5 сарын 25
  • tsengel_ts_01
  • tsengel_ts_02
  • tsengel_ts_03
  • tsengel_ts_04
  • tsengel_ts_05

Ц. Цэнгэл: Ард түмнийг мөлжигчдийг Монгол банк өөгшүүлсэн

Уншсан: 519 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН Бага хурлаа хийгээд удаагүй байна. Хурлаас ямар бодлого, шийдвэр гаргав. Гишүүний хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Бага хурал улсын төсөв, сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа үед болосноор онцлог байсан. Гишүүдийн ёс зүйн дүрмийг нэлээд ярилаа. Нөгөөтэйгүүр ашигт малтмалд тулгуурласан эдийн засаг цаашид орших, эсэх асуудлаар санал солилцлоо. Одоогоор стратегийн 18 ордын хүрээнд ажиллах, цаашид гарцаагүй ашиглах, байгальд халгүй, нөхөн сэргээлтээ хийх компаниудад зөвшөөрөл олгох болон мөн цэгцлэх тухайд санал нэгдсэн. Ашигт малтмал гаргах асуудалд нэг цонхны бодлого хэрэгжүүлэх талаар нэр бүхий гишүүдийн саналыг сонсож, цаашид анхаарахаар болсон. МАН улс төрийн бусад хүчнийг манлайлж ирсэн. Энэ байр, сууриндаа байх, олон нийтэд сурталчлах, гишүүнчлэлийг сэргээх, нэмэгдүүлэх талаар гишүүд санал, бодлоо солилцлоо.
-Өмнө нь ёс зүйн дүрмийн тухай төдий л ярьдаггүй байсан. Энэ удаа нэлээд өргөн хүрээнд авч үзэж байгаа нь намын дарга, Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан нэр бүхий гишүүд, цаашилбал намын даргадаа захидал бичсэн дөрвөн гишүүнд сануулга өгч, шүүмжлэл хэлж болохгүй гэсэн хаалт босгож байна гэх хардлага байна?
-Намын даргад захидал бичсэн, Их хуралд бичиг өргөн барьсан нь ёс зүйтэй, эсэх талаар огт яриагүй. Түүнд дөрөөлж ёс зүйн Дүрэм гаргаагүй шүү дээ. Харин зарим илтгэгч тэгж ойлгож ярих гээд байсан. Бид асуудлыг нийтлэг утгаар, тухайлбал намын нэрээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон яам агентлагт тодорхой албан тушаалд очсон хүмүүсийн ёс зүй, ажлын хариуцлага ямар байх вэ, намын манлайлагч үүрэг ямар байх вэ гэдгийг тодорхой болголоо. Сүүлийн үед намын нэрээр өндөр албан тушаалд оччихоод сайн ажиллахгүй байгаа, намын гишүүдээс тавьсан саналыг хүлээж авдаггүй хүмүүс нэлээд байна. Тиймээс сахилга, ёс суртахууныг дээшлүүлье, хариуцлагатай байя гэсэн асуудлыг нэлээд түлхүү хэлэлцсэн. Авилга, хээл хахуульд  автаж нэр хүндээ алдсан гишүүдийг  тухай бүрт нь арга хэмжээ авч, болохгүй бол албан тушаалаас нь огцруулах хүртэл хариуцлага тооцдог болох тухай хурлаар ярьсан.
-Шинэ оны эхэнд ирэх сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон. Улстөржилт идэвхжиж, дээр нь төрийн алба эзгүйрч байгаа нь сөрөг нөлөөтэй биш үү?
-Хэрэв УИХ-ын сонгуульд дэвшинэ гэж байгаа бол төрийн албанаас түдгэлзэх нь зүйтэй. Харин ажил цалгардуулахгүйн тулд орны хүмүүсийг цаг тухайд нь томилох хэрэгтэй. Төрийн машин зогсох учиргүй. Нэр дэвших хүмүүс ч ажлаа хүлээлгэж өгөөд эртнээс бэлтгэлээ хангана биз. Намын зүгээс мэдлэг, боловсролтой сайн боловсон хүчнээ дэмжинэ гэсэн бодлого, чиглэлтэй байгаа.
-Сонгуулийн тогтолцоог 28:48 гэсэн хувилбараар явуулахаар хоёр нам шийдвэрээ гаргасан. МАН Бага хурлаараа 48 гишүүний нэрийг тодруулна гэсэн мэдээлэл дуулдсан. Яагаад чимээгүй өнгөрөв?
-Сонгууль ойртуулж байж гишүүдийн нэрийг  тодорхой болгох байх. Намын мөрийн хөтөлбөр гаргах, салбар бүрийг хариуцсан ажлын хэсэг томилох, бодлогын асуудлууд оруулах гээд наана нь хийх ажил олон бий. Энэ асуудлуудаар саяын хурлаар гишүүдийн байр, суурийг сонссон.
-Сонгуулийн хууль тогтолцооны асуудалд та ямар байр, суурьтай байна?
-Тойргийн хамрах хүрээ хүн амын тооноос хамаарч мандатын тоог цөөрүүлсэн. Миний хувьд ингэж хамаагүй өөрчилж болохгүй байсан гэж бодож байгаа. Тухайлбал, Сүхбаатар, Булган, Дундговь, Чойр бараг гишүүнчлэлгүй шахам бол хамруулахад учир дутагдалтай. Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд гишүүнчлэлийг хуучнаар нь явуулбал зүйтэй юм. Хөдөө  орон нутгийн мандатын тоог цөөлж нийслэлд нэмсэн нь хотод суурьших хэрэгтэй, хөдөө орон нутагт байх хэрэггүй гэсэнтэй утга нэг. Өөрөөр хэлбэл, хөдөөд хүн амыг цөөлье гэсэн үг  гэж ойлгож байгаа. Тиймээс сайн хууль болсон гэж хэлж чадахгүй. Харин ч хуулиар дөрөөлж хүн амыг хот руу татаж, хөдөөд аль болох багасгах гэсэн санаа явж байгаа юм бил үү.
-Та мөнгөний бодлогыг нэлээд шүүмжилж байсан. Батлагдсан төсвийн талаар юу хэлэх вэ?
-Нэлээд том бүтээн байгуулалт хийх төсөв гарч байгаа.Гэхдээ бид нэг зүйлийг бодох хэрэгтэй байна. Замбараагүй их мөнгө тавиулаад байх юм. Гэтэл түүнийг нь хийх хүчин чадал, ажиллах нөөц бололцоо байгаа юмуу.Хот  300,400 тэрбум төгрөг төсөвлүүллээ.
Нэг их наяд  600 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулъя гэж байна.

