#Тойрог2 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

Сар шинийн баярын босгон дээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаанарал багийн малчин, Өнерханы Досболат, Хадыс Амангүл нарын гэр бүл 2026 оны "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" хэмээх эрхэм хүндтэй шагналыг ёслол төгөлдөр гардан авлаа. Баян-Өлгий аймгийн хэмжээнд байгаа 10,000 гаруй малчин өрхөөс энэ жил ердөө 6 өрх "Улсын аварга"-аар тодорсны нэг нь ийнхүү Баяннуур сумын хөдөлмөрч гэр бүл болж байна.
Энэхүү шагнал нь зөвхөн нэг үеийн зүтгэл бус, Ховд голын хөвөөнд нутаглаж ирсэн өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн малч ухаан, олон арван жилийн уйгагүй хөдөлмөрийн үнэт үр шим юм.
Түүний эцэг Өнерхан нь насаараа мал маллаж, үр хүүхдүүддээ малч ухааныг өвлүүлсэн ачтан юм. Өнөөдөр Өнерхан гуайн хүүхдүүд бүгд аавынхаа залгамж халааг нэр төртэй үргэлжлүүлэн, таван төрлөөр малаа өсгөн үржүүлж байна.
Ө.Досболат, Х.Амангүл нар мал сүргээ чанаржуулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх тал дээр нутаг усныхандаа үлгэр дуурайлал болсон "мал маллах арга ухааны амьд сурвалж" болон үнэлэгдэж байна.
Улсын аварга малчны шагналыг төр засгийн төлөөлөгчид аваргын хотонд очиж хүндэтгэл үзүүлэн гардууллаа. Ёслолд:
• Т.Аубакир (УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд)
• Х.Жангабыл (УИХ-ын гишүүн)
• Б.Бейсен (УИХ-ын гишүүн) болон аймаг, сумын удирдлагууд оролцож, баяр хүргэлээ.
Мал сүрэг нь түм мянгаар өсөн үржиж, Өнерхан эцгийнх нь удмын малч ухаан үеийн үед тасрахгүй үргэлжлэх болтугай! Сүрлэг Алтайн уулс шигээ түшиг тулгууртай явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.