Нээлтийн үеэр "Шинэ эрин: Хүний хөгжил ба антропоцений үе" сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хүн төрөлхтөн өнөөдөр эх дэлхийгээ өөрчилсөөр байна. Харин хаашаа, яаж өөрчилж байна гэдэгт хэлэлцүүлэг нэг талаар хариу өглөө.
Хүмүүс болон дэлхий гараг антропоцен буюу хүн төрөлхтөн эх дэлхийгээ өөрчилж буй геологийн тооллын цоо шинэ эрин үед шилжиж байна. Энэ цагт баян, ядуу ялгаагүй бүх улс орон, байгаль эх дэлхийдээ учруулж буй ноцтой хохирол, үр дагавраа бүрэн тооцож хүний хөгжлийн загвараа шинээр зураглахыг хичээж байна.
Чухам Хүний хөгжлийн индекст хүний хөгжлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлийг нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөр гэсэн хоёр үзүүлэлтээр тооцон гаргажээ. Хүний хөгжлийн эх дэлхийд үзүүлж буй дарамт, сөрөг нөлөөг хэмжих туршилтын шинэ хэмжүүр нь чухам энэ болж буйг Хүний Хөгжлийн индексээр танилцуулав. Түүнчлэн "COVID-19"-ийн цар тахлын нийгэм эдийн засгийн үр нөлөө нь дэлхий даяар тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцоллоо.
Гэвч Монгол Улсын ХХИ-ийг нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөрөөр байгаль эх дэлхийдээ өгч буй дарамтыг тооцоход үзүүлэлт нь 10.9 хувиар буурч, 10 байраар хойшлохоор байна.
Хүн амын төвлөрөл бага боловч Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь байгалийн болон хүний оролцоотой олон шалтгааны улмаас доройтолд орсон байна. Илтгэлд эерэг өөрчлөлтийг хийхэд урамшууллын хөшүүрэг, зөв механизм чухал үүрэгтэй тухай чухалчилжээ.
Тэгвэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс бэлчээрийн доройтлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжихээр малчдад малын тоо толгойгоо бууруулахад нь туслах хэд хэдэн хөшүүрэг, механизм бүхий бэлчээрийн тогтвортой менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Хүний Хөгжлийн илтгэл”-ийн нээлтийн арга хэмжээнд БОАЖЯ-ны сайд Д. Сарангэрэл болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич тэргүүтэй дотоодын болон олон улсын мэргэжилтнүүд оролцлоо. Мөн нийт 200 орчим хүн онлайнаар холбогдож оролцлоо.
Эх сурвалж: