Гэр хорооллын дахин төлөвлөлт нь арав гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн ч гүйцэтгэлийг хувийн хэвшилд даатгаад орхих, хэрэгжилтийг хянахгүй байх, дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлтийн байршил заагаад түүнийхээ араас дэд бүтцээ шийдвэрлэх, төсөв хөрөнгө дутагдах зэрэг олон шалтгааны улмаас хэрэгжилт муутай байсан нь нууц биш. Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан алдааг засах, цаашид дахин давтахгүй байх үүднээс дэд төвүүд дэх гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нийслэл хариуцах болсон. Ингэхдээ, дэд бүтэц хийгдээгүй газарт дахин төлөвлөлтийн байршил зарлахгүй байж, зөвхөн дэд бүтэц нь хийгдсэн “дэд төв”-үүдийг түшиглэн төслийг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ хэрэгжүүлэх юм.
Энэ хүрээнд бид, Сэлбэ дэд төвд эхний загвар болохуйц төслийг хэрэгжүүлэхээр 158 га талбарт төлөвлөлтийн зураг төслийн тендер зарлаж, газар чөлөөлөлтийн ажилд Нийслэлийн төсвөөс 300 орчим тэрбум төгрөг тавьсан. Уг төсвөөр 158 га талбар буюу 2300 орчим нэгж талбар бүхий газрыг бүрэн чөлөөлнө.
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН НӨХӨН ОЛГОВОРТОЙГООР ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажлаа авсан даруйдаа, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг батлуулсан. Ингэхдээ “дэд төв” гэх ойлголтыг томьёолж, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг батлуулсан юм. Нэг үгээр хэлбэл, нийгмийн сайн сайхны төлөө иргэдийн олонход зориулагдсан инженерийн дэд бүтцийн шугам татах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих зэрэг үйл ажиллагаанд зориулан “дэд төв” байгуулж үүндээ түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах нь нийгмийн зайлшгүй хэрэгцээ болохыг тодорхойлсон гэсэн үг.
Дээрээс нь 2300 нэгж талбар бүхий иргэдийн өмчилсөн газар болон дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хараат бус хөндлөнгийн байгууллага хийж байна. Иргэдийн хөрөнгийг үнэлэх ажил 30 хувьтай явж байгаа бөгөөд үнэлгээ бүрэн хийгдэж иргэдтэй зөвшилцсөний үндсэнд газрыг чөлөөлнө.
Бидний газар чөлөөлөлтөд барьж буй ганц зарчим нь иргэдийн амьжиргааны түвшинг бууруулж, орон байргүй иргэдийг бий болгохгүй байхад чиглэгдэж буй. Дээрээс нь анх удаа хуучин барилга, байшин дээр элэгдэл, хоргодол тооцохгүй буюу суурь үнэлгээг аль олох иргэдэд ээлтэй, зах зээлийн боломжит “хамгийн дээд” өртгөөр үнэлэх зарчмыг барьж байна.
Эх сурвалж: