-Өнгөрсөн даваа гарагт болсон Ардын намын бүлгийн хуралдааны үеэр танай намын гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдсэн гэсэн. Юу болсон юм бэ?
-Маргаан гаргаад байсан зүйл байхгүй. Зарим гишүүн намын удирдлагаа шүүмжилсэн юм.
-Ямар шүүмжлэл өрнөсөн юм бэ. Бүлгийн хуралдааны үеэр удирдлагаа Шүүмжилсэн гишүүд тусдаа бүлэг үүсгэсэн сураг байсан?
-Бүлэг байгуулсан уу, үгүй юү гэдгийг мэдэхгүй юм. Тэр үед "Ардчилсан нам ажил төрлөө хаяад явчихсан байхад бид ингээд "унтаад" байж болох юм уу. Өөрийн юм өргүй гэдэг шиг ажил төрлөө цэгцэлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэвийн түвшинд аваачихын тулд яах ёстой юм бэ" гэх зэргээр асуудал гаргаж тавьсан юм. Бүлгийн хуралдааны үеэр удирдлагын дутагдлаас гадна гишүүд өөрсдийн дутагдлыг ч ярилцсан шүү дээ. Түүнээс биш хэрэлдээд, хэмлэлдээд тарж сарниад байсан асуудал байхгүй.
-Харин та удирдлагуудынхаа талаар ямар бодолтой байгаа вэ?
-Намынхаа удирдлагуудаа зоригтой, дорвитой алхмуудаа хий. Ер нь бодлогынхоо түвшинд бол манай намын удирдлагууд хэнээс ч дутахааргүй бодлого гаргах чадвартай гэж боддог. Үүнийг улам бэхжүүлж олигтойхон ажиллах ёстой гэсэн байр сууринаас хандсан. Нөгөөтэйгүүр намынхаа гишүүдийн гаргаж буй хуулийн төсөл, дүрэм, журмыг дэмжихийн оронд дутуу дулимаг гэж хойш нь татсан байр сууринаасаа татгалз, үйл ажиллагаагаа түргэсгэх ёстой гэдгийг ч хэлсэн.
-Сайд нарын томилгоотой холбоотойгоор нэлээд маргаан үүссэн юм биш үү?
-Бүлгийн хуралдааны үеэр сайд нарын талаар гэхээсээ илүүтэй улс төрийн сонгуульд яаж оролцох вэ. Ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэдгийг л хэлэлцсэн. Гэхдээ сайд нарын томилгооны тухай асуудлыг ганц, хоёр хүн хөндсөн. "Хуйвалдсаны үндсэн дээр сайд нарын томилгоог хийсэн юм биш үү" гэсэн хардлага гарч байсан л даа. Ийм хардлага гаргасан хүмүүст намын дарга тэр дор нь хариултыг нь өгсөн. Ер нь хамгийн ардчилсан сонгуулиар л сайд нарыг томилсон шүү дээ. Сайдад нэр дэвшсэн хүмүүсийг бүлгийн хуралдаанаар өрсөлдүүлж гаргасан. Ямар ч хуйвалдаан байхгүй. Харин бусад намууд үүнээс суралцах хэрэгтэй байх.
-Таныг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн ч та сайн дураараа нэрээ татсан. Ямар учраас тэр вэ?
-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын суудалд өрсөлдөх боломж надад байсан. Ма-най намынхан миний нэрийг дэвшүүлсэн ч би өөрөө татгалзсан. Учир нь сайдын суудалд суух хугацаа нь дэндүү богинохон санагдсан. Энэ хооронд ямар нэгэн ажил амжуулах боломжгүй гэж бодсон. Түүнчлэн маш өндөр хариуцлагатай, цаг нар шаардсан бодлогын түвшний их хэцүү ажил гэдгийг Ц.Дашдорж ч юм уу, Р.Буд ч юм уу мэдээсэй гээд тэр хоёрыг өрсөлдүүлсэн юм.
-Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга Архи, тамхины үйлдвэрийн эздийг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй байлгах утга бүхий хуулийн төсөл санаачилснаас болоод УИХ-ын гишүүн Ц.Дашдорж намынхаа удирдлагуудаас гуйж байж энэ суудалд суусан. Тиймээс өрсөлдөж байсан хүмүүс нь нэрээ татахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг яриа гарсан байсан шүү дээ?
-Тухайн хуулийн төсөл дэмжигдсэн бол Ц.Дашдорж ямар нэгэн албан тушаалд томилогдох эрхгүй байх байсан ч нэгэнт л хуулийн төслийг дэмжээгүй юм чинь УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ямар нэгэн томилгоонд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд л нэр дэвшээд ялсан.
-Танай намын удирдлагууд өчигдөр болсон Бага хурлынхаа үеэр Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн хөтөлбөр боловсруулснаа танилцуулсан. Уг хөтөлбөрөөс харахад эрх барьж байгаа Ардын нам, Ардчилсан намын үзэл баримтлал нэг болсон мэт санагдаж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Ардын нам бол зүүн төвийн, нийгмийн баримжаатай. Аль болох ядуу зүдүү хүнгүй нийгэмтэй байж ард түмнээ амар амгалан байлгаж, нийгмийн баялгийг тэгш хуваарилах үзэл баримтлалтай. Нийгмийн баялгийг тэгш хуваарилна гэдэг бол өөрөө ард иргэдийнхээ аж амьдралыг жигд сайжруулах алхам шүү дээ. Үүнтэй уялдуулж л хөгжлийн хөтөлбөр боловсруулсан байх. Ардчилсан намынхны бодлого манай намын үзэл баримтлалтай ойролцоо байгаа ч хоёр намын бодлого заавал өөр байх албагүй.
Монголын ард түмнийг л амар тайван аж төрөх боломжоор хангаж, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэнийг л бүтээх ёстой.
