5 сарын 25
  • odkhuu_blic01
  • odkhuu_blic02
  • odkhuu_blic05
  • odkhuu_blic03
  • odkhuu_blic04

Д.Дамба-Очир:”Эрдэнэт” үйлдвэрийнхний цалингийн зээлийг тэглэж өгөөч гээд хөөцөлдөж явна.Ийм юм байж болох уу?

Уншсан: 417 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

Өнөөдрийн зочноороо би УИХ-ын эрхэм гишүүн Д.Дамба-Очирыг урилаа. Гэхдээ зангиагүйгээр. Эхэндээ улс төр, ажил алба ярихгүй гэж тохиролцсон ч өөрийн эрхгүй халтирчихаад байв. Гэхдээ зүгээр нэг сайхан эр хүн, айлын аав, энэ улсын эгэл нэгэн иргэний ертөнцөөр хагас цаг эргэлдсэн "аялал" маань тийм ч амжилтгүй байгаагүй шүү.

-Урьд нь баялаг бүтээдэг салбарт ажилладаг авьяаслаг бизнесмэн, компанийн захирал Дамба-Очиртой ярилцаж байлаа. Дараа нь шинэхэн УИХ-ын гишүүнтэй. Өнөөдөр би яг хэнтэй ярилцаж байна гэж ойлгох вэ?

-Дамба-Очир гэдэг урьд нь танил байсан нэг иргэнтэй л ярилцах гэж байх шиг байна.

-Зангиагүй, энгийн хувцастай харах сонин байна. Та нар чинь телевизээр бөөн зангианууд л харагддаг ш дээ?

-Улс төргүй, энгийн сайхан яриа хийнэ гэхээр тань ингэж ирэх ёстой юм байна гэж бодсон шүү. Яасан буруудчихсан уу. (инээв)

-За, тэгвэл иргэн Дамба-Очироос асууна аа. Ингэхэд цаагуур чинь иргэдийн амьдрал яг ямар байна вэ. УИХ-ын гишүүд хөдөөгүүр бас нэлээд их явдаг. Зарим телевизээр харж байхад иргэд маань нулимстай л юм яриад байх юм. Амьдрал болохгүй байна, бас дахин болохгүй байна гээд л?

-Явалгүй яахав. Зөвхөн өөрийн тойрог гэж хязгаарлагдахгүй шүү дээ. Би хувьдаа монголчуудыгаа их өөдрөг сэтгэлтэй байгаа юм байна, ирээдүйдээ итгэлтэй байгаа юм байна гэж харж байгаа. Ер нь бол Монгол Улс гурван жилийн дараа, наашаа татахад хоёр жилийн дараа одоогийнхоос өөр төвшинд гарна гэдэгт би эргэлзэхгүй байна. Эдийн засгийн өсөлтөө хар л даа. 20 гаруй ,23-24 хувьтай гарч байна шүү дээ. Энэ байдлыг харахад дэлхийд байхгүй өсөлт Монголд бий болж эхэлж байна. Тийм учраас Монголынхоо амьдралыг, цаашдын ирээдүйгээ яг л бусад иргэдийнхээ нэгэн адил би их өөдрөгөөр харж байгаа. Санаа сэтгэлийн ийм өнгө аяс бүрэлдэж, бодитой өөрчлөлтүүд гарч, иргэд нь ирээдүйдээ итгэж байх нь аягүй чухал зүйл гэж би боддог.

-Танай Эрдэнэт бол сэхээтний хот л доо. Ерөнхий боловсролын төвшин тэрийгээ дагасан амьжиргаа нь өөр болохоор та тэгж хараад байна уу. Ер нь л ний-тээрээ тэгж харагдаж байх юм уу?

-Ер нь л монголчууд нэлээд өөдрөг, улс орныхоо хөгжлийн ирээдүйд итгэлтэй болсон байна. Энгийн утгаар хэлэхэд юм хийе гэсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүс төр засгийг толгойлж байгаад олзуурхаж байгаа, тэднийгээ дэмжих, бололцоо олгоод ажиллуулах хүсэлтэй байгаа байдал мэдрэгддэг. "Оюутолгой" зэрэг том том төсөл хөдөлсөн нь, тэрийг дагаж ажлын байр бий болж, хүмүүст харийн оронд очиж хөлсөө урсгах биш эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох бодол төрж эхэлсэн нь хамгийн том ололт. Энэ түүхэн шийдвэрүүд иргэдэд асар их урам өгсөн байна.

Гадаадад байгаа монголчууд маань эргэж ирэх хүсэлтэй болсон байна.

Аж ахуйн нэгжүүд нь ажилтай болж, уул уурхайн том том төслүүд хөдөлж, хаа сайгүй ажил хөдөлмөр л ярьцгаадаг болсон нь яагаад монгол хүнд таагүй санагдах билээ. Энэ бол ерөнхий том агаарт нь үүссэн өнгө төрх. Мэдээж нийгмийн амьдрал юм чинь хажуугаар нь шүүмжлэл, сэтгэл ханамжгүй байдал бол байж л байна. Энэ бол хаа ч байдаг зүйл. Энэ их мөнгөн амлалт амласан явдал маань нөгөө талдаа буруу уршиг дагуулж байгаа нь нууц биш. Та хэрэв мартаагүй бол би нэр дэвшээд явж байхдаа энэ амлалтын хөтөлбөрийг шүүмжилж, бухимдсан-даа танд ярилцлага өгч байснаа санаж байна.

-Нэр дэвшигч намынхаа мөрийн хөтөлбөрийн гол хөзрийг шүүмжилж байсныг яаж мартах билээ. Таныг ч шинэхэнээрээ байна даа гэж дотроо инээж суусан шүү. Нээрээ тэр үед та донгодуулсан уу?

-(инээв) Тэр хөл толгойгүй бужигнаан дунд донгодож донгодуулж яаж амжих юм. Ер нь бол энэ их бэлэн мөнгийг бид нар үйлдвэр барихад, ажлын байр бий болгоход зориулсан бол, нэн ядуу, ядуу амьдарч байгаа иргэд, ялангуяа бүр дороос дунд давхарга руу орж байгаа иргэдийг ахиухан дэмжих талын бодлого руу сайн хийж өгсөн бол өнөөдөр арай ч зарим иргэд маань таны хэлж байгаа тэр нулимстай үгийг чулуудаад сууж байхгүй бай-сан болов уу гэж би боддог. Энэ бодлогыг л төрийн зохицуулалтаар хийж өгөхийн төлөө бид ажиллах ёстой. Өнөөдөр юу юу ч үгүй, өөрийнхөө амьдралыг яаж ч хүсээд, яаж ч мөрөөдөөд аваад явж чадахгүй сөхөрсөн иргэдийнхээ өмнө төр үүрэг хүлээх ёстой. Тэр нь энэ бэлэн мөнгө биш. Хоёрдугаарт, бэлэн мөнгө өгөөд ирэхээр л бэлэнчлэх сэтгэлгээ улс оронд бий болоод ирж байна. Нэн ядуу, ядуу гэдэг ангилалд орох гэж хүмүүс өнөөдөр гүйлдэж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 20 жил өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдарч, өөрсдийн амжилтыг байгуулж, тэрнийхээ үр шимийг хүртэж, мэдэрч дасч байсан хүмүүсийг энэ буруу бодлого зүгээр сууж байгаад мөнге авах бодолтой болгочихож байгаа байхгүй юу. Ийм юм бол үнэхээр харагдаж байна л даа.

-Зүгээр байхад нь өгөөд байсан архины мөнгө зогсчихвол уурлаад л унах байх л даа?

-Нэгэнт төрөөсөө ингээд аваад эхэлчихсэн хүмүүс цаашдаа татгалзана гэхэд хэцүү л байх. Эргээд л нөгөө хүмүүсийнхээ ухамсартай ноцолдох ажлаа хийнэ. Энэ байдал үнэндээ хэцүүхэн л харагдаж байгаа юм. Үнэхээр уул уурхайн энэ төслүүдээс орж ирэх орлогуудыг их зөв хуваарилж өгвөл, яг өнөөдрийн байж байгаа энэ хүнд нийгмийн асуудал руу түлхүү хуваарилж өгвөл манай хөгжил их ирээдүйтэй харагдаж байгаа. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт, боловсролд зориулах, ажлын байр бий болгоход зарцуулах ёстой.

-Хуучин бид "Эрдэнэт" гэдэг ганцхан авдартай л байсан. Одоо харин олон баян "толгой"-той болж, тэднийгээ л ярьж байдаг болсон. Биднийг өдий хүртэл тэжээж ирсэн "Эрдэнэт" үйлдвэрийн маань байдал ер нь ямар байгаа вэ. Дэлхийгээс том шагнал авлаа. Удирдлага нь төрийн соёрхол хүртлээ. Хүний хуучин, дээлийн шинэ гэдэг. "Эрдэнэт" үйлдвэрээ энэ утгаар санагалзчихлаа?

-Сайхан  асуулт байна.  Бид "Эрдэнэт"-ээр тэжээлгэж тэжээлгэчихээд тэр үйлдвэрийн хувь заяаны талаар огт зовниж байгаагүй. Зөвхөн авахаа л мэдэж байсан. Би зүгээр нэг юманд их хатуу итгэж явдаг. Үнэхээр манай "Эрдэнэт" шиг дөрөв, таван үйлдвэр баригдчих юм бол Монголын ард түмний амьдрал үнэхээр өндөрт гарна гэж. Тэр төслүүдийн эхлэл нь "Оюутолгой", "Таван-толгой", "Энержи Ресурс". Дотроо бол баярлаж, бахархаж байгаа. Ганц "Эрдэнэт"-ийг ноолоод бидний мөрөөдөл явахгүй. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд бол өнөөдөр зэсийн  үнэ өндөр байна. Намайг "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байхад 1300-аас доошоо зэсийн үнэ орж байсан. Тийм үед бол яаж цалингаа тавих вэ, яаж тоног төхөөрөмжөө худалдаж авах мөнгө гаргах вэ, яаж өнөөдрийнхөө цахилгааны үнийг, төмөр замынхаа мөнгийг төлөх вэ гэдэг юм л толгойны өвчин болдог. Юун улс орныхоо мөрөөдлийн тухай бодох. Өнөөдөр бол асар их мөнгө орж ирж байгаа. Харин энэ мөнгийг яаж зарцуулах вэ гэдэг асуудал л "Эрдэнэт"-ийн толгойны өвчин болж байх шиг байна.

-Олон салаа үзүүртэй хэцүү үг байна?

-Тийм олон үзүүр юу байх вэ дээ. Та өөрөө илэн далангүй л ярья гэсэн биз дээ.

-Тэгэлгүй яахав. Та нээрээ "Эрдэнэт" үйлдвэрт хүн ажилд оруулж өгч чадах уу?

-Та чинь гэнэт юу асууж байна вэ.

-Чадна биз дээ. Надад үнэхээр тийм туслалцаа хэрэгтэй байна ?

-Чадахгүй.

-Яагаад. Та тэр үйлдвэрийн нэг том удирдлага байсан хүн биз дээ. Бас УИХ-ын гишүүн?

