Ярилцлага12 мин унших
Одоохон...
Одоохон...
Ярилцлага12 мин унших

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засаг зогсонги байдалд орлоо. Өнгөрсөн жилийн өсөлт харагдахгүй, гадаад худалдааны эргэлт 25 тэрбум ам.долларын түвшиндээ хэвээр байна гэж байгаа. Энэ нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хэрхэн эрчимжүүлэх, Монгол Улс яаж илүү орлоготой болох вэ?
-Монголын эдийн засгийн эхний дөрвөн сарын урьдчилсан үзүүлэлтийг харахад тодорхой өсөлт ажиглагдаж байна. Урьдчилсан байдлаар тав гаруй хувийн өсөлттэй, инфляци найм гаруй хувьтай байх шиг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт биет хэмжээгээрээ өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байгаа. Харин дэлхийн зах зээл дээрх үнэ, ялангуяа манай гол экспортын бүтээгдэхүүний үнэ дунджаар зарим нэр төрөл дээр тааруу байна. Жишээ нь, нүүрсний хувьд улсын төсөвт тонн тутмыг 70 ам.доллараар тооцсон байхад зах зээл дээр ойролцоогоор 65 орчим ам.долларын түвшинд байна. Харин зэсийн хувьд өсөлттэй, өмнө нь 9.7 орчим хувьтай байсан бол одоо 12-13 орчим хувийн өсөлттэй болж нэмэгдсэн байна. Төмрийн хүдэр ерөнхийдөө тогтвортой түвшинд, алтны хувьд нэлээд өсөлттэй харагдсан. Хөдөө аж ахуйн салбарын тухайд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулалт, түүнээс үүдэлтэй нэмүү өртөг, орлогын өсөлт харьцангуй эерэг үзүүлэлттэй. Жишээлбэл, ноолуурын борлуулалт 400 орчим сая ам.долларт хүрсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээний удаашрал байгаа нь үнэн. Үүнээс гарах хамгийн чухал гарц бол баялаг бүтээгчдийг дэмжих асуудал. Тиймээс Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Татварын багц хууль зэрэг эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлийн хуулийн төслүүдийг өргөн бариад дахин хэлэлцүүлэхээр оруулж ирсэн.
-Эдгээр хуулийн өөрчлөлтүүд батлагдсанаараа эдийн засаг дахь тооцоолол гэх үү, эерэг нөлөөлөл нь юу байхаар байна?
-Засгийн газраас өгсөн урьдчилсан тооцооллоор эдгээр өөрчлөлтийн хүрээнд 1.2 их наяд төгрөгийн татварын ачааллыг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд бууруулах боломж бүрдэхээр байгаа. Мөн НӨАТ-ын суурийг өөрчилж, 400 сая төгрөгийн босго тогтоох, татварын хялбаршуулалт хийх асуудал яригдаж байна. Эдгээр арга хэмжээгээр дамжуулан эдийн засагт тодорхой хэмжээний идэвхжил бий болно гэж харж байгаа. Гэхдээ эцсийн дүндээ Монгол Улсын эдийн засгийг идэвхжүүлэхэд 3-4 гол суурь асуудал байна.
-Тэдгээр суурь асуудлууд юу вэ. Мэдээж эрчим хүчний асуудал эхэнд нь байна байх, тийм үү?
-Нэгдүгээрт, эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хараат байдлаа бууруулах, импортыг багасгах асуудал хамгийн чухал байна. Ялангуяа 2026-2027 оны өвлийг хүндрэлгүй даван туулах нь бидний гол зорилт. Саяхан Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүд гаргасан. Одоо ажиллаж байгаа станцуудын засвар үйлчилгээг Засгийн газрын нөөц сан болон бусад эх үүсвэрээр бүрэн, хугацаанд нь хийхийг онцгой анхаарч ажиллаж эхэлсэн байна. Мөн таван аймгийн төвд хувийн хэвшилтэй хамтран нарны эрчим хүч, батерей хуримтлуурын төслүүдийг хэрэгжүүлж, энэ оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж. Үүнд Орхон, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр зэрэг аймгуудыг хамруулж, эхний ээлжинд хэрэгжүүлэхээр байна. Үүнээс гадна өмнө эхэлсэн эрчим хүчний төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-Эрчим хүчний асуудлаа шийдэж байж үйлдвэрлэлээ хөгжүүлэх байх. Ер нь үйлдвэр барьж байж л улс хөгжинө биз дээ...?
