Улсын Их хурлын чуулганы 2026.10.22-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Өнөөдөр шүүхийн ачаалал маш их байгаа. Нэн ялангуяа нэр дэвшигч н.Амартүвшин сайн мэдэж байх ёстой. Олон жил ажилласан хүн байна. Өнөөдөр шүүхийн ачааллыг яаж бууруулах вэ гэдэг дээр ХЗДХЯ-наас хуулийн төсөл санаачлаад иргэний шүүхийн ачааллыг яаж бууруулах вэ гээд хэлэлцэж байна. Шүүх дээр хамгийн их асуудал үүсгэдэг гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг материаллаг процессын хуультай нь УИХ батлаад явж байна. Шүүхтэй холбоотой шүүгч нараа хамгаалах, шүүгчийн сонгон шалгаруулалт зарлахаар олдохгүй байна. Хуучин бид оюутнаар суралцаж байхад “шүүгч болно” гэж мөрөөдөж байхад хуульч мэргэжлийн оргил нь шүүгч гэж итгэдэг байсан. Өнөөдөр нэр хүнд байхгүй байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаад байхад ордог, тэнцдэг шүүгч болъё гэж зүтгэдэг хүнгүй болсон байна. Материаллаг болоод материаллаг бус олон төрлийн шалтгаантай. Шүүхэд ажиллаж байсан, уг байгууллагын зовлон жаргалыг мэдэх, олон санаа санаачилга гаргаж болох хүний хувьд санаачилгатай ажиллаарай. Туршлагатай хүнийх нь хувьд захиж хэлж байгаа юм. Ажилласан туршлага бүх зүйлээр нь бүрэн дэмжиж байгаа нэр дэвшигчийг. Дараа нь Даваажавт захимаар байгаа юм. Өнөөдөр өмгөөлөл хийж байсан хүн ШЕЗ-ийн гишүүн болж байгаа нь маш давуу талтай. Одоогоос 14 жилийн өмнө миний биеийг өмгөөлөл хийсний төлөө, шүүх хуралдаанд үг хэлсний төлөө шүүхийг эсэргүүцсэн гэж 14 хоног хорьж байлаа. Ийм л цаг үе байсан.
Өнөөдөр хууль эрх зүйн орчин шинэчлэгдээд байгаа боловч уг асуудал бүрмөсөн гүйцэд шийдэгдээгүй байна. Өмгөөлөгч хүнийг ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшээд очиход нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн буцаадаг байлаа. Энэ цаг үе өөрчлөгдөж байна. Өмгөөлөгч хүний дотор ямагт шинэчилье, өөрчилье, сайхан болгоё гэдэг хүсэл мөрөөдөл оргилж байдаг. Залуу хүний хувьд өмгөөлөл хийсэн, туршлагатай хүний хувьд шүүхийн үйл ажиллагааг яаж ард иргэдэд ойртуулах вэ, олон түмний эрхийг хамгаалагч нь, хууль ёсыг сахиулагч нь шүүх яаж байх вэ гэдэг дээр анхаарч ажиллаарай.
Хоёр нэр дэвшигчид хоёуланд нь захихад, шүүгчийн хараат бус байдлын асуудал маш чухал асуудал байгаа. ШЕЗ-ийн гүйцэтгэх нэн чухал чиг үүрэг. Шүүгчид нөлөөлдөг, утсаар ярьдаг, шийдвэрт нь албан тушаалд нь нөлөөлдөг зүйл дээр хатуу тэмцээрэй.