
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх саналд гишүүд нэгдэж байгаа. Ер нь 30-аас илүү хувиар нэмэх шаардлага бий. Гол нь үүнийг нэмэх ямар гарц, боломж байна вэ?
Багш, эмч, нар өндөр настнууд цалин, тэтгэврээ нэмэхээр хамгийн эхэнд дуугарсан. Тэтгэврийг ижил түвшинд нэмж, зээлийн хүүг нь багасгах талаар ярьж байгаа.Тэд эрхээ хамгаалаад гудамжинд жагсаж, сошиал орчинд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадаж байна. Харин 302 мянган төгрөг авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харж буй асран хамгаалагч яаж эрхээ хамгаалах вэ. Гэртээ асарч байгаа хүнээ орхиод, талбай дээр суулт хийж чадахгүй. Үзэл бодлоо илэрхийлэхэд дата авах мөнгө нь хүрдэггүй. 300 мянган төгрөгийн хэдэн төгрөгөөр нь хоолоо авч, хэдэн төгрөгөөр нь түлээ нүүрсээ базааж, эм тариа, памперсыг нь авах вэ? Ийм учраас л энэ асуудал өнөөдрийг хүртэл хойш тавигдсаар ирсэн.
-Үүнийг шийдэх гарц, шийдлийг та хэрхэн харж байна вэ?
Асуудлыг шийдэх маш их боломж байгаа. Манай улс Оюутолгойд өдөрт 17 тэрбум төгрөгийн хүү төлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний асран хамгаалагчийн тэтгэмжийг 30%-аар нэмэхэд Оюутолгойд төлж буй зээлийн хүүгийн 10 өдрийн төлбөр хангалттай. Бид 100% нэмээд өгөөч гэж гуйгаагүй, ерөөсөө 100 мянган төгрөгөөр л нэмэгдэх асуудал хөндөгдсөн. Үүний цаана 212 мянган хүний эрх ашиг,115 мянган өрхийн асуудал яригдаж байгаа юм. Иймээс энэ асуудлыг хаяж болохгүй. Хөгжлийн бэрхшээл бол хүсээд ирдэг эсвэл хүнд заяагддаг ч юм биш. Зарим тохиолдолд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд гэмтэл бэртэл, аваар осол, гадаад, дотоод хүчин зүйлээс улбаатай хөгжлийн бэрхшээл улам л нэмэгдэж байгаа. Энэ зөвхөн Монголын асуудал бас биш, дэлхий нийтийн асуудал байсаар байна.

Яагаад гэвэл тэр хүнд унтах, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө эмчлүүлэх эрх байдаггүй. Энэ хүмүүс байнгын асаргаатай хүнээ өргөж, дэмнэж байнга нойр, хоол дутуу явсаар олон жилийн дараа өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тиймээс энэ хүмүүсийн тэтгэмжийг нэмэх асуудлыг ярьж байна. Энэ бол хүн чанар, хүнлэг ёсны асуудал. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд ахмадуудын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг тодорхой хэмжээнд нэмнэ, төсвийг зохицуулах талаар ярилаа. Миний ярьж буй дээрх хүмүүсийн тэтгэмжийг нэмэх 170 сая тэрбум төгрөгийн асуудал ч үүнд багтах ёстой.
Олон хүн манай улс халамжийн орон боллоо. Халамжид маш их мөнгө зарцуулдаг гэж ярьдаг. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд төсөвлөгдсөн 5,4 их наяд төгрөгийг бүгдээрээ халамж юм шиг боддог. Гэтэл 1 их наяд гаруй төгрөг нь хүүхдийн мөнгө. Дээр нь одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдээ харж байгаа эхийн мөнгө бас гавьяа шагнал, урамшуулалд энэ мөнгө зарцуулагддаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгөнд үүний 30 гаруй хувьд ч хүрдэггүй. Жилд 400 гаруй тэрбум төгрөг л яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогддог. Иймээс гаргасан саналаа төсөвт тусгуулахаар тууштай ажиллана.
-Таны гаргасан саналыг 40 гаруй гишүүд дэмжсэн гэж сонссон. Төсөв ид хэлэлцэж буй энэ үед холбогдох хүмүүст саналаа хүргүүлж амжсан уу?
Их хурлын гишүүн бүхнийг шийддэг хүн биш, бодлого боловсруулах ёстой. Гэтэл бодлого боловсруулж чадахгүй, өөр зүйлд маш их цаг хугацааг үрэх шаардлага гарах юм. Жишээ нь 2025 онд 21 аймгаар тойрч, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласан. Үүнтэй холбогдуулаад хуулиа биелүүлэхийг шахаж, шаардахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлөөд орон нутгийн засаг захиргаа, ажил олгогч байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзахад нэлээд их цаг хугацааг зарцууллаа. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж гэж хэлэхээс илүү, тэд нарын төлөө явах ёстой гэж ойлгож байгаа.
-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 117 мянган иргэн амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь гэр хороолол болон орон нутагт амьдардаг гэсэн мэдээлэл байсан. Энэ хүмүүсийг орон сууцанд хамруулах асуудал ирэх оны төсвөөс яагаад хасагдсан бэ?
Салбарын сайдын хариуцлагагүй байдлаас болсон уу хөгжлийн бэрхшээлтэй хүний орон сууцад хамрагдах асуудал 2026 оны төсвөөс дахиад л хасагдлаа. Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87% нь гэр хороолол болон орон нутагт амьдардаг. Тусдаа орон сууц бариад өг гэж хэлээгүй. Уг нь хуульд заасныхаа дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад орох боломжийг гаргаж өгөөч гэж хүсээд байгаа юм. Гадаа жагсахгүй бусдын нүдэнд харагдахгүй л бол бид мартах ёсгүй. Хэзээ ч бусдад дараа болохгүй амьдрах гэж тэмцдэг хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба тэдний асран хамгаалагчид.
Жагсахгүй бусдын нүдэнд харагдахгүй л бол тэд мартагдах ёсгүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ нуугдах шаардлагагүй, дуу хоолойгоо илэрхийлж эрхээ хангуулах, хамгаалуулах эрхтэй. Энэ 100 гаруй мянган иргэд таньтай л адил жирийн хүмүүсийн амьдралаар амьдрах бүрэн эрхтэй хүмүүс.

сэтгүүлч
