Монгол Улсын 3,5 сая хүн амын гурван хүн тутмын нэг нь даатгалын салбарт эрсдэлээ даатгуулж, санхүүгээ тогтвортой байлгахыг зорьж байна. Даатгалын салбараа бодлогоор дэмжиж, тэлэх хэд хэдэн шалтгаан бий.
Даатгалын салбар бусдаас хөрөнгө төвлөрүүлж, нөөц сандаа байршуулж, үүнийгээ осол, аваарт өртсөн эрсдэлд орсон хүнд гаргаж өгөх үүрэгтэй. Хэрвээ томоохон эрсдэлт нөхцөл байдал үүсэхгүй бол даатгалын компани нөөц санд буй мөнгө урт хугацаанд тогтвортой өсөж байдаг. Иймд даатгалын зах зээлийг бодлогоор дэмжиж, институционал буюу “МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” болох эрх нь хууль эрх зүйн хувьд бүрдвэл, урт хугацаанд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Ингэснээр энэ салбар тэлж одоо гач буй IPO, Засгийн газрын үнэт цаас, компаниудын бондыг урт хугацаанд авч, өнөөдөр компаниудад тулгарч буй санхүүжилтийн дарамт багасна. Энэ бол даатгалын компаниудыг тэлэх нэг том шалтгаан юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдэл буюу хүчтэй салхи шуурга, их хэмжээний цас, аадар борооноос үүдэлтэй үер ус, зудын аюулт үзэгдэл эрс нэмэгдсэн. Ийм нөхцөлд эдийн засаг хүндэрч, ДНБ-буурч, улсаараа эрсдэлд ордог. Учирсан хохирлын санхүүжилтийг Засгийн газар нөөц сангаасаа, татвар төлөгчдийн мөнгө буюу төсвөөс гаргадаг. Уг нь эрсдэлийг санхүүжүүлэх газар нь даатгалын салбар. Иймд олон жил хойшлуулж буй Даатгалын багц хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулиа баталж үер, зудын эдийн засгийн эрсдэлийг заавал даатгалд хамруулдаг байхаар тус хуульд тусгаж өгөх нь зөв. Ингэснээр үүссэн эрсдэлийн дараа, даатгалын компаниуд нөөц сангаасаа нөхөн төлбөрийг барагдуулж, бүтээн байгуулалтын ажил цаг алдахгүй хийгдэж, эдийн засаг богино хугацаанд сэргэх боломж бүрдэнэ.
Даатгалын салбар стандарт хэрэгжүүлдэг, үүнийг хянадаг механизм руу бага багаар оруулж өгөх ёстой. Тухайлбал манай улсын нийтийн хоолны 8300 гаруй газар хеликобактераас үйлчлүүлэгчээ хамгаалж чадаж байна уу. Эрүүл ахуйн стандартаа барьж байна уу гэдгийг даатгалын салбар хянаад явах боломжтой. Иймд нийтийн хоолны газруудын үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх хариуцлагын даатгалын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч ажиллах боломжийн бүрдүүлэх хэрэгтэй. Манай даатгалын салбарынхан нийтийн хоолны газруудын стандарт зөрчигдсөнөөс үүсэж буй эрсдэл буюу хеликобактерын тархалтыг бууруулах, уураар угаачтай байхыг шаардах, уураар угаачтай газруудыг сертификатжуулж үйлчлүүлэгчдэд таниулах мэдлэгжүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Манай улсын зарим ББСБ-ууд финтек /Fintech/ ашиглан гадны зах зээл рүү гарч байна. Даатгалын салбарт ийм боломж бий. Манай гишүүн байгууллагууд технологид суурилсан иншуртекийн /Insurtech/ шийдлүүдийг ашиглаж даатгал хөгжиж буй олон хүн амтай том зах зээл рүү гарах гарц байна. Харин гаднаас оруулж ирсэн орлого дээр нь тодорхой “цонх” хугацаанд татвар тэглэж бодлогоор дэмжиж болно. Валют орж ирж байна гэдэг нь манай улсын эдийн засагт эргэлдэнэ гэсэн үг.
Эх сурвалж: