Нэгдүгээрт, Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 880 гаруй хууль бий. Гэсэн ч эдгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Түүнчлэн Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль яриад л болчихдог юм биш. Үүний цаана нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн тухай хууль, саадгүй байдал, хүртээмж зэрэг одоо ба өмнө нь яригдаж байсан хууль эрх зүйн бодлогын шийдлүүд хамт дагалдана. Тийм учраас уялдаа холбоог нь харах хэрэгтэй болчхоод байгаа юм. Иймд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ажлын хэсгийн гишүүдийн тоонд миний бие багтан ажиллаж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад асаргааны эрх зүйн тухай асуудал хоцрогдчихсон. Огт байхгүй гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ярьдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй хүний тухай хэзээ ч ярьдаггүй.
Гуравдугаарт, Монгол Улсад 397 мянган ахмад настан байна. Эдгээр ахмадуудын талаар ярьдаг авч тэднийг асарч буй үр хүүхэд, асрамжийн газар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тухай асуудлыг орхигдуулсан. Энэ хүрээнд, УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Ингэхдээ асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлыг хийснээр ирэх хаврын чуулганаар анхдагч хууль болон гарна. Монгол Улс түүхэндээ асаргааны тухай хуультай байгаагүй. Харин хууль болгонд заалт байсан ч хангалтгүй хэмжээнд байсныг хэлэх нь зүйтэй. Нэг ёсондоо, дээрх ажлуудын эхнийх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарна, удаах нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус дөнгөж төрсөн эхчүүд, асрах газар буй хүүхэд, насанд хүрэгчид, өндөр настнууд цаашлаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд хамаарах хуулийн төсөл юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан:
126 гишүүнээс бүрдсэн энэ удаагийн парламентад сэтгэл хангалуун байгаагаа хэлэх нь зүйтэй. Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 78 гишүүнийг сонгож, 48 хүн намын жагсаалтаар төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болсон нь энэ удаагийн сонгуулийн онцлог, давуу тал байсан. Багш, эмч, инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн олон төлөөлөл парламентад суух болсон нь төлөөллийн зарчим хангагдаж буйн тод жишээ.
Миний хувьд хүнд хэлбэрийн буюу нугасны бэртэлтэй тэргэнцэртэй иргэн. Хууль тогтоох дээд байгууллага өөрсдийн тогтоосон хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн хамгийн тод илрэл бол хүртээмжийн тухай асуудал. Би зөвхөн тэрэгний тусгай хэрэгцээтэй хүн. Надад тэрэг хэрэгтэй. Түүнээс биш би хөгжилд саад болж байгаа иргэн биш. Эсвэл хөгжих боломжгүй, хөгжиж болдоггүй ч иргэн биш. Өнгөрсөн хугацаанд, хууль тогтоох дээд байгууллага буюу Төрийн ордон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүртээмжгүйн дээр дэд бүтэцгүй явж ирсэн. Тодруулбал, налуу шат байгаагүйн улмаас гишүүнийхээ үнэмлэхийг тайзнаас бус заалнаас, шинэ гишүүнийхээ тангаргийг индэр дээрээс бус индрийн урд хэсгээс хэлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил Төрийн ордонтойгоо танилцахад нээлттэй байх ёстой. Хууль тогтоох дээд байгууллага нь өөрөө хуулиа ягштал мөрдөхгүйгээр бусдаас шаардах нь утгагүй хэрэг. Гурван намын хамтарсан мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бүтэн "бүлэг” орж ирсэн. Үүн дээр өмнө нь байгаагүй нэг зүйлийг тусгуулж чадсан. Тухайлбал, хүртээмжийн стандарт дээр өмнө орон сууц, хувийн хэвшил, үзвэр үйлчилгээний газрууд л гэж байсан дээр "албан газар" гэх үг нэмэгдсэн. Энэ мэтчилэн нийгмийн олон талын төлөөллүүд орж ирснээр асуудлыг соргогоор харах нөхцөл бүрдсэн. Нэг ёсондоо, тэргэнцэртэй иргэн Төрийн ордонд орж ирснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг жижиг гэлтгүй бэрхшээлийг УИХ-ын гишүүд маань өдөр тутамдаа мэдэрч, хажуугаас харж байгаа нь давуу юм. Үүний сацуу ямар ч асуудал хөндөж тавьсан маш хүндэтгэлтэйгээр хандаж байх жишээний.
Эх сурвалж: