Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Зүүн бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд “Монгол-Орос-Хятад” 3-н улсын эдийн засгийн коридор байгуулахад гол бүс нутаг болох боломжтой.
Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл:
Зорилго: Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлж, олон улсын тээвэр, худалдааг хөнгөвчлөх
Санхүүжилт: Төр, хувийн хэвшлийн түншлэл. (Нийт төсөв: 7,4 их наяд төгрөг)
Хүрэх үр дүн: Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор экспортын хэмжээ 25-30 сая тонноор нэмэгдэнэ.
Ач холбогдол:
- Эрээнцав-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор гадаад зах зээлд шууд гарах, экспортын шинэ гарц нээгдэж, бүтээгдэхүүнээ далайн боомтоор дамжуулан өрсөлдөхүйц нөхцөлөөр нийлүүлэх боломж бүрдэнэ.
- Нүүрсний тээврийн зардал буурч, БНХАУ-ын гол хэрэглэгч бүсүүдэд хямд өртгөөр шууд хүргэх нөхцөл бүрдэнэ. Транзит тээвэр нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж бодитоор өснө.
- Төмөр зам орд газруудтай холбогдсоноор боловсруулах үйлдвэрлэл, аж үйлдвэрийн паркууд хөгжих боломж нээгдэнэ.
- Авто тээврээс үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөлөл буурч, дэд бүтэц дагасан суурьшил, үйлдвэрлэл нэмэгдэнэ.
- Орон нутагт ажлын байр шинээр бий болж, уул уурхайн олборлолт, дагалдах үйлчилгээний салбарууд тэлнэ.
- Мөн хүнс, хөдөө аж ахуй, арьс шир, логистикийн салбарууд ч хөгжих суурь тавигдана
- Зүүн бүсийн төмөр зам ашиглалтад орсноор ордуудын нөөц эдийн засгийн эргэлтэд орж, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.
Манай улс бусад орны далай тэнгис, олон улсын худалдаа, тээврийн гол зангилаануудтай харьцуулахад газарзүйн хувьд алслагдмал, далайд гарцгүй орон. Иймд Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөр замын сүлжээг бүтээн байгуулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслийг 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Эдгээр эрх зүйн үндэслэлийн дагуу зүүн чиглэлийн төмөр замын төсөл нь Монгол Улсын төрийн бодлого, Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чухал эдийн засгийн дэд бүтэц бөгөөд эдийн засаг, тээвэр, логистикийн салбарт тогтвортой өсөлтийг авчрах үндэс суурь болох юм.


Төмөр замын төслийн техникийн урьдчилсан зураг төслийг Япон Улсын “Ниппон коей” компани 2013 онд боловсруулсан бөгөөд геологи, геодези, археологи, палентологийн судалгааны ажлууд болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлыг тухайн үед үндэсний аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Хятад 3 улсыг дамнасан тээврийн коридоруудыг хөгжүүлэх талаар гадаад улс төрийн бодлогын орчин бүрдэж, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийг нийтдээ 32 төслийг багтаан тодорхойлсноос 7 төсөл нь төмөр замын дэд бүтцийн, үүнээс 3 төсөл зүүн бүстэй холбоотой байгаа билээ.

Зүүн бүсийн төмөр замыг дангаар барьж байгуулах нь тодорхой ач холбогдолтой боловч эдийн засгийн үр өгөөжийг бүрэн дүүрэн хүртэхийн тулд түүнийг холбох бусад төмөр замын чиглэлүүдийг иж бүрнээр нь төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр логистикийн үр ашиг нэмэгдэж, хөрөнгө оруулалтын өгөөж сайжрах боломжтой болно.
Хэрэв зөвхөн Эрээнцав–Хөөт-Бичигт чиглэлийн үндсэн трассыг байгуулах нь анхны үндсэн суурь бүтээн байгуулалт бөгөөд үндсэн ачаа тээврийг хангах ч, өргөтгөсөн холболтгүй тохиолдолд хязгаарлагдмал үр өгөөжтэй байна. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийг холбовол Хөөт-Бичигт, Хөөт–Эрээнцав чиглэлд ачаа урсгал нэмэгдэж Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын эдийн засгийн өгөөж эрс сайжрах боломжтой юм. Зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг төлөвлөхдөө замын гол шугам нь бүх орд газруудыг дайрах боломжгүй тул өртөө зангилаанууд дээр суурилсан логистик дэд бүтцийг төлөвлөн хөгжүүлэх, уурхайгаас тээвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдгээр төвүүдээр дамжуулан төмөр замтай холбох зохион байгуулалтыг төлөвлөх шаардлагатай. Төмөр замын дагуух хот, суурин газрын сүлжээ бага байгааг харгалзан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий судалгаа хийж, тээвэр-логистикийн төлөвлөлттэй уялдуулах шаардлагатай.
Мөн Зүүн бүс нь байгалийн унаган төрхөө хадгалсан дэлхийд ховор экосистемтэй учраас экологийн өндөр шаардлагыг хангасан төлөвлөлт хийх нь зайлшгүй. Цаашид энэ онцлог нь байгалийн аялал жуулчлалын бүс болгон хөгжих үндэс суурь болох боломжтой юм. Зүүн бүсэд төмөр замын тээврийн коридор байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлт, бүс нутгийн тэнцвэртэй хөгжил, экспортын шинэ гарцууд бий болгоход чухал түлхэц болно. Гэхдээ энэ төслийг зөвхөн төмөр замын гол шугам барих хүрээнд бус, иж бүрэн логистик сүлжээ, хүн амын суурьшлын төлөвлөлт, экологийн хариуцлагатай бүтээн байгуулалт болгон авч үзэх нь зүйтэй.