facebooktwitter
51-262736
User Image

О.Алтангэрэл: Авлигатай тэмцэхгүйгээр Монгол Улс өөдлөхгүй!

2027 оны төсөв, Оюутолгойн ногдол ашиг, хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл болон Хангайн бүсийн хөгжилтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй ярилцлаа. 2027 оны төсөв хэлэлцэгдэж байна. Ирэх оны төсвийн давуу болон сул талыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?-УИХ-аас төсвийн тодотгол хийхдээ ахмад настнуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, нийгмийн халамж, зарим төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлсэн. Энэ бодлого үргэлжилж байгаа нь ирэх оны төсвийн нэг давуу тал гэж харж байна. Нөгөө талаас, хэмнэж болох үрэлгэн зардлууд бий. Төсвийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орж, сайжрах боломжтой. Энэ утгаараа төсөв харьцангуй амжилттай батлагдах болов уу гэж найдаж байна. Хангайн бүсэд ямар хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт төсөвт тусгагдаж байна вэ?-Энэ жил Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдсэн. Сургууль, дотуур байр, дэд бүтэц, авто замын асуудлыг шийдвэрлэхээр төсөвт тусгасан. Эдгээр төсөл хэрэгжиж, асуудлууд нь шийдэгдээсэй гэж хүсэж байна. Би хэлэлцүүлгийн явцад хэмнэж болох зардлыг танаж, зайлшгүй шаардлагатай асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулах байр сууриа илэрхийлж ажиллана. Тухайлбал, зарим төрийн байгууллага болон төрийн өмчит компани өөрийн байраа түрээслүүлчихээд, түүнээсээ 20 дахин өндөр үнээр өөр байр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд нь яриад сууж байна. Мөн төсөвт өртөг нь нэмэгдсээр олон жил үргэлжилдэг төсөл, арга хэмжээ цөөнгүй байна. Ийм зүйлд бүр дасчихсан мэт болжээ. Анх төсөвт гурван тэрбум төгрөгөөр тусгуулсан төсөл гурван жилийн дараа долоон тэрбум төгрөгийн өртөгтэй болчихсон байх жишээтэй. Үүнийг засаж залруулах ёстой.Оюутолгойн ногдол ашгаас гурван их наяд төгрөг гаргаж, зарим төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төсөвт тусгасан ч Засгийн газар энэ саналаа буцаан татлаа. Та ямар байр суурьтай байна вэ?-УИХ ногдол ашгийн тодорхой хэсгийг төсөвтөө татаж авахаар шийдсэн бол хоёр асуудал үүсэхээр байсан. Нэгдүгээрт, цаашдаа жил бүр ногдол ашгийг нь авч, төсвийн ямар нэг асуудлыг аргацаан нөхдөг хэрэгсэл болгочих вий. Хэрэв жил бүр ногдол ашиг орохгүй бол яах вэ? Хоёрдугаарт, үүний цаана наймаа, тохироо явсан юм биш биз гэсэн хардлага төрж байна. Ерөнхий сайд тийм зүйл байхгүй гэж мэдэгдсэн. Би үүнд итгэж байна. Оюутолгойн баялаг гурван их наядаар хэмжигдэхгүй, 300 их наядаар яригдах хэмжээний баялаг бий. Хоёр дахь Оюутолгой Онтрег тавиад туучихсан юм биш биз гэсэн болгоомжлол ч байна. Хэрэв тийм зүйл болоогүй бол сайн хэрэг. Ногдол ашиг авчирсан нь өөрөө сайн ажил. Гэхдээ энэ ногдол ашиг бол Монгол Улсын иргэн бүрд хамаатай мөнгө. Өөрөөр хэлбэл, иргэдэд очих ёстой мөнгийг бэлнээр тараахгүй байж болно. Харин цаашдаа иргэдийнхээ төлөө зарцуулах ёстой байсан мөнгийг дундаас нь авч, үрэн таран хийж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлээд 500 гаруй хонож байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?-Би энэ хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойших хоногийг өдөр бүр шахам тоолж байгаа. Удахгүй 550 хоногийн ой нь арваннэгдүгээр сард болно. Өнгөрсөн жилийн намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. УИХ-ын дарга хэн байх, Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх зэрэг асуудлаар маргалдсаар чуулган дууссан. Хаврын чуулган эхлэх үеэр буюу 2026 оны гуравдугаар сарын 15-нд тухайн үеийн УИХ-ын дарга Н.