Манай хамт олны нэврүүлсэн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ анх 1968 онд АНУ-д эхэлсэнээс хойш дэлхий өндөр хөгжилтэй олон орнуудад хийгдэж байна. Монгол Улсын анагаахын шинжлэх ухаанд үүнийг нэвтрүүлэх тухай олон эрдэмтэн багш, эмч нар хүсдэг байсан бөгөөд УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, бидний багш Н.Оюундэлгэрийн санаачилгаар 2011 онд анх цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээний баг бүрдэж, чиглэл бүрийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулсан.
Багийн хүний нөөцөө БНСУ-д системтэйгээр сургаж, 2013 онд Засгийн газраас уг эмчиллгээг хийхэд шаардлагатай өрөө, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн. Улмаар 2014 оны хоёрдугаар сард анхныхаа эмчилгээг БНСУ-ын эмч нартай хамтран хийсэн. Түүнээс хойш цусны хавдар оноштой нийт 33 хүнд өөрөөс нь өөрт нь үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг хийж, 2022 онд донороос үүдэл эс шилжүүлэх эмчилгээг амжилттай хийгээд байна.
Цусны хавдарын хувьд бусад эрхтэний хавдраас ялгаатай нь маш хурдан явцтай байдаг. Учир нь цус байнгын хөдөлгөөнтэй, хурдан нөхөн төлжиж байдаг эрхтэн учраас хавдрын эсүүдийг химийн эмчилгээгээр үхүүлж, өөрийн эсийг төлжүүлэх эмчилгээ хийдэг байсан бол үүдэл эс шижлүүлэх эмчилгээ нэвтэрсэнээр эмчилгээний үр дүн мэдэгдэхүйц сайжирч, архаг явцтай хавдрыг эх орондоо эмчилдэг болсон.
Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлсэнээр эрүүл мэндийн шинжлэх ухааны олон салбарууд хөгжлийн дараагийн шатанд гарч эхэлсэн. Лаборатори, дархлаа судлал, эс судлал, эмнэлгийн техник гээд олон салбарт шинэ технологи нэвтэрч, шат ахисан. Эдгээр салбарын хөгжил анагаахын шинжлэх ухааны дараагийн шатны хөгжилд хүрэх боломжийг бий болгож байна.
Ямар ч улс орон эрүүл мэндийн салбар, анагаахын шинжлэх ухаанаа хөгжүүлье гэвэл судалгааны ажилд сайн хөрөнгө оруулалт хийдэг. Монгол Улс ч энэ жишгээр хөгжих хэрэгтэй байна. Бид өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад судлагдаад эмчилгээнд хэрэглэж байгаа арга барилыг бүхлээр нь хуулж авчраад хэрэгжүүлж байна.
Цаашид бид өөрсдөө судалгааны өндөр түвшинд шинэ шинэ эмчилгээний арга барил, технологиудыг туршиж, нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүнд төрийн зүгээс дорвитой хөрөнгө оруулалт, санхүү, мөнгө зарцуулдаг болох хэрэгтэй. Хүний нөөцийн хувьд эмч мэргэжилтнүүд маань өндөр хөгжилтэй улс орнуудад суралцаад, дадлагажаад ирсэн байвч энд ирээд орчин нь бүрдээгүй байгаа учраас эмнэл зүйдээ турших, судлах, ашиглах боломжгүй байна.
Засгийн газраас бодлогоор томоохон эмнэлгүүдийн дэргэд судалгааны лабораторитой болж байж анагаахын шинжлэх ухаан маань дараагийн түвшинд очих боломжтой юм.
Эх сурвалж: