргах ч хэрэг байсан юм уу гэж бодоход хүрч байна.

Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.