Байр суурь2 мин унших
М.Нарантуяа-Нара: Улс орны төлөө, иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй цөөхөн хэдэн гишүүд үнэхээр хүчин мөхөстөж байна
УИХ-ын чуулганы /2025.10.02/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгээс өмнө Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл завсарлага авах хүсэлтээ илэрхийлээд намынхаа гишүүдийг намынхаа хуралд суухыг уриалаад чуулганы танхимыг орхив.
Болж буй үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэв.
Хүнсний тухай хуулийн дэмжихээс өөр аргагүй. Монгол хүний эрүүл мэнд ялангуяа хүнсн ий аюулгүй байдал баталгаажсан хүнсний асуудлаас болж хүний эрүүл мэнд, дээсэн дөрөөн дээр байна. Монголын бүх эмнэлгүүд өвчтөнөөр дүүрэн байгаа нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Ийм чухал хууль хэлэлцэж байхад АН сөрөг хүчний ажлыг хурал хаях, завсарлага авах маягаар хийхгүй ээ.
Сөрөг хүчин хийх гээд байгаа юм бол өнгөрсөн 25 оны төсвийг мөлжихдөө АН-ын гишүүд өөрсдөдөө ашигтай байхаар тал талаас нь судалж мөлждөг билээ, яаж унагаах гэж мөлждөг билээ, түүн шигээ судалж орж ирээд төрөл бүрийн асуудлуудыг тавиад, мэтгэлцсэний ард хуулийг унагааж болно шүү дээ.
УИХ-д зарим гишүүд ямар сэтгэлтэй, эрх ашигтай ажиллаад байгааг Монголын ард түмэн мэдэж аваг.
АН-ын дарга нь ирцдээ орчихсон юм чинь гарцгаая, та нар яахаа өөрсдөө мэд гэж дарамтлаад өвч гарч байна. Хүмүүс хоорондоо улс төржиж болно. Гэхдээ Монголын ард түмний тулгамдсан асуудал Монгол төрийн ажил зогсолтгүй явж байх ёстой. Өнөө мөдгүй төрөх ч дөхчхөөд бэлцийтлээ хавагнаад сууж байна.
УИХ-д өчнөөн үнэгний арьс нөмөрч, өчнөөн уран яруу донгодож өчнөөн олон тэрбумыг зарлагадаж гарч ирдэг юм бэ. н.Баярцогт тэргүүтэй УИХ-ын гишүүд өнгөрсөн Монголын хүүхдүүдийн нийт өсвөр насны хүүхдүүдийн 18 тэрбум төгрөгийг ямар их мөнгө вэ гэж гасалж байсан хүмүүс энэ жилийн 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг боломжийн төсөв орж ирлээ шүү гээд өхөөрдөөд сууж байна.
Ямар үед нь 18 тэрбум төгрөг хүүхдүүдэд зарцуулахад асар их мөнгө болчхоод ямар үед нь 1,3 их наядын алдагдал нь өхөөрдөөд хайрламаар дүн болчхоод байгаа юм бэ гэдгийг гайхаж байна.
Улс орны төлөө, нийгмийн төлөө, үнэхээрийн иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй маш цөөхөн хүн байна. Тэр хүмүүс энд үнэхээр хүчин мөхөстөж байна.
Н.Номтойбаяр гишүүнд та хүнсний тухай хуульд үлдээд саналаа өгчхөөч гэтэл надад ямар хамаатай юм гээд гарч байх жишээний. Ингэж болдог юм уу?
Олон жил парламентад суусан С.Одонтуяа гишүүн яаж байна? Ирцэндээ орчихсон юм чинь гаргаая гэж байна. Ийм УИХ гэж ер нь юу байх вэ? Ийм УИХ-ын гишүүд гэж юу байх вэ? Монголчууд, Монголын иргэд, олон нийт, Монголын ард түмэн УИХ-д томилж гаргачхаад байгаа хэдэн хулгайч нар ажлаа хийхийг шаардах хэрэгтэй байна. Монгол төрийн ажлыг бүр ингэж явуулаад сурчихсан юм байна, гаршчихсан юм байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