Манайхны ажил 4-5 дугаар сард эхэлдэг. Аравдугаар cap хүртэл богино хугацаанд ажил хийж амжих уу. Түүнийг нь хэн хийх юм бэ, ямар боловсон хүчин техник тоног  төхөөрөмжийн нөөц боломж байгаа юм. Зохион байгуулалтынхаа ажлыг мэдэхгүй нэг их шуналтай хүн мөнгө аваад байдаг. Хийж чадахгүй байж баахан хөрөнгө мөнгө босгочихлоо гэж бодож байна. Дэд бүтцийн салбар хариуцаж байсны хувьд  манай ажиллах хүчний хүрээ ямар билээ, нөөц боломжтой юу гэдгийг би мэднэ. Борооны дараах мөөг шиг  гэнэт олон компани, ажиллах хүч, мэргэжилтэй ажилчид бий  болчихоогүй  л бол. Тиймээс хэт данхайсан, үрэлгэн төсөв болчих вий, үргүй зарцуулагдах вий гэсэн болгоомжлол байна.

-Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын тухайд Монголбанк, УИХ, Засгийн газрын байр, суурь нэг биш байна. Та ямар санал дэвшүүлж байна?
-Төв банк бодлогын хувьд буруу юм хийсэн. Далдыг хардаг далай лам биш дээ, инфляц өснө гэж урьдчилж яриад бодлогын хүүг өндөр болгож яаж  болох  вэ. Зээл их, эргэн төлөлт учир дутагдалтай гэж үзээд арилжааны банкуудыг хамгаалж зээлийн хүүг нь  өндөр болгосноор  ард иргэд амьдрал ахуйгаа яаж авч явж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх юм  бэ. Банк хүмүүсийг байнга хааж боодог боллоо. Гэтэл Мон гол банк ард түмнийг мөлжигчдийг өөгшүүлж байна. Инфляц өсөөгүй байхад зээлийн хүүг нэмэгдүүлж байгаа нь буруу үүнийг төрийн  мөнгөний бодлого гэж хэлэх боломжгүй.
Нийтлэлч
Ч.Үл-Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.