Би ингэж бодож байна. Тиймээс энэ асуудал дээр Ардчилсан намынхан манайхыг дуурайчихлаа гэхээсээ илүү аль нэг хөтөлбөр нь илүү үр дүнд хүрээсэй. Ард иргэд маань үүнийг сайн ойлгоосой л гэж хүсэх ёстой. Хэрэв нийгмийн баялгийг ард иргэддээ тэгш хуваарилж чадвал ойрын 4-5 жилийн хугацаанд бидний амьдрал эрс дээшилж, хүнээс гуйлга гуйхгүйгээр хүүхдээ сургуульд сургачих хангалуун амьдралтай болох боломжтой юм.
-Хөгжлийн хөтөлбөрт дэд бүтцийн асуудлуудыг нэлээд орхигдуулсан юм шиг санагдсан?
-Дэд бүтцийн асуудлуудыг оруулсан л байна билээ. Гэхдээ өнөөдөр стратегийн орд газруудыг түшиглэсэн асар олон станц барих гээд байгаа боловч хэдийг барих, хэдээс хэдэн оны хооронд хаана хэрхэн барих юм. Урд хөрш рүүгээ түүхий эдээ экспортлохоор хандаад байдаг. Гэтэл Хятад улс цаашид авах юм уу, үгүй юү. ОХУ-ын Амур мөрний урд асар том нөөц илэрч Хятад руу экспортлохоор гэрээ хийчихсэн байгаа зэргийг харгалзан үзэж бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Үүнд би саналаа хэлнэ гэж бодож байна.
-Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд байгаа гэсэн тооцоо гарч байгаа ч ганцхан уул уурхай дээр түшиглэх нь өрөөсгөл ойлголт гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бусад салбарт ч гэсэн анхаарал хандуулах ёстой байх аа?
-Энэ бүхнийг харгалзсаны үндсэн дээр манай нам "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйгаа хөгжүүлэх, эрүүлжүүлэх, малын түүхий эдийг экспортлох гэсэн томоохон хөгжлийн бодлогоо тодорхойлчихсон гэж боддог. Харин уул уурхайн тал дээр хямгатай, хязгаартайгаар хөгжүүлэх ёстой Г гэсэн байр суурьтай байгаа. Мянганы замаас урагш уул уурхайн орд газрыг л ашиглах ёстой. Цөл болж байгаа элс, манхантай говь талынхаа ашигт малтмалыг уул, ус, ургамал ногоотой газар байх ашигт малтмалын ордуудаас илүү түлхүү ашиглаж, нийт ард түмэнд баялгийг нь тэгш хуваарилах ёстой. Харин уул, устай газрынхаа ашигт малтмалыг ашиглахгүйгээр даръя гэсэн саналыг ч гаргасан. Энэ бүхнийгээ тусгуулахын төлөө байна. Энэ бүх үйл ажиллагаанд хувийн хэвшлийнхэн оролцох нь зайлшгүй. Гэхдээ хувийнх байна уу, төрийнх байна уу бүгд нэг цонхны бодлогоор экспортолж байж монголын хүн ам баян тарган амьдарна шүү дээ. Тиймээс үүнийг ч гэсэн тусгах ёстой.
-Энэ нь юу гэсэн үг вэ?
-Хувийн хэвшлийн төлөөллүүд олборлосон ашигт малтмалаа төрийн мэдлийн компаниас доогуур ханшаар экспортлох зарчим өнөөдөр үйлчилж байна. Тухайлбал, "Ажнай", "Цагаан суварга" гэдэг ч юм уу. Тэд өнөөдрийн байдлаар Iэзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашна гэсэн байр суурин дээрээс зах зээлийн өртөг нь 70 ам.долларын бүтээгдэхүүнийг 30 ам.доллараар бушуухан худалдаж, хувьдаа ашиглаад л явж байна. Тэгэхээр чинь Монгол Улсад орох татварын хэмжээ ч гэсэн багасаж байгаа биз дээ. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох ёстой. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар экспортолж байвал хувийн хэвшлийнхэн ч гэсэн адилхан үнээр л экспортлох ёстой. Хувийн өмчийг нь хурааж авах гээгүй. Ганцхан Монгол Улс татвараа л бүрэн авах ёстой гэсэн бодлогыг ; баримтлах ёстой.
-Засгийн газраас хуулийн төсөл санаачлахдаа томоохон компаниудын эрх ашгийг хамгаалж, ашигтай байдлаар төсөл боловсруулдаг. Түүнийг нь УИХ-аас баталдаг гэсэн яриа гараад байгаа. Та үүнтэй санал нийлж байна уу?
-"Үүнтэй холбогдуулан бүх тусгай зөвшөөрлийг хурааж авах ёстой. Үүнийг биелүүлэхийн тулд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Стратегийн ордуудыг дээр хэлсэн нэг цонхны бодлогод оруулъя" гээд ярихаар ямар нэгэн байдлаар замхраад хойшлоод байдаг. Үүнээс харахад тодорхой хэмжээний сонирхлын зөрчил байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүнийг хурдан үгүй хийх хэрэгтэй. Ингэхийн тулд намын программд энэ асуудлыг хүчтэй тусгахгүй бол асуусан шиг тань хандлага гарч магадгүй. Гэхдээ яг тэр компанийн эрх ашигт тохируулсан гээд тодорхой баримт жишээ дурьдаад хэлчих гэхээр үнэндээ олдохгүй байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.Таньд амжилт хүсье.
Р.Сарангоо
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
| Ц.Цэнгэл: “Чи болсон”гээд хоосон орхичихгүй байлгүй дээ | Ц.Цэнгэл: Ерөнхийлөгч намд үйлчилж болохгүй |
|---|