-Чадахгүй ээ. Надад ямар ч нөлөө байхгүй. Яахав заримдаа ард иргэдтэй, ажилчидтайгаа уулзаж явж байхдаа удирдлагууд энэ тэрийг нь шүүмжилчих юм. Тэгээд бид нарын хоорондын харилцаа нэг тиймэрхүү болчих жишээтэй л явц-гааж байна. Үнэн нь л энэ.

-Тийм үү. Энэ зүгээр л асуулт байлаа. Жаахан сонин санагдсан бол уучлаарай?

-Тийм байлгүй дээ. Би их гайхлаа. Яахав ээ, би "Эрдэнэт"-д очихоороо иргэдтэйгээ уулзаж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдаараа орж байна. Ажилчдын хоолны гуанзаар орж ярьж суудаг. Хоол иддэг. Сүүлд ингээд уулзаж явахад хамаагүй янз бүрийн юм ярьчихвал ажлаасаа халагдчих вий дээ гэсэн нэг тийм айдастай болчихсон байх шиг байна лээ. Тэгсэн ч би сая ажилчидтайгаа уулзаад л гарсан. Би тэднийхээ өмнөөс дуугарч байгаа. Угаа-саа миний үүрэг гэж би боддог. Боловсон хүчний бодлого байхгүй болж ирж байна. Ажилчид нь нэг саяас дээш төгрөгийн цалин авч байгаа гэж байгаа боловч яг бодит амьдрал дээр авч чадахгүй байна гэж хэлж байна. Тэд цалингаас цалингийн хооронд л амьдардаг. Тэгээд ямар сайндаа би Ч.Ганзориг даргад, Д.Сугар даргад цалингийн зээлийг нь нэг удаа тэглэх боломж байна уу гэж санал тавьж, ярьсан. Эрдэнэт"-д нэг удаа тэглэчих хэрэгтэй юм. Өнөөдөр зэсийн үнэ өндөр байгаа үед тэдэнд нэг удаа ийм боломж олговол сайхансан. Тэгээд миний энэ саналыг советод оруулж хэлэлцүүлж өгөөч гэж хүсэлтээ явуул сан. "Эрдэнэт" үйлдвэрийн асуудал бол ийм байгаа. Харин Эрдэнэ хотын асуудал хүндхэн байна.

-Та нэр дэвшихдээ эрдэнэтчүүдэд хотын статусыг нь ав өгнө гэж амласан. Тэгээд тэд маань город гэдэг гоё нэрээ авах нь уу?,авахгүй нь уу?

Үгүй яахав гурван жил хагас хугацааны турш УИХ-д ажиллахдаа чадлаараа л гүйлээ. Өөрөө хувиараа мөнгө гаргаж байгаад Их сургуулийн хуулийн тэнхимийн багш нараас авахуулаад, манай урдаа барьдаг хуульчдыг урьж байгаад, ажлын хэсэг байгуулж ажиллаад хүртэл статусаа авах гэж зүтгэсэн. Тэгээд хуулиа өргөн барихын хувьд өргөн барьсан, бэлэн болгосон. Манайхан хотын тухай их ярьдаг боловч хууль боловсруулах тэвшинд бэлдсэн юм байдаггүй юм байна лээ. Тэгээд тэр бүгдийг нь бэлдэж өгсөн. Өргөн барьсан. Сая шинэ жил гээд саат-лаа. Үнэхээр Үндсэн хуульд гар хүрэх боломжгүй болж байх шиг байна. Тэгэхээр энэ ажил дараагийн УИХ-д шилжиж байна гэж ойлгож байгаа. Миний хувьд бол УИХ-д байгаа хугацаандаа шийдэх гэж бүх л талаар нь хөөцөлдөж гүйлээ. Эрдэнэтийнхэн ч гэсэн харсан байх. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж бид Үндсэн хуулийн журмын хууль хүртэл гаргалаа. Тэгээд хүч хүрэхгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй өнгөрч байх шиг байна гэж санаа зовж сууна.

-Гишүүдээс эсэргүүцээд байгаа нь хэн хэн байгаа юм бэ?

-Үгүй яахав хөдөөний энэ олон гишүүд чинь бүгдээрээ л Эрдэнэт, Дархан гээд энэ хуучин статус нь өндөр байсан газруудыг Улаанбаатарын хэмжээнд аваачихыг хүсдэггүй юм байна шүү дээ.

-Өндөр зиндаанд оччих гээд үү?

-Өө, янз бүрийн амбиц байна. Гэхдээ гол нь Үндсэн хуультай холбоотой ужиг асуудлуудаас нь халшраад байдаг нь ажиглагддаг.

-Д.Одхүү гишүүн та хоёр нөгөө тэрбум төгрөгөө яасан улс вэ. Засаг дарга нь толгой дээгүүр жаалсан хоёр гишүүн гэх утгатай гомдлын үг унагаж байсан. Бусад гишүүн орон нутгийн удирдлагуудтайгаа нэлээд сайн тэврэлдэж ажилладаг юм биш үү?

-Бид нар бол яг ард иргэдийн дунд л явж байна. Эрдэнэт хотод ямар ямар асуудал байна, хаана нь юу хэрэгтэй байна гэдгийг ард иргэд, хүмүүстэй уулзаж явах хугацаандаа мэдээд мэдэрчихдэг. Хаана яг хоолой дээр тулсан чухал асуудал байна гэдгийг л боддог. Мэдээж орон нутгийн удирдлагууд орон нутагтаа сууж байгаа учраас орон нутгийн проблемыг сайн мэднэ. Орон нут-гийн удирдлагуудтай уулзаж ярьдаг. Ярилгүй яахав. Тамгын газрын дарга, удирдлагуудын саналыг авч байгаад хийх юмаа хийдэг. Тэгэхдээ тэр тэрбум төгрөгийг нь хүнд харагдах томоохон юман дээр нь тавьчихъя гэж боддог. Тэгэхгүй бол тэр ч сургуулийн засвар, тэр ч сантехникийн засвар гээд өдөр тутам хийгддэг, гурилдах бололцоотой, жаахан жаахан юман дээр тарааж авах саналууд ирээд байдаг. Нөгөөдөхийг нь тэр болгон хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Гэхдээ орон нутгийн удирдлагуудын саналыг авалгүй яахав. УИХ-ын гишүүд ч шийдэх юмаа шийднэ. Тэрэнд нь эмзэглэдэг юм уу, яадаг юм энэ хоёр гишүүн чинь ингэчихээд байгаа юм чинь би яах юм бэ ,энэ хоёрын хийж байгаа ажилд бид оролцохгүй ч гэх шиг сонин юм ярих юм байна лээ. Ийм маягтай хамтарч ажиллахгүй байх юм бол орон нутгийн ажил ер нь яаж явах юм бэ.

-Танай тэндэхийн иргэдийн хурал болоод юу юу хийчих вэ ?

-Би наадахад чинь оролцож бай-гаа ч үгүй. Оролцох ч үгүй. Том утгаараа, том зургаараа бол сонгууль ойртсон ийм үед намынхаа эрх ашгийг бодоод бужигнуулах юм олон битгий хийгээсэй л гэж бодож суугаа. Ер нь манай намын эрх ашиг бол Монгол Улсын эрх ашиг шүү дээ.

-Танай намын эрх ашиг яахаараа манай эх орны эрх ашиг байдаг билээ. Зүгээр нэг төрийн бус байгууллага биз дээ. Нам төвтэй төрийн тогтолцоог халъя гэж бид чинь олон жил ярьж байгаа биш билүү ?

-Монголын ард түмэн манай намыг зарим үед янз бүрээр хэлдэг ч гэсэн бидэнд итгэдэг юм. Итгэл өөрөө асар үнэтэй ойлголт шүү дээ. Бидний зүгээс ч улс орныхоо төлөө үе үеэрээ зүтгэсэн асар их зүтгэлээр тэр итгэлд хүрсэн байж таарна. Итгэлээ өгч чадсан, тэрийг нь дааж чадсан ийм л харилцаа шүү дээ. Энийг та ийм хямдхан маягаар хэлж арай л болохгүй болов уу. Эд нар энэ улсыг зөв авч явна гэдэг ард түмний итгэл энэ намыг түшдэг. Нам гэдэг бүтцийн тухайд бол хүн төрөлхтөн л сэдсэн. Сайн биш ч гэсэн арай гайгүй хувилбар юм уу даа.

-Гишүүдийг УИХ-ын 76 мангуу гэж зарим нь хараадаг. Та бол өмнө нь төрийн мэдлийн хамгийн том үйлдвэрийг удирдалцаж явсан хүн. Хувийн ч том компани байгуулж олон жил зүтгэсэн. Төрд татвар төлдөг, түүгээрээ дамжсан сэвгүй алдар нэртэй ийм эрхэм явлаа. Саарал ордонд шилжин сууж, УИХ-ын гишүүн болсон Д.Дамба-Очиртой харилцах хүмүүсийн харилцаа ер нь өөрчлөгдсөн үү?

-Нэг их өөрчлөгдсөн юм байхгүй. Хуучин найз нөхөд маань байдгаараа байж л байна. Яахав шийдвэр гаргах төвшинд, төрийн эрх барих дээд байгууллагад байж байгаа учраас хүмүүс өөрсдийн бодол саналаа түлхүү хэлэх, хүсэлт тавих ийм хэлбэрийн харилцаа бол үнэхээр нэмэгдсэн. Хүмүүс гуйж болохоос болохгүй гэх тэр зааг хязгаарыг бодолцохгүйгээр гуйж, зарим үед бүр шаарддаг. УИХ-ын гишүүн бол алтан загас шиг юм юмыг шийдчихдэг хүн биш шүү дээ. Тэгтэл УИХ-ын гишүүн л юм чинь энэ хүн шийдэх ёстой гэдэг байдлаар бүх л юман дээр ханддаг.

Үнэндээ зарим үед төвөгтэй  л бодогдож байдаг юм.

УИХ-ын 76 мангуу ч гэнэ. 76 ямаа л гэнэ. Янз бүрээр л муулж байгаа энэ байдлыг харахаар заримдаа за, энэ төрд нь ингэн ингэн байж, хоёр хөгшнийгөө хүртэл өдий насанд нь элдвээр улалзуулаад,... төрийн төлөө оготно гэгчээр ингэж гүйж явах хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж бодогдож л байдаг. Гэхдээ аль нэг аавын хүү сонгогдоод л энэ ачааг үүрэх л болно. Хүн урмаараа гэдэг. Монголчууд бид бие биенийгээ дэмжиж ажиллаж л сурмаар байна. Гэхдээ өөрөө ийм амьдрал сонгочихсон хүн чинь гоморхоод байх юу байхав дээ.

-Хувийн секторт ажиллаж байсан хүмүүс төрд очдог. Харин ард нь насаараа зүтгэж босгосон бизнес нь нурчихдаг гэж ярих юм. Энэ үнэн үү?

