Гэр бүл3 мин унших
Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах шүүх тогтолцоо бүрдлээ

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан Засгийн газраас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай бие даасан хуулийн төсөл боловсруулж 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлж, хаврын чуулганы сүүлийн өдөр буюу өнөөдөр эцэслэн батлагдлаа.
Монгол Улс 2022-2025 онд Гэр бүлийн тухай хуулиар 25654, маргаан, онцгой ажиллагааны журмаар 3113, нийт 28767 хэрэг хянан шийдвэрлэж байжээ.
Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчимд тулгуурласан 5 бүлэг, 40 зүйлтэй уг хууль батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлах, гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг хамтад нь нэг шүүхэд шийдвэрлэх боломж бүрдэж байна.
Онцолбол,
Олон улсын жишигт нийцүүлэн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шинэ аргачлалаар тооцох,
Зан үйлд сургах,
Мэргэжлийн сэтгэлзүйч оролцуулах,
Шүүхэд ажиллах гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч, эвлэрүүлэн зуучлагчийн хорооны гишүүн, шүүгчийг сургах; хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшүүлэх,
Шинжээч нь бакалаврын түвшний мэдлэг, мэргэжилтэй, гурваас дээш жилийн туршлагатай байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Техас мужийн Спурлок сангийн захирал, шүүгч Мэттью Райт манай улсад хүрэлцэн ирж, уг хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо АНУ-ын Техас мужид гэр бүлийн хэрэг маргааны 90 гаруй хувь нь шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэгддэг бол шүүхээр орж буй хэргийн 92 хувьд шинжээч томилох ажиллагаа явагддаг талаар онцолсон юм.

Х.БААСАНЖАРГАЛ: ХҮҮХДИЙН ДЭЭД АШИГ СОНИРХОЛД ТУЛГУУРЛАН ШИЙДВЭР ГАРГАХЫГ ЧУХАЛЧИЛНА
Гэр бүлийн харилцааны онцлогт тохирсон процессын бие даасан хуультай байх шаардлагатайг дэмжиж, төслийг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллалаа. Ингэхдээ "Хүүхдийн дээд ашиг сонирхолд" тулгуурлан шийдвэр гаргадаг байх харилцааг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, иргэдийн хүүхэд байхдаа үйлдэж байсан гэмт хэргийн талаарх лавлагааг тухайн иргэнээр өөрөөр нь авчруулдаг байдлыг халж, энэ талаарх мэдээлэл өөрсдөд нь харагдахгүй байх техникийн зохицуулалттай болно.
Г.УЯНГАХИШИГ: ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧ, ШИНЖЭЭЧИЙГ МЭРГЭШҮҮЛНЭ
Гэр бүл цуцлагдах үед үүсдэг гол маргаануудын нэг болох дундын эд хөрөнгийг хэрхэн хуваах асуудлыг урьдчилан гэрлэлтийн гэрээнд тодорхой тусгаж өгөх эрх зүйн зохицуулалтыг бий болгохын онцолмоор байна. Мөн түүнчлэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ олон улсын жишгийн дагуу мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч нарыг оролцуулах, эвлэрүүлэн зуучлалыг үр дүнтэй болгохын тулд шүүгч, мэргэжилтнүүдийг тусгайлан сургаж мэргэшүүлэхээр хуульчилж байна.
Ж.ХУНАН: ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАЖ БУЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХҮЙС, ХАРИЛЦАА, ХАНДЛАГААС ЭХЛЭН АНХААРНА
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, салалтын шалтгаан нөхцөл зэрэг асуудлыг хөндсөнөөр хамгийн наад зах нь насанд хүрээгүй хүмүүсээс мэдүүлэг авах 500 гаруй өрөөг хүний эрхийн зөрчилгүй болгон засаж залруулах ажил эхэлсэн. Хүүхэдтэй харилцаж буй мэргэжилтнүүдийн хүйс, харилцаа, хандлага хэрхэн нөлөөлдөг, гэр бүлийн хэргийн ангиллыг тодорхой болгох, нөхцөл байдлын үнэлгээний стандарт тогтоох, хүүхдийн эрхийн олон улсын стандарт, зарчмуудтай нийцүүлж хуульчлах нь зүйтэй.