УИХ-ын 2025 оны хаврын чуулган 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр хаалтаа хийлээ.
126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол бид хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа.
Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл зэрэг олон хууль тогтоолуудыг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулаад байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх асуудлаар холбогдох яам, байгууллагуудтай хамтран ажилласны дүнд эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Үүний зэрэгцээ өнөөгийн аж ахуй, арилжаа, бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа, 23 жилийн өмнө батлагдсан Иргэний хуулийн хэрэгжилтийг судалж танилцах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг идэвх санаачилгатай ажиллаж, энэ хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар 40 гаруй судлаач, хуульчдын багаар томоохон хэмжээний судалгаа хийлгэж, үр дүнтэй ажиллаж чаджээ.