-Үнэн. Жишээ нь манай компани бол маш төвөгтэй байдалд орчихсон. Сүүлийн жилүүдэд нэг ч тендерт "Очир төв" компани орохоо больсон. Урьд нь бол их ч олон ажилчинтай, их ч юм хийдэг ийм л компани байсан. Одоо жижгэрч л байх шив дээ. Нөгөө шилдэг 100 топ компани энэ тэрд ордог асуудал бол бүр байхгүй болсон. Тэгж бодохоор энэ хамт олон, надад итгэж хувь заяагаа даатгаж явсан хүмүүс, намайг дагаж явсан тэр хүмүүсийн-хээ өмнө хүлээж байсан үүргээ орхи-сон байдал хүний маань хувьд бол харагдаж л байгаа юм.

-Тийм байх. Гэхдээ нөгөө талаас нь асууя. Төрд орж ирснээр харин ч хувийн компаниа бэхжүүлдэг, тендерүүдээс сорчилж авдаг гэх шүүмжлэл бас байдаг шүү дээ?

-Их хурлын гишүүн болчихоороо хүн нэр хүндээ бодож эхэлдэг юм байна лээ. Олон мянган иргэний эрх ашгийг төлөөлж ажиллах болдог. Хувийн аз жаргал, амар амгалан гэдэг л үнэхээр чухал зүйл юм байна. Би өөрөө хувь хүнийхээ хувьд их эмзэг хүн л дээ. Ямар нэгэн юмыг их эмзэглэж хүлээж авдаг. Энэ зан байдлаас минь болоод компанийн хамт олон зөндөө хохирдог . Уг нь зорилго маань бол Эрдэнэтийнхэндээ жаахан ч гэсэн юм хийгээд өгчих, хамаг амьдралаа өнгөрөөж яваа, залуу нас, эрч хүч, түүх дурсамж минь шингэсэн энэ хотоо гэсэн л чин сэтгэл шүү дээ.

-Хоёулаа зангиагүй яриа хийнэ гэсэн ч өөрийн эрхгүй ажил алба руу орчихлоо ?

-Тэглээ.

-Шинэ жилийн баяр бол хамгийн гоё баяр. Таны хамгийн гоё, хамгийн сонин өнгөрөөсөн шинэ жилийн баяр хэзээ болж байв. Амьдрал санамсаргүйгээр дүүрэн шүү дээ. Шинэ жил болоод удаагүй байгаа болохоор асуучихлаа?

-Их өрийг тэглэх төслийн хүрээнд би Лондонд очиж ажилласан юм. Тэгээд буцаж чадалгүй шинэ жилийг яах ч аргагүй өөр газар өнгөрөөх болсон. 31-ний шөнө анх удаа шинэ жилээ гэр орондоо, авгай хүүхэдтэйгээ тэмдэглэлгүйгээр өнгөрөөсөн дөө. Сэтгэл эмзэглэдэг юм байна лээ. Их өрийг тэглэх гээд 50 сая долларын зээл авч хийх ажилтай. Лондонд 14 хоног сууж байж энэ асуудлыг шийдэж байлаа. Германд нисэж чадахгүй буудал дээр яг саатсан.

-Тэгээд яаж өнгөрөөсөн. Оргилуун дарс буудуулсан биз дээ?

-Элчин сайд нь хүлээж аваад зохион байгуулсан л даа. Монголын-хоо шинэ жилийг эхэлж тэмдэглээд, дараа нь Германы шинэ жилийг тэмдэглэсэн. Гэр рүүгээ ярих гэхээр гар утаснууд нь тэр шөнө ачааллаа дийлэхгүй ярьж болохгүй. Тэгж нэг шинэ жилийг өнгөрөөж байлаа. Надад хамгийн гоё шинэ жил бол компаниа байгуулаад, хамт олон-тойгоо эхний жаахан ядруухан үед тавуулаа, 10-уулаа байхдаа, дараа нь зуу хүрэхгүй 50, 60-хан хүнтэй байхдаа тэмдэглэж байсан шинэ жилүүд маш их дурсагддаг. Хэдүүлээ чин сэтгэлээсээ бие биедээ хандаж, байгаа хэмжээндээ их гоё тэмдэглэдэг байсан. Шөнийн 12 цагт Эрдэнэтийнхээ гудамжинд гараад, салютаа буудуулаад, шампанскаа барьчихсан гадаа хүн болгонтой тулгаад гүйж байсан үе, 80-аад оны үеийн шинэ жилүүд маань л хамгийн гоё байж дээ.

-Та хаана төгслөө?

-Би тухайн үеийн ЗХУ-ын Одесс хотод төгссөн.

-Атомын инженер мэргэжлээр билүү?

-Атомын инженер.

-Инженерүүдэд чинь дарагдаж өгөхгүй том амбиц байдаг юм байна шүү дээ. Жижиг орон болохоор хүссэнээрээ, байх ёстой тавилангаараа ажиллаж амьдарч чадахгүй. Атомын инженер байхад атомын үйлдвэр нь байхгүй, энергетикүүд мөн л мөрөөдлийн газартаа ажиллах боломжгүй. Дандаа л улс төрийн долдой юмнууд энд тэнд дарга болчихсон явж байдаг. Танд инженерийн тань үндсэн амбиц байдаг уу. Инженерээрээ ажиллаж өр нь үзсэн үү?

-Би инженерээрээ 1986 онд төгсөж ирээд л ажилласан. Гэхдээ атомын салбарт биш. (инээв)

-"Эрдэнэт" үйлдвэрт үү?

-Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад л очсон доо. 1991 он хүртэл таван жил ажилласан. Яах аргагүй "фронт" руу өөрөө гардаж ордог бай-сан. Ажилчид тэр болгон тоног төхөөрөмжүүдийг мэдэхгүй, чадахгүй. Голдуу залуучууд байсан. Тэдэндээ урд талд нь гарч зааж өгдөг, сургадаг, тэднийхээ өмнүүр нь орж өөрөө багажаа бариад л дайраад ордог. Программ нь бол тийм амар биш шүү дээ. Тэрийгээ зааж өгдөг энэ тэр байсан л даа. Залуухан, юуг л бол юуг хийчих гэж дайраад л. Эхний үед намайг бол Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын төв шийт гэж байдаг. Тэрэн дээр л станцын дарга маань цагаан ор тавиад өгчихсөн, бур бэлэн байдалд амьдруулж байдаг байсан. Заримдаа шөнө харьж чадахгүй, тэгээд л нөгөө орон дээрээ унтана. Сүүлдээ хоёр гурван жилийн дараа миний дор ажиллаж байсан хүмүүс маань ажилдаа дадаад ирэнгүүт гайгүй болж байх жишээтэй. Би боддог юм. Хятадад л гэхэд хятадын улс төрийн товчоо гэдэг юм уу, нам энэ тэрийг нь авч явж байгаа хүмүүс бүгд л яа-гаад ч юм инженерүүд байдаг юм. Инженер хүмүүсийн юманд хандах хандлага өөр. Инженерийн боловсрол өөрөө асар их хөлс хүчээр олддог.

-Та бол инженерүүдийг илүү сонсоно биз?

-Тэгнэ. Өөр арга байхгүй.

-Манайх түүхэндээ ганцхан инженер Ерөнхийлөгчтэй байлаа?

-Тийм. Очирбат Ерөнхийлөгч. Анх бид инженерүүд нийлээд л анх-ны хувийн компаниа байгуулж бай-лаа. Миний байгуулсан компанийн түүх бол тийм. Инженерүүд асуудалд логиктой ханддаг. Өөрөө ядаж санхүүгийн баланс уншаад үзчихсэн, нэг удаа юмыг удирдаад өөрөө аваад гарчихсан, хоёр гартаа хүрз бариад нүүрсээ өөрсдөө ухаж явсан ийм хүмүүс байхгүй юу. Би заримдаа насаараа төрийн алба хаагаад явчихсан зарим хүмүүсийг амьдралд ойр биш, хачин хачин юм яриад унахаар, заримдаа бур байж боломгүй шийдвэр гаргахаар нь хараад өөрийн эрхгүй давчиддаг. Инженерүүд харин ярьж, сайхан уран цэцэн хэлж сураагүй байдаг талтай шүү.

-Танай УИХ-д инженер цөөхөн байна уу?

Нэлээд хэд байдаг. Бид эх орныхоо ирээдүйг хувийнхаа амбицийг хойш нь тавьж байгаад илүү том зургаар харж хэвшмээр байна. Тэр том зургийг төлөвлөж, уншиж, тэрэнд автаж, тэрний төлөө ажиллаж чаддаг том хүмүүс УИХ-д түлхүү орж ирэх юм бол илүү сайн. Одоогийн парламент бол маш потенциалтай парламент. Өнөөдөр бид улс орныхоо хөгжлийн төлөвлөлтийн таван жил, арван жилийн суурийг зөв тавиад авч чадсан байгаа бол энэ УИХ-ын гавьяа тэр гэж бодож байна. Сүүлд нь ярих хүмүүс мэдээж тэртээ тэргүй олдоно шүү дээ.

-Та яг аль нутгийн хүн юм бэ?

-Шинэ үеийн монголчуудыг их олон нутагтай болчихсон гэсэн шог яригддаг. Тэр үнэн байх аа. Манай ээж аав хоёр оюутан байхдаа суучихсан улс л даа. Миний аав Дундговийн хүн. Миний ээж болохоор Булганы хүн. Тэгээд сургууль төгсөөд намын гэдэг юм уу, төр засгийн гэдэг юм уу томилолт аваад явахдаа Сэлэнгэ аймагт очсон. Тэгээд тэнд хүүхдүүд нь гарсан. Тэд маань амьдралынхаа 20 гаруй жилийг Сэлэнгэд өнгөрөөсөн байдаг. Би өөрөө болохоор сургууль төгсөж ирээд л Эрдэнэтэд ажилласан. Хүмүүс намайг Эрдэнэтийн Дамба-Очир гэдэг. Миний ээжийн аав Булганд их нэр хүндтэй хүн байсан. Булганы Тонхлин сумын дарга Буяндэлгэр гэж хун байсан. Ингээд манай удмынхан Булганыхантай яах аргагүй уялдаатай. Би мэдээж хүний хүү юм чинь аавынхаа нутгаар яах аргагүй л дуудуулж явах учиртай. Дундговийн Адаацаг сум бол аавын минь төрсөн сум. Адаацагт Ихэрт гэж газар байдаг. Яг тэнд миний аав төрсөн юм.

-Ийм байдаг байж. Дундговийнхон таныг ёолкондоо урьдаг уу?

-Үгүй. Харин Адаацаг сумын 50 жилд зориулж ном хэвлүүлсэн бай-даг юм. Тэгэхдээ аавын минь тухай бичээд бас миний тухай гаргасан байсан. Би яагаад ч юм дотроо баярласан. Х.Зандраабайдий зохиолч тэр номыг бичсэн байсан. Би Сэлэнгэд өссөн, Эрдэнэтэд өөрийнхөө ухамсарт амьдралыг өнгөрөө-лөө. Намтар, удам судар маань ер-дөө л энэ дээ.

-Таны аав аж үйлдвэрийн гавьяат ажилтан бил үү?