Учрал энэ хуулийг батална гэж мэдэгдсэн. Гэвч хаврын чуулган дууссан. Энэ намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт мөн хуулийн талаар дурдсан ч одоог хүртэл сураг алга. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн томилогдоод удаагүй байхдаа энэ хуулийн төслийг өргөн барина гэсэн. Өмнөх сайд С.Амарсайхан ч мөн адил хэлж байсан ч хэрэгжүүлээгүй. Би тэвчээртэйгээр хүлээж байна. Нэгдүгээрт, Засгийн газар өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн учраас хүлээхээс өөр арга алга. Хоёрдугаарт, энэ хуулиар хэн нэгэн улс төрийн ашиг хонжоо хайж, ард түмний итгэлийг олж авсныхаа дараа амлалтаа мартаж, асуудлыг орхигдуулах вий гэж болгоомжилж байна. Энэ хууль батлагдаасай гэсэн чин хүсэл надад бий. Би нэг мөрөөдөлтэй. Хуулиа батлуулчихаад авлигачид, хулгайчдаас хураасан хөрөнгөөр барьсан сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцох юмсан гэж боддог.Мөн 21 аймагт сүүлийн үеийн MRI аппараттай, орчин үеийн оношилгооны төв байгуулчихаад гадна нь “Энэ эмнэлгийг нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн дагуу авлигачдаас хураасан хөрөнгөөр байгуулсан” гэсэн самбар байрлуулах юмсан гэж мөрөөддөг. Мөрөөдлийнхөө төлөө одоогоор тэвчээртэй хүлээж байна. Гэхдээ аливаа зүйл хугацаатай. Одоо арваннэгдүгээр, арванхоёрдугаар сар гэсэн хоёрхон сар үлдэж байна. Энэ хугацаанд хуулийн төслийг хэлэлцэж эхлэхгүй бол тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжих шаардлага гарна. Хуулиа батлуулахын төлөө тууштай явна.Авлигатай тэмцэхгүйгээр улс орон өөдлөхгүй. Оюутолгойгоос мөнгө аваад л улс хөгжчихгүй. Өмнө нь байгуулсан хууль бус гэрээнүүдээс хөрөнгөжсөн хүмүүс бий. Өнөөдөр Монгол Улсын орд баялагт эзэн суучихсан 30 гэр бүл бий гэж ярьдаг. Гэхдээ миний харж байгаагаар 30 биш, гуравхан гэр бүл юм байна лээ. Эд нарын гар хөл болж, Монгол төрийг, Монголчуудын боломжийг хулгайлдаг энэ хулгайчуудтай, чонотой нийлсэн нохойнуудтайгаа, тэмцэж хөрөнгийг нь хураахгүйгээр Монголын төр хэзээ ч сайжрахгүй. Монгол улс хэзээ ч өөдлөхгүй. Энэ бол ганцхан авлигатай холбоотой хууль биш, улс оронд буй олон буруу тогтолцоог засах хууль юм! Монгол Улсын цаашдын ирээдүйн хөгжил дэвшил, бидний үр хүүхдүүд хаана, яаж амьдрах вэ гэдэгтэй холбоотой хувь заяаны нэг том асуудал учраас, үүнийхээ төлөө тууштай явна. УИХ-ын 126 гишүүн энэ хуулийн талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?-УИХ-ын бүх гишүүнд хуулийн төслийн танилцуулгыг тараасан. Саяхан Монгол Улсын прокурорын байгууллагаас зохион байгуулсан хууль бус хөрөнгөтэй холбоотой олон улсын хурлын материалыг ч бүх гишүүнд дахин хүргүүлсэн. Хуулийн төслийн агуулгыг тайлбарлаж, гишүүдэд ойлгуулах, дэмжүүлэх ажил хийж байна.Эсэргүүцэж байгаа хүн ч бий, дэмжиж байгаа хүн ч бий. Гэхдээ энэ хуулийг баталж, авлигатай тэмцэх эрх зүйн орчноо сайжруулахгүй бол Монгол Улс хөгжихгүй гэдгийг би баттай хэлж чадна. Уг нь энэ хуулийг маргааш ч хэлэлцэж болно. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг оруулж, чуулганаар хэлэлцүүлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан гол хуулиудын нэг нь таны ажлын хэсгийг ахалж ажилласан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байлаа. Энэ хуулийг хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан гэж тодорхойлж байгаа. Ямар өөрчлөлтүүдийг онцлох вэ?-Аливаа хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн байнга засаж, сайжруулж байх ёстой. Гэтэл Гэр бүлийн тухай хуульд дорвитой өөрчлөлт хийгдэлгүй явсаар 27 жилийн дараа шинэчилсэн найруулгыг нь баталлаа. Хуулийн төсөл УИХ-д хэд хэдэн удаа өргөн баригдаж, буцаж байсан түүхтэй. Энэ бол маш их маргаан дагуулдаг сэдэв. Нөгөө талаар хүн бүр мэддэг юм шиг санагддаг ч үнэндээ нарийн мэргэжлийн мэдлэг, зохицуулалт шаарддаг салбар юм. Өмч хөрөнгө, гэрлэлт, үр хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчтай холбоотой харилцаа өөрчлөгдөж, олон улсын жишиг шинэчлэгдэж байхад бид хуучин хуультайгаа зууралдсаар ирсэн. Үүний улмаас хүүхэд болон гэрлэгчдийн эрх ашиг зөрчигдөх тохиолдол гардаг байсан. Шинэ хуулиар эдгээр эрх ашгийг хамгаалахыг зорьсон. Энгийнээр хэлбэл, эцэг эх хоёрын маргаан хүүхдэд хохирол учруулах ёсгүй. Энэ бол хамгийн чухал зарчмын нэг. Нөгөө талаас гэрлэлт хариуцлагатай харилцаа байх ёстой. Хүссэн үедээ гэрлэж, хүссэн үедээ салдаг, эсвэл бие биедээ хүчирхийлэл үйлдэж, дарамталдаг харилцаа байж болохгүй. Эдгээр асуудлыг хуульд зохицуулж, шүүх хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгосон. Тухайлбал, эд хөрөнгөтэй холбоотой маргаан маш их гардаг. Хамтран амьдарсан эсэх, гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, дундаасаа хүүхэдтэй болсон эсэх, хамтдаа хөрөнгө бий болгосон эсэхээс шалтгаалан олон асуудал үүсдэг. Гэрлэлтээ цуцлуулахад хөрөнгө хэнд үлдэх вэ гэдэг асуулт ч бий. Манайд хүүхдийг ерөнхийдөө ээжид нь үлдээх хандлага түгээмэл байсан. Гэтэл амьдрал олон янз. Согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдээ орхидог ээжтэй, харин хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлдэг аавтай гэр бүл ч байна. Эсрэгээрээ аав нь хүүхдээ орхиод явсан ч хүүхдийн мөнгө түүний дансанд ордог, хүүхдээ асарч байгаа хүн нь мөнгөө авч чаддаггүй тохиолдол ч бий. Энэ бүх харилцааг орчин үеийн нийгмийн бодит байдал болон дэлхийн чиг хандлагад нийцүүлэн зохицуулахыг зорьсон. Ирэх оноос хэрэгжих энэ хуулийг гэр бүл, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагууд хэрхэн үнэлж байна вэ?-Ерөнхийдөө нэлээд нааштай хүлээж авч байгаа. Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр ажилладаг, өмгөөлөл хийдэг мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагууд олон жил ярьж ирсэн асуудлууд хуульд туссанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Хууль маань тун удахгүй хэрэгжиж эхэлнэ. Гэр бүлийн асуудлаар дагнан ажиллах шүүх ч байгуулагдсан. Гэр бүл бол үнэ цэнтэй, хамгийн эрхэм нандин зүйл. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлэг үргэлжилж байна. Бид гэр бүлийн эрх зүйн хүрээнд Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Манай хууль хэрэгжиж эхэлсний дараа нэг зүйлийг бардам хэлнэ. Бид Төв Азийн бүс нутагтаа гэр бүлийн эрх зүйн хөгжилд анхаарсан, орчин үеийн зохицуулалт бүхий хууль боловсруулж чадсан. Энэ чиглэлээр манай улс бүс нутагтаа дээгүүр байр суурь эзлэх боломжтой гэж бодож байна. Азидаа гэр бүлийн эрх зүйн чиглэлээр манлайлагч Япон, БНСУ зэрэг улс бий. Цаашдаа тэдгээр улсын түвшинд хүрч, бүс нутагтаа манлайлагчдын нэг болоход манай эрх зүйн орчин хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Намрын чуулганаар ямар хуулийн төслүүдэд анхаарч ажиллах вэ?