-Миний хэлэх хоёр дахь зүйл бол мэдээж үйлдвэрлэл, боловсруулах салбарыг хөгжүүлэх асуудал. Энэ нь зөвхөн уул уурхай төдийгүй уул уурхайн бус салбаруудад ч адил чухал. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эдийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зарим чиглэлд боловсруулалт бүрэн хийгдэж чадахгүй байгаа учраас энэ тал дээр ахиц гаргах хэрэгтэй. Жишээлбэл, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуураа угааж, самнаж гаргах түвшинд хүрсэн нь том дэвшил. Цаашид энэ чиглэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт тавин ажиллах шаардлагатай. Мөн дотоодын хэрэглээг дотоодоосоо хангах нь маш чухал. Төр өөрөө том худалдан авагч учраас энэ чиглэлд бодлогоор дэмжих боломжтой. Жишээлбэл, дүрэмт хувцастай салбарууд болох цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагуудын хувцас, хэрэглэлийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой гэсэн судалгаа гарсан. Материал, стандартын шаардлагыг хангах боломж бий. Тиймээс эдгээр салбарын худалдан авалтыг дотоодоосоо хийх бодлого баримтална. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, мөн төсвийн урсгалыг дотооддоо үлдээх давуу талтай.
-Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд зөвхөн түүхий хэлбэрээр экспортлох биш, илүү боловсруулсан бүтээгдэхүүн болгох шаардлага яригддаг. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
-Гол асуудал бол бүтээгдэхүүнээ очих ёстой зах зээлдээ өрсөлдөх чадвартайгаар хүргэх явдал. Таны асуусан шиг алийн болгон шороо, чулуу хольсон түүхий хэлбэрээр тээвэрлэх вэ гэдэг асуудал байна. Тиймээс угаах, баяжуулахаас гадна цэвэршүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл алт, зэс, ган зэрэг бүтээгдэхүүний эцсийн шатны үйлдвэрүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний нэмүү өртөг өснө, цаашлаад боловсруулах салбар хөгжиж, бусад дагалдах салбаруудыг дэмжих суурь бүрдэнэ гэж харж байгаа.
-Зэсийн үйлдвэрийн талаар тодруулбал, одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Хэзээ ашиглалтад орох вэ?
-Зэсийн үйлдвэрийн хувьд ТЭЗҮ болон бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан. Дараагийн шатны сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтийн ажлууд эхлэх шатандаа явж байна гэж ойлгосон. Төлөвлөгөөний дагуу 2029-2030 оны орчимд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм билээ.
-Бүлэгт танилцуулж байгаа мэдээллээр Засгийн газар дотоодын эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлд өөр ямар томоохон төслүүд хэрэгжүүлэхээр байна вэ?
-Дотоодын эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, хэрэглээний тодорхой хэсгийг дотоодоос хангах зорилгоор хэд хэдэн том бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлсэн ч дотоодын хууль, эрх зүйн орчноос шалтгаалан хэрэгжилт нь тодорхой хэмжээнд удаашралтай явж байгаа юм билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-д Гадаадын зээллэг ашиглалтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай нэг удаагийн үйлчлэлтэй хууль оруулж ирсэн. Энэ нь гурван том төсөлд чиглэж байгаа.
-Тэдгээрийн нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр үү?
-Тийм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Манай улс одоогоор 2.7-2.8 сая тонн шатахууныг импортоор авч байгаа. Тиймээс дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг өөрсдөө хангах нь стратегийн чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар суурь ажлууд хийгдсэн, тоног төхөөрөмжийн захиалга өгөгдсөн. Цаашид тэдгээрийг авчирч суурилуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
-Санхүүжилтийн хувьд ямар нөхцөл байдалтай байгаа бол. Саяхан Энэтхэгээс нэмж зээл авсан шүү дээ...?