-Үйлчилгээний гавьяат ажилтан. Нийтийн ахуй үйлчилгээний анхны гавьяат ажилтан байх . Аав маань ахуй үйлчилгээний салбарт олон жил ажиллаж дээ. Хоёр хөгшин маань Төв аймагтаа л голцуу байх юм. Төв аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газрын даргаар сүүлийн 10 жил ажилласан. Тэндээс тэтгэвэртээ гарсан. Одоо зөвлөхөөр ажилладаг юм уу даа. Тэсэхгүй долоо хоногт нэг удаа очиж үймүүлж байгаад ирдэг байх. (инээв) Цаадуул нь хөгшинд хүндэтгэлтэй, маш сайн ханддаг.

-Аавдаа та хамгийн сүүлд хэзээ зэмлүүлсэн бэ. Яагаад ч юм аавтай хүмүүсээс хааяа ингэж асуумаар санагдаад байдаг юм?

-Аав маань надад юм хэлэхээ больсон байна аа. Аяндаа тэгдэг бололтой. Хамгийн сүүлд Лүнгийн замаас болж хоёр үг хэлсэн.

-Юу гэж байх юм. Тэр үед тан руу ч мөн ч их дайрч давшсан даа?

-"Энэнээс хэзээ салах юм бол доо, миний хүү" гэж хэлсэн. Тэр үед би жаахан бухимдаж байсан болохоор за, за болж л таарна. Ядаж байхад та нар хүртэл хэмлэх гээд бай-гаа юм уу гэж юу юугүй уцаарлаад гарсан. Гараад явж байхдаа муу аавдаа дуугүй л байхгүй дээ...гэж өөрийгөө зэмлэж явлаа. Тэгээд яахав элдэв нэр хоч зүүн байж энэнээс нь салсан. Дуусгасан.

-Та танхилдуу өссөн хүн юм аа даа. Нулимс нь гялтганаж ирээд л?

-Зүгээр, муу аавыгаа ярьсан чинь огшиж байна. Гэхдээ социалист нийгэмд бид бүгдээрээ л танхил өссөн шүү дээ. Эцэг эхийнхээ залуу халуун насны хөлс хүчин дээр хэн хүнгүй л эрхэлж өссөн.

-Тийм шүү. Лүнгийн зам руу орсондоо та харамсдаг уу. Маш хүнд нөхцөлтэй тендер шүү дээ?

-Харамсдаг. Маш хэцүү нөхцөлтэй.

-Та яагаад тэрийгээ тайлбарлаагүй юм бэ?

Би ярих тийм ч дуртай биш хүн. Тэр тусмаа хүчээр ойлгохгүй тийш жолоог нь мушгичихсан юмыг тайлбарлаж ярих дургүй. Тэрийг яриад явах юм бол хүмүүс өлгөж аваад, бас л элдвээр муулаад явах юм болов уу гэж бодоод яршиг гээд хаясан. Үнэндээ бол бид 140 сая төгрөгөөр нэг километр замыг тавь-сан. Өнөөдөр 600 сая төгрөгөөр нэг километр замын ажил байна. Тендерт орооч гэхэд компаниуд орохгүй байна шүү дээ. Компани 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Би энэ компанийг Лүнгийн замаас болж бараг дампууруулж өгөөд өөрөө алга болсон.Тендерт орохдоо ажилчдаа ажилтай байлгая гэж л орсон. Гэвч ашиг олохоосоо илүү алдагдал хүлээсэн. Дээрээс нь УИХ-д орсныг ч хэлэх үү, улстөржилтийн бай болсон. Бодвол орон нутагтаа нэлээд юм хийгээд байхаар их олон хүний дургүйг хүргэдэг байх л даа. Болж өгвөл Лүнгийн замыг шуурч аваад л муулахаар нь цаад санаа нь андашгүй харагддаг юм. Нэлээд юм хийгээд байхаар л барин тавин намайг ойр ойрхон муулаад эхэлдэг. Юм хийгээд байна, ажил хийгээд байна. Зүгээр суухгүй байна. Орон нутгийнхаа төлөө, гарсан тойргийнхоо төлөө юм хийгээд байна. Тэгэхээр л улам гөвж байгаа харагддаг юм. Сүүлийн үед бол авгай хүүхэд, аав ээжээр минь л оролдохгүй байвал дууссан шүү дээ.

-Та энэ төрийн толгойд ажиллаж явсан олон сайхан эрчүүдтэй ойр дотно явсан хүн. Н.Энхбаяр, Л.Энэбиш, Н.Багабанди гээд. Тэд нарын орон зай төрд үгүйлэгдэх үе байдаг уу?

-Сонин асуулт байна. Үгүйлэгдэж байна гэж би хардаг. Манайх Ерөнхийлөгчийнхөө насыг 55 болгох ёстой юм болов уу. УИХ-ын гишүүдийн насыг ч гэсэн 35 болгох ёстой юм болов уу гэж боддог. Яагаа ч үгүй эрт 45-тай Ерөнхийлөгч болоод, 50 хүрэнгүүт нь гудамжинд гаргаад хаячихаж байгаа байхгүй юу. Ерөнхийлөгч болтол тэр хүн асар олон юмыг дамжсан, маш их туршлага хуримтлуулсан, маш их бэлтгэгдсэн боловсон хүчин болж хувирдаг. 50 настай гарч байгаа хүн чинь үймүүлэхгүй яах юм бэ. Манай Элбэгээ Ерөнхийлөгч ч гэсэн гарчих юм бол бас л зүгээр суухгүй шүү дээ.(инээв) Тэгэхээр манайхан төрд бэлтгэгдсэн хүмүүсээ хаячихдаг байж болохгүй санагддаг. Зөвлөх болдог ч юм уу иймэрхүү жишиг байх ёстой.

-Зөвлөх болохгүй шүү дээ, цаадуул чинь?

-Төрийнхөө дэргэд байлгаад туршлага, нэр хүнд зэрэг улс төрд бодитой хэрэглэгддэг хүчин зүйл-сийг нь ашиглах нь зөв юм уу л гэж хэлж байгаа юм.

