-Эх, мөнгөн хүүхдэд тэтгэмж олгодог туршлага манайд бий. Энэ удаагийнх өмнөхөөс юугаараа ялгаатай вэ?
-Тийм туршлага бий. Таван сартай жирэмснээс эхлээд 12 сарын хугацаанд сар бүр мөнгө олгохоос гадна хүүхдээ асрахад нь хоёр жил хүртэл цалинтай чөлөө олгох гээд урамшууллын хэлбэр явж ирсэн. Энэ бол Олон улсын конвенцийн дагуу авч хэрэгжүүлсэн бодлого юм. Ер нь энэ конвенцид нэгдэж орсон улс орнууд эхчүүдийн төрөлтийг хамгаалах, тэднийг хүүхдээ эрүүл саруул өсгөхөд нь төсвөөс боломжийн хэмжээнд мөнгө олгох үүрэг хүлээдэг гэх үү дээ.
Бид энэ нөхцөлийг хангах үүднээс олон талын судалгаа хийлээ.
Өөрөөр хэлбэл, төрөлтийн тоог он, оноор нарийвчлан судалсан гэсэн үг. Ингээд үзэхэд 2000 онд манай хүн ам 2,3 саяд хүрсэн байгаа юм. Энэ нь өмнөх оноос 1,4 функтээр буурсан үзүүлэлт. Ер нь 1960, 1970-аад оны үед төрөлт өндөр байсан юм билээ. 1980 оны сүүлээр буурч эхэлжээ. Үүнийг зах зээлийн шилжилттэй холбож үзэхээс аргагүй. Харин 2001 оноос хойш өсөж эхэлсэн. Яах аргагүй төрөлтийг дэмжих бодлогыг төрөөс явуулсны үр дүн л дээ. Ялангуяа Хүүхдийн мөнгө олгож эхлэх үед төрөлт жилд 15 мянгаар өсөж 43 мянга болсон байх жишээтэй. Дээр нь шинээр гэр бүл бологсдод 500 мянга төгрөг өгөөд эхлэхэд төрөлт жилд 62 мянга болсон. Тэгээд бодохоор хүн амын тоо өсөхөд, хүүхдийг эрүүл бойжуулахад мөнгөн тэтгэмж их хэрэгцээтэй болох нь харагдаж байгаа биз.
-"Хүний хөгжлийн сан"-гаас 21 мянган төгрөг олгож эхэлсэн нь төрөлтийн тоонд нөлөөлсөн болов уу?
-Хуулийн төслийг санаачлагчдын хувьд бид энэ талаар бас судалсан. Хүний хөгжлөөс 21 мянгыг өгөөд эхэлсний дараа төрөлтийг өмнөх онтой нь харьцуулахад 2011 оны эхний ганцхан улиралд шинээр мэндлэх хүүхэд 1200-гаар буурсан нь тогтоогдсон. Тэгэхлээр эхэд тусгайлан мөнгөн дэмжлэг олгохгүй бол төрөлт буурах нь тодорхой байна.
-Энэ хууль батлагдвал эхчүүд сард хэчнээн хэмжээний мөнгөн дэмжлэг хүртэх вэ?
-Гурав дахь хүүхдээс эхлээд сар болгон хөдөлмөрийн доод хөлсний 50 хувь буюу 70400 төгрөг, 4 дэх хүүхдээ төрүүлбэл 105400, 5 дахиа төрүүлэхэд 140000 төгрөг хүртээнэ. Харин хүүхдийн тоо зургаа болбол 180000, долоо болбол 210000, найм ба түүнээс дээш хүүхэдтэй болбол 280000 төгрөг олгоно. Энд нэг зүйлийг хэлэхэд хүүхэд 16 нас хүрсэн тохиолдолд тасалбар болох юм. Өөрөөр хэлбэл, найман хүүхдийн том нь 16 хүрвэл долоон хүүхдээр тооцоод тэтгэмжээ авах юм.
-Ийм хэмжээний мөнгө олгох хөрөнгийн эх үүсвэрийг яаж олох вэ?
-Санхүүгийн боломж бий. Эх, хүүхдээс мөнгөө харамлаад. хэрэггүй шүү дээ. Ялангуяа хүүхэд эрүүл саруул өсөж бойжих' ёстой. Үүнд зориулж төрөөс мөнгө олгох нь зөв. Тэгж гэмээнэ эрүүл саруул ирээдүй бий болно гэж үзэж байна даа.
Д.Лхагвадорж
Эх сурвалж
Үндэсний мэдээ сонин
| Ц.Цэнгэл: Ерөнхийлөгч намд үйлчилж болохгүй | Ц. Цэнгэл: Ард түмнийг мөлжигчдийг Монгол банк өөгшүүлсэн |
|---|


