
Сайхан өвөлжиж байна уу. Сарын шинийн босгон дээр уулзаж байна. Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод 1.5 жилийн хугацаа өнгөрчээ?
Сайхан. Та сайхан өвөлжиж байна уу. Цаг хугацаа хурдан өнгөрч байна шүү. Миний бие Хан-Уул дүүргийнхээ иргэдийн итгэл сэтгэлийг өвөрлөн хууль тогтоох төрийн дээд байгууллагад орж ажиллаад хэдийн 1.5 жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. УИХ-ын гишүүний хамгийн гол ажил нь хууль батлах ажил байдаг. Энэ хугацаанд яг нийслэл хотод, дүүрэгт бэрхшээл болж байгаа асуудлуудыг шийдэх зорилгоор 2 хуулийн төсөл санаачлан батлуулсан. Мөн үргэлжлүүлэн 7 хуулийн төслийг санаачлан өргөн бариад байна.
Өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн парламент хоёр дахь Намрын чуулганы хаалтаа хийлээ. Энэ удаагийн намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна?
УИХ жилд хоёр удаа чуулдаг. Жил бүрийн 3-р сарын 15-аас 7-р сарын 1 хүртэл хаврын чуулган чуулдаг бол 9-р сарын 15-аас 12-р сарын 31-ний өдрийг хүртэл намрын чуулган чуулж хуралддаг. Өнгөрсөн намрын чуулган ширүүхэн болж өнгөрлөө. 2025 намрын чуулган 75 өдөр чуулж нийтдээ 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа. Ингэхдээ ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн баталсан. Тухайлбал, эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8,6 хувиар нэмэх улсын төсвийг хуульчлан баталсан. Цалин тэтгэвэр сэтгэлд хүрээгүй ч тодорхой түвшинд нэмэгдсэн. Багш нарын цалинг нэмэхдээ УИХ болон багш нарыг буруу мэдээллээр хангаж, үл ойлголцох байдал үүсгэсэн нь Боловсролын яамны алдаа. 2025 онд хоёр ч Засгийн газрыг огцруулах асуудал орж ирсэн, одоо байгаа тогтолцоог эргэн харах цаг болсныг харуулсан жил болсон.
Жагсаалтыг дахин харж үзэхгүй бол сонгогчдын хүсээгүй дүрүүд УИХ-д орж ирдэг. Хэтэрхий алс, Скандиновын орнуудын жишээг авч хэрэглэсэн. Монголын онцлогт тохирохгүй байх магадлалтай!
Одоо байгаа тогтолцоог эргэн харна гэсэн үг үү. Эсхүл Ерөнхийлөгчийн засаглалыг ярьж байна уу?
Үгүй үгүй. Би үргэлж парламентын буюу асуудлыг ганцаараа биш олуулаа ярьж шийддэг засаглалын талд байдаг. Сүүлийн үед юу харагдаж байна гэхээр. Одоогийн УИХ-ын сонгуулийн систем үргэлж олон намын хамтарсан засаг гарахаар бодож хийсэн систем юм байна. Үргэлж хамтарсан засаг байна гэдэг нь сөрөг хүчингүй, эргээд хариуцлага хүлээх эзэнгүй, Засгийн газар эсрэгээрээ тогтворгүй болох магадлал маш өндөр болдог юм байна. Жагсаалтыг бас дахин харж үзэхгүй бол сонгогчдын хүсээгүй дүрүүд Улсын Их хуралд орж ирдэг. хэтэрхий алс, Скандиновын орнуудын жишээг авч хэрэглэсэн. Монголын онцлогт тохирохгүй байх магадлалтай байна.

Тэгвэл яг ямар саналтай байна?
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тооны асуудал. Хоёрдугаарт, жагсаалтаар 126 гишүүний 40 хувь орж ирдгийг зогсоох. Азийн орнууд Япон, Солонгос зэрэг улс орнуудын парламентын жишгээр 10 хувь руу нь буулгах. Үнэхээр шаардлагатай хүмүүсээ 10 хувьдаа оруулж ирдэг байх ёстой. Ард түмнээс сонгогдоогүй Их хурлын гишүүн байж болохгүй. Ингэвэл бодитойгоор нэг нам олонхын суудлаа авч Засгийн газраа байгуулж, эргэн хариуцлагаа хүлээдэг болно. Бодитой бас сөрөг хүчин үүснэ!
Жагсаалтаар 126 гишүүний 40 хувь орж ирдгийг зогсоох. Азийн орнууд Япон, Солонгосын парламентын жишгээр 10 хувь руу буулгах нь зүйтэй!
