Онцлох мэдээ2 мин унших
Одоохон...
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр (2026.10.26) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Тэрбээр, иргэдийг 13.00-15.00 цагт хүлээн авахаар товлосон бөгөөд уулзалт эхлэх үед парламентын гишүүнд өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээл, санал хүсэлтээ уламжлахаар хэдийн 10 гаруй хүн ирсэн байв.

“Нээлттэй парламент” танхимыг зорин ирэх иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, бодит дэмжлэг, оновчтой шийдвэр хүсэмжилж буйгаа илэрхийлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулж, зарим асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг онцлоод төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Засгийн газраас Оюутолгой төслөөс ирэх онд авах 3,0 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар “e-Mongolia” платформоор дамжуулан 14 хоногийн хугацаанд иргэд, олон нийтээс санал авсан байна. Нийт 96 мянга орчим иргэн санал өгсний 55 мянга гаруй буюу 57 хувь нь хуримтлалын сангаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, орон сууцын дэмжлэг авахыг дэмжсэн бол 24 мянган иргэн буюу 26 хувь нь мөнгөө хуримтлалын санд хадгалах санал өгчээ.
Уулзалтын үеэр иргэд Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилж, зарцуулах талаар тодруулсан юм. Засгийн газраас дээрх санал асуулгын үр дүнг харгалзан үзэж, өнгөрөгч долоо хоногт Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой нэг удаагийн хуулийн төслөө эргүүлэн татаж авсныг О.Батнайрамдал гишүүн тайлбарлав.

Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсныг дуулгаад өнөөдрийн уулзалтын үеэр иргэдийн тавьсан асуудлуудыг шийдэх зохицуулалтыг төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Иргэдийн зүгээс нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн олон асуудлаар нээлттэй ярилцаж, мэдээлэл авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалд ажлын амжилт хүслээ. Тэрбээр “Нээлттэй парламент” танхимд ажилласан 16 дахь гишүүн болсон бөгөөд өнөөдөр 27 иргэнтэй уулзлаа.