-Ингэхэд Төрийг өнөөдөр танай үеийнхэн барьж байна уу ?

-Та бас тоглож байна уу?

-Яалаа гэж. Үнэнээсээ асууж байна?

-Үгүй, одоо жараад оныхон төр барьж байна уу гэж л хардаг шүү дээ. Тэгэхээр миний үеийнхэн төр барьж байна уу даа гэж хэлж болох болов уу. Бид нарыг энэ цаг үед улс орныхоо төлөө зүтгэ, түүхэн шийдвэрүүдийг гарга, юм хий гэсэн юм байна. Тэгэхээр бид хийхгүй бол өөр хэн хийх вэ. Дараагийн үедээ бид нар хүлээлгэж өгөөд л явна. Ёстой нөгөө нэг насилкан дээр хэвтэж гардаг гэдэг онигоо шиг тийм байдалд орохгүй л гэж боддог ш дээ.

-Ээ, мэдэхгүй. Би болжээ гээд явдаг хүн улс төрд байдаг юм уу?

-Би цагаа болохоор явна гэж боддог. Ер нь бол хүн юунаас ч гэсэн цагаа болохоор явах ёстой юм байна гэж би боддог. Надад дөрвөн хүүхэд, эхнэр маань байна. Тэдэнтэйгээ хэдэн жилийг хамтдаа тайван амгалан өнгөрөөх юмсан, тэдэндээ илүү анхаарч явах юм сан гэж боддог. Дараа би хүсэж байгаа тайван амьдралаа, тийм үеийг өөртөө заавал гаргана даа гэж бодож байгаа. Тийм учраас би цаг нь болохоор явна.

-Хүний хамгийн том аз жаргал үнэхээр гэр бүлийн аз жаргал мөн үү?

-Би л лав гэртээ очиж л амардаг. Гэр рүүгээ л явахыг боддог. Орой ажил тарав уу, үгүй юу гэр рүүгээ л харья гэсэн бодол эргэлддэг. Үнэн шүү.

-Та яагаад үнэн шүү гээд байгаа юм бэ. Би итгэж л байна шүү дээ?

-Та гэхдээ нэг тийм ёжлонгуй хараад байна шүү дээ. (инээв) Өөр аз жаргал мэдээж байлгүй яахав дээ. Амьдрал баян болохоор.

-УИХ-ын гишүүн хүн гэхээрээ л хүний ёсноос салчихаж байгаа явдал биш байх. Хааяа бас уумаар болно, зугаалмаар болно, сав-маар болно. Тийм үе байх уу. Та нар чинь хоорондоо нөхөрлөдөг биз дээ?

-Тийм ээ, сайхан асуулт байна. Мэдээж бид нөхөрлөнө өө. Бие биенийхээ өрөөгөөр орно. Ярьж сууцгаана. Бодол саналаа хуваалцана. Зарим нэг сэтгэл хөдөлсөн үед бол хамтдаа гарцгаагаад бас 50, 50 грамм уух юм бол байна шүү дээ. Тав сонгогдоно уу, хоёр сонгогдоно уу УИХ-ын гишүүн л бол гишүүн л юм чинь хоорондоо бол их сайхан нөхөрлөдөг. Тэрэн дотроосоо санаа нийлсэн хүмүүстэйгээ илүү нөхөрлөнө. Хоорондоо ярьцгааж пивоны газар суудаг ч юм уу. Тийм юм байна. Энэ чинь амьдрал юм байгаа биз дээ. Энэ жил ангийнхан маань уулзацгаасан. Бид дунд сургууль төгсөөд 25 жил болж байгаа юм байна. 10 төгссөн ангийнхан, Тэдэнтэйгээ хоёр өдөр хамт байсан. Үнэхээр сайхан байлаа. Тэнд дарга цэрэг гэж байхгүй. Бүгдээрээ нэг ангийн л хүүхдүүд. ёстой нялхарна гэдэг нь болж байгаа байхгүй юу. Ангийн маань багш надад хэлсэн. Манай Дамбаа маань тэр улс төр энэ тэр гэх юм байхгүй сайхан амрах шиг боллоо гэж. Тэгэхэд би бодож байсан. Нээрэн л сайхан амарлаа даа, хэзээ би ингэж амарч, ингэж их инээж, ингэж хар багын нөхөдтэйгөө  шуугиж найгаж суулаа гэж.

-Сайхан байна аа, Таныг би юу гэж боддог байснаа хэлчих үү?

-Хэлээч дээ.

-Уйтгартай, өмнөө зурсан шугамаасаа хаашаа ч хальж гишгэдэггүй, сэтгэлийн хөдөлгөөнгүй хүн гэж боддог байсан?

-Би учиргүй хөгжилтэй, үргэлж тачигнатал инээж байдаг хүн биш ч бас гунигтай хүн биш л дээ. Сэтгэл нь ямар нэгэн металл шиг доргиход чичирдэггүй, орчлонг энэрдэггүй цэвдэг хүн бол бүр ч биш.

-Баярлалаа. Танд чин сэтгэлээсээ амжилт хүсмээр байна. Хааяа ингэж илэн далангүй, ямар нэгэн "маск"-гүй ярих сайхан байдаг. Та ч гэсэн ахиж ингэж) ярьж байгаарай ?

-Санал нэг байна. Санаа сэтгэл уужраад, сайхан ярьж хөөрөх сайхан л даа.

Нийтлэлч
Б.Ганчимэг
Эх сурвалж
Үндэсний шуудан
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад

parent menu item not found: "126"
facebookTwitter-Iconyoutube