Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ.
2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэж, санал дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Ирэх оны төсөвт иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалах хүрээнд сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлөх, гарааны бизнес эрхэлж буй байгууллагын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд нэг сая гаруй иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нийт нэг их наяд төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн байна.

Мөн 2027 оны хоёрдугаар улирлаас эхлэн 211.6 мянган төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зориулж 887.1 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгахаар төлөвлөжээ.
Байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүллээ.
Хуралдаанаар мөн зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.