Анх гишүүний тангаргаа өргөсний дараа хэлэхдээ “1000 хүртэлх хүн амтай хотхон, хорооллыг заавал улсын сургууль, цэцэрлэг төлөвлөх хуулийн төслийг батлуулна” гэх таны амлалт хий хоосон байсангүй?
Тиймээ. Миний хувьд дүүргийн түвшинд ажиллаж байсан учир тэнд бидний амьдралд ямар саад бэрхшээл байна, яг тулгамдсан асуудлуудаараа хууль санаачлахыг хичээж байна. Нэг ёсондоо мэддэг юмаа ярьж, түүнийхээ араас явах ёстой гэж үздэг. Тиймдээ ч бүрэн эрхийнхээ эхний 1.5 жилд бие даан болон хамтран санаачилж, боловсруулсан 15 орчим хуулийн төсөлд ажиллалаа. Гишүүний ажлаа авсан даруйдаа цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах үүднээс Хот байгуулалтын тухай хуулийн төсөл дээр шаргуу ажилласнаар 2025 оны 7 дугаар сарын 9-ний чуулганы хуралдаанаар хуулийн төсөл маань эцэслэн батлагдсан. Түүнчлэн Биокомбинат, шувуун фабрик орчмын голын ай сав дагуу зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хайрга дайрга олборлолтыг хориглох хуулийг санаачлан өргөн барьсан. Уг хууль батлагдсанаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал хангагдаж, голын ай савд нөхөн сэргээлт хийгдэх нөхцөл бүрдэнэ. Үүний сацуу 10 гаран хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллаж байна.
Саяхан шинээр Хот байгуулалтын бодлогын асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж таныг ахалж байна гэж сонслоо?
Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар Хот байгуулалтын ажлын хэсэг гарсан. Манай ажлын хэсэг Хот байгуулалтаар буюу нийслэл хотын асуудлаар “чөлөөлье” санаачилгын хүрээнд энэ салбарт ямар бэрхшээлүүд байгаа мөн бизнес эрхлэхэд төвөг болоод байгаа асуудлуудыг судалж, улмаар хууль санаачилж, богино хугацаанд батлуулахаар ажиллаж байна. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, судалгаа шинжилгээний ажлыг шат дараатай хийгээд явж байна. Тухайлбал энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт, ялангуяа шинээр баригдаж буй хотхон, хорооллын төлөвлөлтөд сургууль, цэцэрлэгийг заавал тусгах заалтын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, Монгол банкнаас хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл сонсож, санал солилцсон.
Иргэдтэйгээ эргэх холбоотой байж, эхлүүлсэн ажлынхаа ард “заавал” гарахыг эрмэлзэн ажиллаж байна!
УИХ-ын гишүүний чухал хариуцлагатай үүрэг бол тойргийн иргэдийн дуу хоолойг парламентын индэрт хүргэхэд “гүүр” нь болох. Мөн тэдэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд оршдог?
Тэгэлгүй яахав. УИХ-ын гишүүн хууль тогтоохоос гадна сонгогдсон тойргийнхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах үүрэгтэй. Миний хувьд хууль тогтоох дээд байгууллагад Хан-Уулчуудийн итгэлийг хүлээн орсноос хойш тойргийнхоо иргэдтэй тогтмол уулзаж ирсэн. 2026 оны 01 дүгээр сард гэхэд төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг оролцуулсан нийтдээ 26 удаагийн уулзалт хийсэн байна. Цагаан сарын дараа тойргийнхоо иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Цаашдаа ч тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хуулийн төсөлд тусгах санал санаачилгыг дэмжин ажиллана.
Хан-Уул дүүргийн хэмжээнд өрнүүлж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын тухай мэдээлэл өгнө үү?
2025 онд Хан-Уул дүүрэгт Засаг дарга байхдаа эхлүүлсэн ажлууд маань эхнээсээ ашиглалтад ороод дуусаж байна. Зөвхөн Боловсролын салбараар жишээ авахад Хан-Уул дүүрэгт 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 7 сургууль, 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Энэ жил буюу 2026 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр 15 сургууль, 8 цэцэрлэг, 3 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 14 байршилд 23.7 км хатуу хучилттай авто зам, 5 байршилд 4.6 км инженерийн дэд бүтэц шинээр баригдахаар төлөвлөгдөж байна.
Ирэх 2026 оны Хаврын ээлжит чуулганд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө тань юу байна вэ?
Энэ Хаврын чуулган нэлээд завгүй өнгөрнөө. Учир нь өргөн барьсан хуулиудаа олон нийтээр хэлэлцүүлнэ. Ахалсан ажлын хэсгүүдээ хариуцан ажиллаж үр дүнд хүргэнэ. Түүнчлэн тойрогт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.
XVII жарны сүрээр дарагч хэмээх морин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
сэтгүүлч
