Байр суурь2 мин унших
Ж.Батжаргал: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай асуудлыг зөв зохицуулах хэрэгтэй
Ашигт малтмал
УИХ-ын чуулганы 2025.12.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нь дэмжье. Гэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай асуудлыг бид зөв зохицуулах хэрэгтэй. Орон нутгийн ажил амьдралд тун шаардлагатай түгээмэл тархацтай зүйлсийг ашиглах гэхээр зөвшөөрлийнх нь асуудал хүндрээд байдаг. Цаг хугацааны хувьд бүтээн байгуулалтын ажлуудаа шуурхай явуулъя гээд асуудалд хандахаар орон нутгийн улс төрөө дийлэхгүй, хэдэн биенээ зөрүүлж энд тэнд матаад үндсэндээ үүний золиос болж нэг хэсэг орон нутгийн удирдлагууд асуудал үүсээд болж өгдөггүй.
Улсын чанартай авто замын бүтээн байгуулалт л нэлээн олон шат дамжлага дамжиж байж асуудал нь шийдэгдэж байгаа болохоос биш орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг үнэхээр ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга эсхүл нэмэлт өөрчлөлт орж ирэхдээ харилцаагаа бүрэн зохицуулах талаас нь нь холбогдох салбарууд анхаарлаа хандуулж ажилламаар байна.
Эс бөгөөс энэ асуудал нь бүтээн байгуулалтынхаа ажлыг удаашруулдаг, хүндрүүлдэг нөхцөл байдлуудыг үүсгээд байна.Хоёрдугаарт, Улаанбаатар хот иргэдийнхээ экологийнхоо нөхцөл байдлыг бодоод өөрийнхөө бүтээн байгуулалтад өөрийнхөө нутаг дэвсгэрээс юм авахгүй гэвэл хил залгаад тойроод байж байгаагаараа Төв аймаг жаал юм өгөх бололтой юм. Асуудлыг зөв харах ёстой. Үнэхээр барилга байгууламж бүтээн байгуулалтад голын элс хайрга нь стандартынхаа хувьд нийцэж байгаа юм уу үгүй юм уу. Хуулийн төсөл санаачлагч хийсэн судалгаа дүгнэлт байна уу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
