Монгол Улсын парламентын засаглал, түүний хэлбэр, өнөөгийн бодит байдлын талаар УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, улстөр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.
-Парламент нь хөгжиж буй эсэхийг ямар үзүүлэлтүүдээр тодорхойлдог вэ?
-Парламент гэж хууль тогтоох гол эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага гэдгийг бид мэднэ. Тиймээс парламентын хөгжлийн талаар ярихын тулд засаглалын хэлбэр, хууль тогтоох эрх бүхий байгууллага хоёрын зааг, хамаарлыг ойлгох нь чухал.
Улс орнуудад парламентын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа харилцан адилгүй түвшинд хөгжиж ирсэн байдаг. Орчин үед парламентын хөгжлийг “парламент ёс”-ны төлөвшлөөр тайлбарладаг. Парламент ёсны мөн чанар нь “хууль тогтоох, нийгмийг хамаарсан шийдвэр гаргах эрх нь иргэдийн төлөөлөл буюу түүний зүй ёсны зохион байгуулалтад хадгалагдах” гэдгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, улсыг хамарсан шийдвэр буюу хууль тогтоох эрхийг зөвхөн ард иргэдийн төлөөлөл болох парламентын гишүүд эдэлдэг гэсэн үг.
-Уг үзүүлэлтээр манай улс хаана явна?
-Төлөөллийн зүй ёсны зохион байгуулалт гэдэг нь төлөөллийг хэрхэн сонгох, парламентыг хэрхэн байгуулах, үйл ажиллагаа нь ямар дэгээр явагдах зэрэг олон үе шат бүхий, дэс дараатай үйл ажиллагааг илэрхийлдэг. Парламентын хөгжил гэдгийг манай нөхцөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчноос эхлээд Их Хурлын тухай хууль, хурлын дэг, Тамгын газрын зохион байгуулалт гээд олон үзүүлэлтээр хэмждэг юм.
Эдгээр үзүүлэлтийн төлөвшлөөр манай улс дэлхийн улс орнуудтай харьцуулбал тэг дунд нь байна.
-Хөгжлийн чиг хандлагыг дэлхийн хэмжээнд нэгдсэн байдлаар тодорхойлдог уу?
Парламентын хөгжлийн чиг хандлагыг үнэлж тодорхойлдог байгууллагын нэг нь Олон улсын парламентын холбоо (IPU) юм. Олон улсын парламентын холбоо нь улс орнуудын парламентын шинэчлэл, хууль тогтоох чадавх, хууль тогтоох үйл ажиллагаа болон мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоо, хяналтын талаарх мэдээллийг нэгтгэх, харьцуулах, судалж шинжлэх боломжийг бүрдүүлсэн байдаг.
Олон улсын түвшинд парламентын мөн чанарыг хэмжиж илэрхийлдэг хэд хэдэн индекс байдаг. Тухайлбал, Дэлхийн засаглалын үзүүлэлт (World Governance Indicators - WGI)-ээр гүйцэтгэх засаглалын үр дүнтэй байдлыг илүүтэй хэмждэг. Энэ нь гүйцэтгэх засаглалын үр дүнтэй байдал нь хууль тогтоох байгууллагын чадавхаас хамаардаг гэж үздэгтэй холбоотой.
Мөн Бертелсманы өөрчлөлтийн индекс (Bertelsmann Transformation Index - BTI)-ээр эрх мэдлийн хуваарилалт, парламентын хяналт зэрэг үзүүлэлтийг хэмждэг.
Гэхдээ, судлаачид олон улсын засаглалтай холбоотой эдгээр индексийг тодорхой улс орон, үндэстэн, бүс нутгийн онцлог хүчин зүйлсийг тооцож чадсан эсэх дээр онолын шүүмжлэл өрнүүлсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
-126 гишүүнтэй анхны парламент 1 жилийн ард гарлаа. Тогтолцоогоо өөрчилсний хэрэг гарч байна гэж бодож байна уу?
-Улс төрийн шинжлэх ухаанд “төлөөллийн засаглалыг зохион бүтээсэн” явдал нь орчин үеийн улс төрийн гол ололт хэмээн үздэг. Тиймээс парламентын засаглалыг тал бүрээр засан залруулж, төгөлдөржүүлж байх учиртай юм.
Манай улсын хувьд парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог холимог болгосон нь зөв шинэчлэл. Ээлжит сонгуулийн дараа “сонгогчдын санал гээгдэж байна, хүсээгүй улстөрчид сонгогдлоо, нөгөө л хэдэн нам, нөгөө л хэдэн улстөрчид...” гэж шүүмжлэх нь бий.
Энэ мэт шүүмжлэл бол зүй ёсны зүйл. Гэхдээ хамгийн чухал нь парламентын төлөөллийн чадавх, парламентын үйл ажиллагааны чадавхыг хангах ёстой. Яагаад гэвэл нийгмийн эрэлт хэрэгцээг илүүтэй илэрхийлсэн парламентын төлөөлөл нь тэр эрэлт хэрэгцээнд нийцсэн хууль тогтоомжийг гаргаж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Тэгэхээр энэ логикоор авч үзвэл, 76 гишүүнтэй байх үеийн парламентын үйл ажиллагаа, 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагааны үр нөлөө ямар нэг хэмжээгээр харагдана.
-Ард иргэдийн хувьд УИХ-д сууж буй төлөөллийн тоог бууруулах шаардлагатай гэж шүүмжлээд байгаа. Энэ тогтолцоо манай улсад ашигтайг илүү судалгаатайгаар тайлбарлавал…
-Зөв шинэчлэл гэсэн дээрх дүгнэлтийг улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг “Herfindahl Index” гэдэг үзүүлэлтээр тайлбарлаж болно. Энэ индексээр улс төрийн намуудын парламент дахь суудлын эзлэх жин, парламентын чадавх, намын тогтолцооны идэвхтэй байдлыг хэмждэг юм. Үнэлгээний тоон утга нь 0-1 хооронд байдаг. Тоон утга 0-д тэмүүлэх тусам парламентыг олон ургалч гэж үздэг. Харин тоон утга нь 1 рүү тэмүүлж байвал ганц юм уу, цөөн намын давамгайлал үүссэн байна гэж үздэг.
Манай өнөөгийн парламентын төлөөлөх чадвар гишүүдийн тооны хувьд өмнөхөөсөө өргөжсөн, парламентын мэтгэлцээн илүү өрнөж, асуудлыг олон талаас авч үзэж байгаа, нээлттэй-ил тод байх тал дээр сайжирсан гэж судлаачийн хувьд би үзэж байгаа. 2025 оны улсын төсвийг батлах үеэр энэ давуу тал харагдсан. Шинэ бүтэц зохион байгуулалтад орсон анхны парламент учраас нэг өдөрт төгс төгөлдөр болчихгүй нь илэрхий. Төгөлдөржих, мэргэших үйл явц аажим явагдана.
Манай улсын хувьд 2012, 2024 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын Херфиндалын индекс 0.3-0.41 хооронд гарч байгаа. Харин өмнөх долоон удаагийн сонгуулийн дүнд бүрэлдсэн парламентын индекс 0.45-0.89 хооронд байсан. Эндээс өнөөгийн сонгуулийн холимог систем нь олон намын тогтолцоог илүүтэй харгалзсан гэдэг нь харагддаг.
-Намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг хэрхэн сонгогдсон нь эргэлзээ, хардалт үүсгээд байгааг хэрхэн тайлбарлах вэ?
- Төөрөгдөл, хардалт, тодорхойгүй, нээлттэй бус байдлаас л үүсдэг. Намуудын жагсаалтад нэр дэвшүүлэх үйл явц ил тод, журам нь тодорхой, дотоод ардчилалтай байхыг шаардсан хууль тогтоомж бий. Улс төрийн намууд нэр дэвшүүлэх журмаа мөдхөн цахим сайтад байршуулах цаг ирэх бизээ.