-Энэтхэгийн Засгийн газартай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжилт шийдэгдсэн. Гэхдээ авсан зээлийн ашиглалт хангалттай өндөр биш байна. Хэрэв одоогийн хурдаараа үргэлжилбэл төслийг дуусгахад 10 орчим жил шаардагдах эрсдэлтэй. Энэ хугацаанд бид ашиглаагүй зээлдээ хүү төлсөөр байх болно. Харин үйлдвэрээ ашиглалтад оруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл орлогоороо зээл болон хүүгээ төлөх боломж бүрдэнэ. Гэтэл одоогийн нөхцөлд дуусаагүй үйлдвэрлэл удаашрах тусам хүүгийн дарамт жил бүр нэмэгдэж, төслийн нийт өртөг өсөх нөхцөл үүсдэг. Тиймээс энэ төслийг зайлшгүй шуурхайлах шаардлагатай. Үүнтэй адил эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх асуудал ч мөн чухал байна. Энэ төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ийм төслүүдийг аль болох шуурхай хэрэгжүүлж, ашиглалтад оруулах замаар орлого бий болгож, тэр орлогоороо зээлээ төлөх нь зөв гарц. Ер нь Монгол Улс томоохон төслүүд хэрэгжүүлж, эдийн засгаа урагшлуулах гэж байгаа нөхцөлд анхны хөрөнгө оруулалтаа өөрөө нөхдөг, үр ашигтай ажилладаг төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Ийм төслүүд дээр авсан зээл нь Өрийн удирдлагын тухай хуульд бүртгэгдэнэ, Засгийн газрын түвшинд хяналттай байна. Зарим зардал нь төсвөөс биш, тухайлбал Хөгжлийн банкаар дамжих боломжийг нээх ёстой. Гол нь том төслүүдийг 10-20 жил сунжруулах биш, боломжтой бол 3-5 жилийн хугацаанд ашиглалтад оруулдаг байх хэрэгтэй. Хэр хурдан ашиглалтад орно, төдий чинээ эдийн засаг, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн зээл, хүүгийн дарамтыг бууруулахад чухал нөлөөтэй.
-Том төслүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулж байж, өртөг, зарлагаа нөхнө гэж байна. Тэгэхээр хурдасгахын тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийгдэх шаардлагатай байна вэ?
-Мэдээж эрх зүйн орчныг бүрэн шийдэх шаардлагатай. Энэ утгаараа олонхын бүлгээс Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон холбогдох байгууллагуудад хууль хоорондын нийцлийг хангах өөрчлөлтүүдийг боловсруулж, танилцуулах чиглэл өгсөн. Ингэхгүй бол эдийн засаг, нийгэмд бодит үр өгөөж өгөх том төслүүдийн хэрэгжилтийн хурд удаашрах эрсдэлтэй. Төсвийн зардалд тааз тогтоочихдог. Үүнтэй уялдуулаад том төслүүдийн санхүүжилтийг жил бүр хэсэгчлэн хувааж зарцуулдаг. Ингэснээр таван жилд хэрэгжиж болох төсөл 10-15 жил үргэлжлэх нөхцөл үүсдэг. Энэ нь өөрөө үр ашиггүй. Тиймээс төслийн ТЭЗҮ, бэлтгэл ажлыг сайтар хангаж байж санхүүжилтийн шугамыг нээх хэрэгтэй. Дараа нь зээлийн хөрөнгийг шуурхай татан авч, бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэж, үр өгөөжийг нь хурдан хүртэх нь хамгийн зөв.
-Ер нь 2027 оны төсвийн урьдчилсан тооцоолол, төсөөлөл ямар байгаа юм бэ?
-Урьдчилсан байдлаар авч үзвэл төсвийн орлого, зарлага хоёулаа 2026 оны түвшнээс өсөлттэй төлөвлөгдөж орж ирсэн. Жишээлбэл, энэ онд тэнцвэржүүлсэн орлогыг 32 их наядаар тооцсон бол 2027 онд 34.8 их наяд байхаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, 2.8 их наяд төгрөгийн нэмэлт орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн гэсэн үг. Зарлагын хувьд энэ жил 33 их наяд байгаа бол ирэх онд 36.5 их наяд болж өсөхөөр төсөөлөгдөж байна. Мэдээж эдгээр тооцооллыг цаашид илүү нарийвчлан судлах шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь, инфляцийг долоон хувь байхаар тооцож оруулж ирсэн. Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг хангаж байгаа гэж мэдэгдсэн. Засгийн газрын өрийн дээд тааз 60 хувь байхаар хуульчлагдсан. Одоогийн байдлаар 50 хувийн дотор багтахаар тооцоолол орж ирсэн байна лээ. 2025 оны гүйцэтгэлээр авч үзвэл ойролцоогоор 40 хувийн түвшинд байна. Тэгэхээр бидэнд тодорхой хэмжээний орон зай, боломж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 10 орчим нэгжийн зай буюу 10 орчим их наяд төгрөгийн боломж гэж харж болно. Иймээс томоохон төслүүд дээр, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэгт ашиглах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бий.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд энэ хаврын чуулганы гол зорилго юу вэ. Хаврын чуулган дундаа орчихсон байна шүү дээ?
-Жагсаалтад орчихсон олон хууль бий. Гол анхаарах хэдэн хууль байгаа. Нэгдүгээрт, эдийн засгийг идэвхжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс Зөвшөөрлийн тухай хууль, татварын багц хууль зэрэг эдийн засгийн суурь хуулиудыг шуурхай батлах нь чухал. Хоёрдугаарт, парламентын ардчиллыг гүнзгийрүүлэх, иргэдийн төр барих эрхийг илүү бодитоор хэрэгжүүлэх асуудал байна. Үүний тулд УИХ өөрөө хариуцлагатай, бүтээлч, ил тод байх ёстой. Энэ хүрээнд УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулаад байгаа. Эдгээр төслийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж, сайжруулаад ойрын хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна. Нөгөөтэйгүүр 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний гол агуулга нь эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Энэ нь намын дарга, Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлөх” санаачилгын хүрээнд хэрэгжиж байна. Энэ хүрээнд төрийн бодлого, хууль тогтоомжийг эдийн засаг, нийгмийн хөгжилд саад болдог хүнд суртал, авлига зэрэг сөрөг нөлөөллөөс ангид байлгах бодлого боловсруулагдаж орж ирсэн. Тиймээс 2027 оны хөгжлийн төлөвлөгөө нь эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг багтаасан, ялангуяа баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлд түлхүү анхаарсан бодлого явна. Тэр дундаа ногоон хөгжлийн бодлогыг хүчтэй оруулж ирж байгаа.
-Сэргээгдэх эрчим хүчний бодлогоо илүү явуулна гэсэн үг үү?
-Түрүүн ярьсан таван аймагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох, мөн айл өрхийн түвшинд нар, салхины эрчим хүч ашиглан өөрийн хэрэгцээг хангаад, илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлж орлого олох боломжийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Өмнө нь 20 мегаваттын босготой байсан бол үүнийг нэмэгдүүлж, илүү өргөн хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх боломжийг нээнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон ч бид шатахууны хэрэгцээнийхээ 100 хувийг дотоодоос хангаж чадахгүй, ойролцоогоор 60 орчим хувийг л хангана. Тиймээс шатахууны импортыг бууруулахын тулд тээврийн хэрэгслийн бодлогод анхаарах нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, хабрид болон цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнтэй уялдуулан цэнэглэх дэд бүтцийг хот хоорондын замууд, Улаанбаатар хот болон бусад төв суурин газруудад өргөнөөр байгуулах бодлого баримталж байгаа юм. Ингэснээр шатахууны импортын өсөлтийг бууруулах, мөн дотоодын ногоон хэрэглээг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа.
-Шатахууны хангамж, ялангуяа дизель түлштэй холбоотой асуудлаар Засгийн газар, салбар хариуцсан сайдаас бүлэгт ямар мэдээлэл өгч байгаа вэ?
-Манай эдийн засагт дизель түлш маш чухал нөлөөтэй. Сүүлийн үед олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж нийлүүлэлтэд хүндрэл үүсэх эрсдэл яригдаж байсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд ОХУ-ын холбогдох дээд албан тушаалтнуудад албан захидал илгээж, асуудлыг шуурхай тавьсан. Мөн салбарын сайд ОХУ-ын холбогдох байгууллагууд, гол нийлүүлэгч компанитай уулзалт хийсэн. Үүний үр дүнд одоогийн үнийн түвшинг хадгалсан, нийлүүлэлтийг тогтвортой байлгах хэлцэлд хүрч чадсан. Өөрөөр хэлбэл, он дуустал дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байхаар зохицуулалт хийгдсэн. Тиймээс ойролцоогоор 4300-4400 төгрөгийн түвшнээс үнэ өсөхөөргүй нөхцөл бүрдсэн гэж урьдчилсан байдлаар харж байна. Цаашид дэлхийн зах зээл дээрх үнийн өөрчлөлтөөс хамаараад бага зэрэг буурах боломж ч бий. Ер нь дизель түлш бол Монголын эдийн засгийн хувьд стратегийн бүтээгдэхүүн. Уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр гээд үндсэн салбарууд бүгд дизель хөдөлгүүрт тулгуурладаг. Тиймээс хангалт, үнийн тогтвортой байдал хангагдаж байж эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ.
-Ногоон хөгжлийн бодлого хүчтэй явагдана гэж та хэлсэн. Энэ хүрээнд дизель түлшний хамаарлыг бууруулах боломж ямар байна вэ. Том оврын автомашин, техникүүдийг дизель бус батерейтай байх асуудлыг яаж шийдэх боломжтой бол?
-Энэ чиглэлд төрийн бодлого явж байгаа. Ялангуяа уул уурхайн тээвэр, хот хоорондын тээврийн хэрэгслийг цахилгаан, батерейтай болгох асуудал яригдаж байна. Гэхдээ бүх парк шинэчлэлийг нэг дор хийх боломжгүй. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө ч амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Мэдээж дизель түлшний үнэ өндөр хэвээр байвал аж ахуйн нэгжүүд зардлаа бууруулахын тулд шинэ технологи руу шилжих сонирхол нэмэгдэнэ. Энэ шилжилтийг дэмжихийн тулд төрөөс санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Жишээлбэл, зээлийн эх үүсвэр, татварын хөнгөлөлт, импортын бодлого зэргийг цогцоор шийдэх нь зөв. Гэхдээ энэ нь үе шаттай хэрэгжихээс биш богино хугацаанд бүрэн шийдэгдэхгүй. Үүний зэрэгцээ өртөг багатай, ашиглалтын зардал багатай техник, технологийг нэвтрүүлэхэд төрийн бодлого дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ нь импортын татвар, санхүүжилтийн нөхцөл зэрэг олон талын шийдлийг шаарддаг. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, шинэ технологийг нэвтрүүлэх нь зайлшгүй.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, мөн Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслүүдийг нэгтгээд хэлэлцээд явах уу. Хэзээ чуулганаар орох вэ?
-Тэр хоёр хуулийг УИХ аль хэдийнэ хэлэлцээд хэлэлцэхийг нь дэмжчихсэн байгаа. Одоо УИХ-ын гишүүд өөрсдөө УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаар мөн хууль санаачлаад өргөн барьчихлаа. Өөрөөр хэлбэл, нэг хуульд өөрчлөлт оруулахаар гурван субьективээс хуулийн төсөл санаачилчихлаа. Тиймээс эдгээрийг нэгтгэж нэг хууль болгох уу, эсвэл тус тусад нь авч явах уу гэдгийг УИХ өөрөө хэлэлцэж шийднэ. Гэхдээ агуулгын хувьд үндсэндээ нэг чиглэлийн ялгаагүй өөрчлөлтүүд байгаа учраас нэгтгэх боломж өндөр гэж харж байна. Энэ нь УИХ-ын илүү бүтээлч ажиллагаа, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн төр барих эрхийг бодитоор хэрэгжүүлэх зорилготой өөрчлөлтүүд.
-Таны хувьд УИХ-ын дарга нам бус байх, намын гишүүнчлэлээс түдгэлзэх зэрэг асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол маш анхааралтай судлах шаардлагатай асуудал. Дэлхийн бусад оронд хэрэглэгддэг жишиг Монголын улс төрийн намын хатуу гишүүнчлэлтэй тогтолцоонд хэрхэн нийцэх вэ гэдгийг нарийвчлан авч үзэх ёстой. Жишээлбэл, УИХ-ын дарга нам бус байх уу, намын гишүүнчлэлээс түдгэлзэх үү, түдгэлзсэн тохиолдолд улс төрийн бүлэг дэх байр суурь яах вэ, дараагийн сонгуульд хэрхэн оролцох вэ гэх мэт олон асуудал бий. Тиймээс энэ асуудлыг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж, Монголын нөхцөлд тохирсон, үр дүнтэй хувилбараар шийдэх ёстой гэж үзэж байна.
Э.МӨНХТҮВШИН