-Хуулийн төсөл боловсруулахад нэлээд хугацаа шаарддаг. Одоогоор иргэдээс санал авч байгаа, боловсруулж буй, өргөн барихаар төлөвлөсөн хэд хэдэн чухал хуулийн төсөл бий. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байна. Саяхан баавгайтай холбоотой асуудал нэлээд шуугиан тарьсан. Гэхдээ малчдад хохирол учруулдаг зэрлэг амьтдын асуудал зөвхөн баавгайгаар хязгаарлагдахгүй. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Баянгол, Сант, Төгрөг зэрэг өмнөд сумдад үнэг малын төлд ихээхэн хохирол учруулж байна. Мал төллөх үеэр үнэг хурга, ишиг барьж идээд, малчдад хүнд нөхцөл үүсгэдэг.Гэтэл үнэг агнах хугацаа арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг. Тэр үед төл мал хэдийн томорчихсон байдаг учраас малчдад хамгийн их хохирол учирдаг үеийг зохицуулж чаддаггүй. Бодит амьдрал дээр мал төллөх үеэр үнэгний учруулах хохиролтой холбоотой асуудал үүсдэг ч малчид түүнийг устгавал хууль тогтоомж зөрчсөнд тооцогдох эрсдэлтэй. Бусдын өмч, хөрөнгөд зэрлэг амьтан хохирол учруулсан тохиолдолд ямар зохицуулалт үйлчлэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Энэ чиглэлийн Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар баавгайтай холбоотой асуудал дэгдэхээс өмнө санал авч эхэлсэн. Одоо өргөн барихаар ажиллаж байна. Мөн Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулж, шонхор шувуу экспортлохыг зогсоох чиглэлээр ажиллаж байна. Жилд 350 шонхор шувууг “бэлэг” нэрээр барих асуудал бий. Үүнээс болж хөдөө орон нутагт, малчдын дунд бухимдал үүсэж, байгаль орчинд ч сөрөг нөлөө учирч байна. Шонхор барихтай холбоотой үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн замын хөдөлгөөн, аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал ч гарч байгаа талаар ярьж байна.Монгол Улс хүний амь нас, байгаль орчноо эрсдэлд оруулж байж шонхроо экспортлох хэмжээнд доройтоогүй. Иймээс энэ үйл ажиллагааг зогсоох чиглэлийн нэмэлт, өөрчлөлт өргөн барихаар ажиллаж байна. Түүнчлэн Залуу малчдыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй иргэдээс санал авах зорилгоор D-Parliament цахим платформд байршуулна.Энэ хуулиар улсын төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр хөдөө орон нутагт байгаа зарим хүнд суртал, хууль эрх зүйн бэрхшээлийг арилгаж, залуу малчдыг хэрхэн дэмжих талаар тусгасан. Монголын мал аж ахуйн салбар үндсэндээ 1970–1980-аад оныхны нуруун дээр тогтож байна. Залуу малчдыг бодлогоор дэмжиж чадвал хотын түгжрэл, төвлөрлийг бууруулахад ч эерэг нөлөө үзүүлнэ. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:Бусад гишүүдтэй хамтран санаачилж байгаа хуулийн төслүүд ч бий. Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын ахалж буй чухал ажлын хэсэгт ажиллаж байна. Нүүрснээс шингэн түлш гаргах асуудал олон жил гацсан. Энэ салбарт олон төрлийн лобби, хүнд суртал байдгийг харж байна. Үүнийг даван туулж, нүүрсний нөөцдөө тулгуурлан шингэн түлш, бензин үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.Монгол Улс нүүрсний нөөц ихтэй орны хувьд энэ боломжийг ашиглах ёстой.Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн ажлын хэсэг зэрэг хэд хэдэн ажлын хэсэгт ажиллаж байна. Та тойрогтоо тогтмол ажилладаг. Иргэдээс ямар санал, санаачилга гарч байна6 Ямар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна?-УИХ-ын гишүүн болсноосоо хойш Хангайн бүсийн бүх суманд очиж ажилласан. Харин иргэдтэйгээ нээлттэй, өргөн хүрээний уулзалт хийж амжаагүй долоон сум бий. Зарим суманд олон удаа очиж, иргэдтэй уулзсан. Чуулганы завсарлага болон амралтын өдрүүдээр тойрогтоо ажилладаг. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Өвөрхангай аймгийн Уянга, Төгрөг, Баянгол, Есөнзүйл, Өлзийт зэрэг суманд ажиллаад ирлээ. Орон нутагт очоод иргэдийнхээ үгийг сонсохыг л чухалчилдаг. Бид өөрсдөө бүхнийг мэддэг, ухаантай хүмүүс биш. Иргэдийнхээ үгийг сонсож, тэдний байр суурийг төрд хүргэх ёстой. УИХ-ын гишүүн, дарга, сайд гэхээр заавал бусдаас илүү мундаг хүн байдаг гэсэн үг биш. Заримдаа УИХ дээр хэлэлцэж буй асуудлын аль тал нь зөв бэ гэдэгт эргэлзэх үе гардаг. Тийм үед сонгогчдоосоо асууж, тэдний байр суурийг сонсдог. Дараа нь тойргийнхоо иргэдийн үгийг УИХ-ын чуулганы үеэр дамжуулж, хэлж ярьдаг. Мөн Архангай аймгийн сумдаар явж, цагаан идээний үйлдвэрүүд болон цагаан идээ боловсруулдаг малчин айлуудаар нэлээд зочилсон. Тэндээс авсан туршлагаа Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Баянхонгор аймгийн сумдаар ажиллахдаа малчдад танилцуулж, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өвлийн улиралд цагаан идээний үзэсгэлэн зохион байгуулагдах үеэр малчдынхаа бүтээгдэхүүнийг сурталчилж, хаана ямар цагаан идээ худалдаалж байгааг олон нийтэд хүргэх ажлыг ч хийдэг. Цаашдаа иргэдээ сонсох, шийдвэрлэх асуудал олон бий. Ирэх арванхоёрдугаар сард Хангайн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт тойрогтоо ажиллахаар төлөвлөж байна.

Цааш унших

Санаачилсан хууль

17

Нэмэлт өөрчлөлт (Сайнзориг 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-27

Үндэсний баяр наадмын тухай

Тогтоолын төсөл (төсвийн хөрөнгө оруулалт)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-11

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Нэмэлт өөрчлөлт (Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн)

ӨРГӨН БАРЬСАН:2026-04-30

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Нутаг дэвсгэрийн тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-27

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (2025-шинэ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-19

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Тест)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-31

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-27

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай

Бие даасан хууль (хуулийн харилцааг зохицуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-27

Төлбөрийн чадваргүйдлийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-27

Арилжааны тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Мөрийтэй болон бооцоот тоглоомын талаар)

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-26

Зөвшөөрлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл)

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-24

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-24

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-24

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай

Шинэчилсэн найруулга (Алтангэрэл 2025,01)

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-23

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай

Бие даасан хууль (хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах )

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-27

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

Content image
Оюунсайхан
Алтангэрэл

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.