Үйл явдал2 мин унших
Б.Батцэцэг: Олон улсын харилцаа, гадаад орчны нөхцөл байдал хувирамтгай буй энэ үед хором мөч бүхэн үнэтэй

Одоохон...
Үйл явдал2 мин унших


Монгол төрийн ажил тасралтгүй байх ёстой. Тэр тусмаа олон улсын харилцаа, гадаад орчны нөхцөл байдал хувирамтгай буй энэ үед хором мөч бүхэн үнэтэй.
Манай улсын дотоод улс төр нэн ээдрээтэй өрнөж, Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан.
Гэвч энэ тогтоолын үндэслэл, батлагдах үйл явц Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүйг эрдэмтэн мэргэд, Үндсэн хууль судлаачид сэрэмжлүүлж байгаа. Монголын ард түмнээс сонгогдсон, үндэсний эв нэгдлийг сахиулах үүрэгтэй Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд уг тогтоолд хориг тавилаа.
Үндсэн хуулийг сахиулан хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц асуудлыг авч хэлэлцэхээ мэдэгдлээ.
Миний бие Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний хувиар давхар өргөсөн тангарагтай. Их түүх, эх орон, өв соёл, юугаар ч эс солих тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч, бахархаж ирсэн хүмүүжил, хувиршгүй итгэл үнэмшилтэй.
Улс төрийн шийдвэр, аливаа маргаантай асуудал зөвхөн хуулийн хүрээнд, тэр тусмаа Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зориг, эрх ашгийн илэрхийлэл болсон Үндсэн хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг байр сууриндаа бат зогсох болно.
Монголын төр, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн Сайдын хувьд гадаад бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдал, залгамж чанарыг тууштай хадгалж, ажил хэргээ тасралтгүй, шуурхай явуулж байна. Монгол төрийн хоймор ариун, алтан аргамж бөх байх болтугай.