
Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэл ган, хуурайшил, хэт халалт, хур тунадасны дутагдал, хөрсний чийгийн хомсдол зэрэг уур амьсгалын эрсдэлд өндөр өртөмтгий билээ. Эдгээр эрсдэл нь зөвхөн тариаланчдын ургац, орлогод төдийгүй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд шууд нөлөөлж байна.Өнөөгийн уламжлалт даатгалын тогтолцоо нь хугацаа, зардал их шаарддаг, олон тариаланчийг хамруулах боломж хязгаарлагдмал байна. Иймээс хохирол гарсны дараа үнэлж нөхөн төлөх биш, эрсдэлийг урьдчилан тооцож, даатгал, давхар даатгалын механизмаар хуваарилдаг тогтолцоонд шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс С.Эрдэнэболд нарын УИХ-ын гишүүд Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Хуулийн төслийн гол шинэчлэл нь бодит хохирлыг талбай бүрээр заавал үнэлэхийн оронд хур тунадас, ган, температур, хөрсний чийг, ургамлын өсөлт, ургацын хэмжээ зэрэг урьдчилан тогтоосон, албан ёсны, хэмжигдэхүйц индексийн үзүүлэлтэд үндэслэн даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийг тодорхойлох тогтолцоог нэвтрүүлэхэд оршино. Ингэснээр нөхөн төлбөрийг илүү шуурхай, ил тод, зардал багатай шийдвэрлэх, тариаланчдын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.Түүнчлэн хуулийн төсөлд эрсдэлийг даатгуулагч, даатгагч, хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын тогтолцооны хооронд шатлан хуваарилахаар тусгасан. Ингэхдээ шинээр сан, институци байгуулахгүй, Малын индексжүүлсэн даатгалын хүрээнд нэгэнт бүрдсэн хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын тогтолцоог тариалангийн салбарын онцлогт нийцүүлэн ашиглахаар зохицуулсан.Энэ хуулийн гол зорилго бол тариаланчид учирсан хохирлыг төсвөөс нөхөх шинэ тогтолцоо бий болгох бус, харин эрсдэлийг урьдчилан тооцож, тариаланч–даатгалын компани–давхар даатгал–төрийн оролцоотойгоор хариуцлагыг зохистой хуваарилдаг тогтвортой санхүүгийн механизм бүрдүүлэх.Мөн төрөөс тухайн жилийн батлагдсан төсөв, төсвийн боломжид багтаан даатгалын хураамжид тодорхой дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж, индексийн мэдээллийн найдвартай байдал, ил тод байдал, хараат бус баталгаажуулалтыг хангах зохицуулалтыг тусгасан.Хуулийн төсөл батлагдсанаар тариаланчдын санхүүгийн эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, даатгалын зах зээлийг хөгжүүлэх, улмаар Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлын тогтвортой байдлыг бэхжүүлэх эрх зүйн шинэ боломж бүрдэнэ гэж үзэж байна.Хуулийн төслийн гол зохицуулалт:- Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.Төсөл батлагдсанаар:- Тариалангийн даатгалын эрх зүйн орчин тодорхой болж, шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой индексжүүлсэн даатгалын тогтолцоо бүрдэх,- Тариаланчдын эрсдэлийн удирдлага сайжрах,- Даатгалын зах зээл хөгжих,- Салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ.УИХ-ын гишүүн, хууль санаачлагч С.Эрдэнэболд: “Монгол Улсын хэмжээнд 15 мянга орчим өрх газар тариалангийн салбарт бизнес эрхэлж байна. Дээрээс нь 1500 орчим ААН-үүд энэ салбарт ажилладаг. Ган гачиг, зуд турхан хүний хамааралтай болон хамааралгүй маш олон асуудлууд үүсдэг. Гэхдээ энэ салбарт даатгал огт үйлчлэхгүй байгаа. Төрд ямар нэгэн ачаа дарамт, шинэ институт, бүтэц, хөрөнгө оруулалт нэмэхгүйгээр энэ холболтыг төр хуулиар хийчихвэл маш олон эерэг үр дүнгүүд гарна. Ингэхдээ газар тариалангийн эрсдэлийг бууруулах зорилгоор индексжүүлсэн даатгал хийх юм. Тухайн индекс нь ямар хэмжүүртэй байх эсэх дээр бид хуулийн зохицуулалтыг хийж байна. Ингэснээр газар тариалан эрхлэгчдийн маань бизнес илүү хамгаалагдахын сацуу бид илүү чанартай хүнс хэрэглэх юм” гэв.
Цааш унших
2026.11.05

2026.11.03

2026.11.01

2026.10.28

2026.10.28

2026.10.28








Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.