Эксперт: D.Parliament цахим системийг санаачлагч Б.Өлзийбат
Монгол Улсын парламент бол бусад оронтой харьцуулахад залуу, хөгжиж буй парламенттай орон. Манай улсын ард иргэд, төрийн эрх барих дээд байгууллага болох парламентаа дөрвөн жилд нэг удаа сонгодог. Парламентын үндсэн үүрэг бол ард иргэдийг төлөөлөх, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой эрхтэй. Энэ хүрээнд гарч буй хуулиудаа хянан шалгах, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулж ажиллах ийм үүрэгтэй субъект. Үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төгөлдөршүүлэхэд парламент өөрөө цахимжих ёстой.
Хамгийн гол нь өнөөдрөөс илүү сайхан нийгмийг бүтээхэд парламент нь өөрөө ил тод нээлттэй байх хэрэгтэй. Үүнийг цахим талбар, цахим платформоор дамжуулж хэрэгжүүлэх боломжтой. Миний хувьд санаачлан өнгөрсөн парламентын үед D.Parlament системийг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас боловсруулагдаж байгаа болон өргөн баригдсан бүх хуулийн төслүүд дээр шууд саналаа өгөх, Ерөнхий сайдаас сар бүр асуулт асуух, санал асуулгад оролцох боломжтой. Хамгийн чухал нь Нийтийн өргөдлын системээрээ өөрөө хуулийн төсөл санаачлах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, ажлын хэсэг санаачлаа явах энэ боломжийг бүрдүүлж өгсөн.
Парламентын цахим шилжилтийн хамгийн чухал зүйл нь иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Энэхүү онцгой эрхээ иргэд зөвхөн сонгуулиар биш жилийн 365 хоногт эдэлж, төр засгаас гарч буй бүхий шийдвэрүүдийн үе шат бүртэй танилцаж, нээлттэй мэдээлэл дээр анализ хийж, хууль засагладаг, хүний эрхийн зөрчилгүй үр дүнтэй шийдвэрүүд гарахад бодитоор нөлөөлөхөд цахим платформ чухал үүрэгтэй. Ингэж байж төрийн уламжлалт, хуучирсан тогтолцоог бид халж чадна.
ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ БОЛ ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛЛАА БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭС:
Манай парламент өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хууль санаачлах үндсэн зорилгоо сайн биелүүлсэн. Харин хуулийн хэрэгжилт, хяналт, үр дүнгийн асуудлыг орхигдуулсан учраас энэ механизмд зайлшгүй анхаарах хэрэгтэй. Мөн парламент хууль сурталчлах ажлаа институтийн хувьд зайлшгүй бэхжүүлэх учиртай. Ийм учраас өнгөрсөн парламентаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, парламентын боловсролыг иргэдэд олгодог болсон.
21 аймаг, 9 дүүрэгт хууль сурталчлах төв байгуулах зорилт хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс аймагт дээрх төв байгуулагдан ажиллаж байгаа.
Энэхүү өмнө нь хэрэгжиж байсан үйл ажиллагааг цаашдаа ил тод, нээлттэйгээр өргөн цар хүрээтэй, түгээн дэлгэрүүлснээр монголын парламентын ардчилалд чухал нөлөө үзүүлнэ.
ЦАХИМ СОНГУУЛЬ БОЛ ИРЭЭДҮЙ:
Түүнчлэн цахим шилжилтийн нөгөө талд нь мэдээллийн аюулгүй байдал яригдана. Манай улсад 3,9 сая цахим хаяг байгаа бөгөөд үүний 2,5 сая нь албан ёсны бүртгэлтэй, цахим хаягтай гэсэн судалгаа бий. Гэтэл 1 сая орчим хуурамч хаягаас олон төрлийн мэдээллийг, янз бүрийн зорилготой нийгэмд түгээж, иргэдийн мэдэх эрхэд халдаж байна. Энэ бүхнийг бид маш нарийн тооцож ажиллах ёстой мэдээллийн зуун амьдарч байна.
Улсын Их Хурлын албан ёсны иргэдийн оролцоог хангаж буй D.parlament системийг 1сая 500 мянган иргэд хэрэглэж санал, хүсэлтээ өгсөн. 18-93 насны иргэд хэрэглэж байна. Энэ тоо нь 2024 оны Их хурлын сонгууль өгсөн иргэдийн тоотой адил байгаа бөгөөд 70% нь цахим орчинд идэвхтэй байдаг 18-39 насны залуучууд бүрдүүлж байна. Иймд бид 10,20 жилээр бодлого гаргаж төлөвлөхдөө цахим сонгуулийн асуудлыг зайлшгүй тусгах ёстой. Үүнтэй холбоотой бид хилийн чанад амьдар суугаа Монголчуудын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хангаж эхний удаа цахим сонгуулиар өгөх боломжийн судлан ажиллаж, Хилийн чанад дах Монголчуудын эрх ашгийг хамгаалах УИХ-ын дахь дэмжих бүлгийг байгуулаад байгаа.
Гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй 250 орчим мянган монголчуудын 187 мянга нь сонгуулийн насны иргэд байна. /Эх сурвалж :ГХЯ-2024,12 сар/.
Эндээс харахад 4 жил тутам 3 аймгийн хэмжээний сонгогчидтой дүйцэхээр гадаадад амьдарч буй 187 мянган иргэд Үндсэн хуулиар заасан сонгох, сонгогдох эрхээ хязгаарлуулж байна. Үүний шийдлийг боловсруулахаар дээрх дэмжих бүлгийн гишүүд ажиллаж байгаа юм.
ПАРЛАМЕНТЫН ХЯНАЛТ БА ИРГЭНИЙ МЭДЭХ ЭРХ:
Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-т Мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж заасан байгаа. Үүн дотор Улсын нэгдсэн төсвийн төлөвлөлтөөс батлагдах хүртэл, батлагдаад зарцуулагдах бүхий үе шатанд Парламент хяналт тавьж уг хяналтын дүгнэлт иргэдэд ил тод нээлттэй байх ёстой. УЕПГ-аас эхлээд Засгийн газар, АТГ, аймаг, сумын засаг даргын бүх хяналт шалгалт , хэрэгжүүлсэн хөтөлбөр, түүний санхүүжилттэй холбоотой бүх мэдээлэл, мөн парламентын институтийн хийсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанууд энэ системд байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн энэ заалт хэрэгжээгүй. Иймд миний бие УИХ-ыг Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн гээд гомдол гаргачихсан байгаа. Уг нь дээрх систем зөв ажиллаж чадвал иргэд мэдээллээр хангагдаж, шийдвэр гаргалтад оролцож, хяналт тавьж хариуцлага тооцоод явж чадна. Энэ бол парламентын ардчиллын амин сүнс юм. Тийм учраас цахим шилжилт маш чухал.
Эх сурвалж: