Нэгдүгээрт, хууль зүйн чиг үүргийг гүйцэтгэж, Монгол Улсын хэмжээнд батлагдаж буй бүх хуулиудад санал өгдөг. өөрсдөө хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулна.
Хоёрдугаарт, дотоод хэргийн чиг үүрэг буюу хууль сахиулах байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, үр дүнг хариуцаж ажилладаг.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар зэрэг харьяа байгууллага олонтой, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд харьяа байгууллагуудынхаа боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүний эрхийн чиглэлийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах, хилчин, дайчдынхаа цалингийн онцгой нөхцөлийн нэмэгдүүлэх, зэрэг нийгмийн болон бусад асуудалд нь анхаарч, үр дүнтэй ажиллалаа. Мөн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл сайн хийгдлээ. ХЗДХ-ийн салбар дахь төрийн үйлчилгээ хүртээмжийг цахимжуулах ажил ч урагшилсан.
Үүнээс гадна олон жилийн судалгаан дээр үндэслэж, хүний эрхийн зөрчлийг арилгах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь хамгийн чухал ажил. Ийм учраас Авлигын эсрэг багц хууль болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой багц хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа. Мөн Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиуд хэлэлцэх шатандаа орсон. Мөн хаврын чуулганд багтаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Арилжааны тухай хууль, Дампуурлын тухай тухай хууль зэрэг өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй хуулийн төслүүдийг өргөн барилаа.Монголд анх удаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Нотлох баримтын хууль, Нотолгооны хуулийн төслийг боловсруулж батлуулахаар зорьж байлаа.
Хууль, зүй дотоод хэргийн яам 2025 онд хиймэл оюуны шилжилт хийхээр ажиллаж байгаа.
Өнөөдөр манай улсад хүний эрхийн зөрчил, хүний эрхтэй холбоотой маш их асуудал гардаг. Бидний хувьд үүнийг тоочиж, олны анхааралд оруулж, гал унтраахаас илүү, хууль тогтоомж дээр өөрчлөлт хийх зорилт тавьсан. Улмаар Хүний эрхийн багц хууль буюу нийт 13 хуулийн төсөл өргөн барьснаас 12 нь хэлэлцэхийг дэмжигдсэн. Энэхүү хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг өнгөрсөн 30 жилд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарч байсан хүний эрхийн зөрчлүүдийг дахиж гаргуулахгүй байхын тулд боловсруулсан юм. Ийм учраас дээрх хуулиудыг цаг алдалгүй батлуулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Миний хувьд сайд болохдоо хэлж байсан зарчаасаа алхам ч ухрахгүй гэсэн зорилгоо үл умартан ажилласан.
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Алтангэрэл Оюунсайхан
info@vip76.mn