УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Өчигдрийн хуралдаан дээрээс ажиглахад УИХ-ын баталж өгсөн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу гэж яриад байгаа юм. УИХ баталж өгсөн, тэр үед Засгийн газар өргөн барьсан. Үүнийг хэлэлцэж баталсан юм. Тэр үед энэ төрийн албан хаагчийн 9% гэдэг дээр би эсрэг байр суурь илэрхийлээд протоколд үгээ үлдээж байсан. Цомхотгох аргачлал байхгүй байна, дахин инженерчлэл яаж уялдэх юм бэ, баахан квот өгөөд явах юм биш үү гэж саналаа хэлж байсан. Өнөөдөр баахан квот авчихсан байгууллагууд хөдөө орон нутаг хаа сайгүй л яваад байгаа.
Энэ төсөвт хэмнэлт гарна гэж үзээд ингэж байгаа юм. Гэтэл үүнийг дагаад 7 мянган хүн тэтгэвэрт гарах гээд өргөдлөө өгчихсөн. Төсөвт төрж байгаа дарамт нь 375 тэрбум төгрөг. Нэг удаагийн, нэг жилийн хугацаанд үүнийг олгох боломжгүй учраас 2 хуваана гэж байгаа. Үүний ямар аргачлалаар хийх вэ. 7 мянган хүний 3500-г нь нэг жил хойш нь татах гэж байна уу, эсвэл тэтгэмжийг нь 2 хуваах гэж байгаа юм уу? Хүнийг нь 2 хуваалаа гэж үзэхэд , энэ хүмүүс нэг жилийн хугацаанд ажлаа хийж байхдаа цомхотголд ороод халагдчихвал яах вэ? Үүнд төр ямар баталгаа гаргаж өгөх вэ? Энэ чинь цаашлаад яривал хүний эрхийн асуудал.
Дараагийн асуудал, жилд 14 мянга орчим хүн тэтгэвэрт гардаг, одоо бараг 20 гаран мянга болж байх шиг байна. Тэтгэврийн данс нь дийлэх үү. Төсөв хэмнэх биш хэсэг хугацааныхаа дараа төсөвтөө нэлээдгүй өндөр дарамт болоод ирчхэж байгаа юм биш үү!