
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь эрдэмтэн судлаачдын хувьд их хүлээлттэй байсан хууль.
Шинжлэх ухааны салбарын тодорхой чиглэлээр мэргэжлийн түвшинд судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагууд нь тендерт орохдоо тодорхой хэмжээний саад бэрхшээлтэй тулгардаг. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэж буй байгууллагуудаас Тендерийн хуулийн дагуу барьцаа хөрөнгө байршуулах шаардлагатай байсан бол уг хуулийн өөрчлөлтөөр энэхүү гүйцэтгэлийн баталгаа шаардлагагүй боллоо.
Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их, дээд сургуулиуд, яамд, газруудын эрдэм шинжилгээний байгууллагууд, Шинжлэх Ухааны Академийн харьяа хүрээлэнгүүд эрдмийн нөөц, хүний нөөц болон техникийн хүчин чадлаа ашиглан Төрийн болон орон нутгийн өмчийн газраас зарласан ажил үйлчилгээг чанартай сайн хийх боломж нээгдэж байна.
Ингэснээр гадагш урсах мөнгөний урсгалыг тодорхой түвшинд багасгах, дотоодын эрдэмтэн судлаачдын ажил, үйлчилгээ гүйцэтгэх боломж нэмэгдэхээс гадна хамгийн том ололт нь монгол эрдэмтэн судлаач, инженерүүдийн ажил гүйцэтгэх потенциал, ур чадвар нэмэгдэж буй явдал юм.
Бид мега төслүүдээ гадны компаниар гүйцэтгүүлж болно. Энэ бол бүтээгдэхүүн мөн үү мөн. Үүнийг үгүйсгэж үл болно. Гэхдээ хамгийн чухал нь тухайн бүтээгдэхүүнийг бүтээх чадвар монголд, монгол инженерт үлдэх ёстой. Загас бариулчихаад загасыг нь аваад үлдэх биш, загас барих арга ухаанд суралцана гэсэн үг.
Нэг ёсондоо эрдэмтэн судлаачдын оролцох бололцоог нээж, үүнд үндэслэн ур чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой хуулийн өөрчлөлт хийж чадлаа.
Мөн Судалгаа мэдээллийн нэгдсэн санг бий болгох эрх зүйн орчин бүрдэж байгаа. Өмнөх жилүүдэд хийгдсэн судалгааны төслийн тайлан, мэдээлэл Шинжлэх ухаан технологийн Үндэсний сан дээр төвлөрдөг. Харин ШУТС-ийн хөрөнгөөр хийгддэг төслүүдээс гадна харьяа яамдад техник эдийн засгийн үнэлгээ, судалгаа гээд маш олон ажлууд хийгддэг бөгөөд тайлан тус тустаа хадгалагддаг. Үүний сул тал нь ашиглалт маш бага. Харин Мэдээллийн нэгдсэн санг бий болгосноор эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, бизнесийнхэн ямар судалгааны ажил хийгдсэнийг нэг дороос олж авах бололцоо бүрдэж байна.
Орчин үед их өгөгдөл гэж ярьдаг болсон. Мэдээллийн бүрэн бүтэн байдал нэг дор байна гэдэг нь түүнийг ашиглалт сайжирна гэсэн үг. Инноваци, хиймэл оюун нь их өгөгдөлд суурилдаг. Хэдий чинээ өгөгдлийг зөв зохион байгуулна төдий чинээ эдийн засгийн эргэлтэд оруулах оновчтой шийдлүүд гарна. Энэ нь мөн л эрдэмтэн судлаачдын хүлээж байсан өөрчлөлт юм.